Манай хүүхэд бүтэн өгүүлбэрээр ярьж чадахгүй байна. Яавал дээр вэ?
Сайн байна уу?
Манай хүүхэд одоо дөрвөн настай. Гэсэн ч бүтэн өгүүлбэрээр ярьж чадахгүй хэвээрээ л байна. Ийм тохиолдолд яавал дээр вэ?
Сайн байна уу?
Юуны өмнө хүүхдийн хэл ярианы хөгжлийн онцлогийг дурдвал:
- Гурван наснаас эхлэн хүүхдийн үгийн баялаг нэмэгддэг бөгөөд энэ үед хэл ярианд нь онцгой анхаарах, үгийг зөв тод хэлүүлэх хэрэгтэй.
- Хүүхэд голдуу 4 наснаас эхлэн тодорхой сэдвийн дагуу өгүүлбэрээр ярьдаг.
- 5-6 наснаас өөрийн хэл яриаг эрэмбэ дараалалтай мэдрэн ухаарч эхлэх бөгөөд улмаар ярианыхаа хэсгүүдийг ялгаж эхэлдэг.
Хүүхэд 4 нас хүртлээ аль нэг авиаг буруу буюу өөр авиагаар орлуулж эсвэл, гээж дуудах нь хэвийн үзэгдэл. Харин энэ наснаас хойш анхаарч, учир шалтгааныг нь тодруулж, арга хэмжээ авах хэрэгтэй. Харин шүдний оролцоотойгоор дуудагддаг с, ш зэрэг авиаг хүүхэд сүүн шүд солигдож дуусах хүртлээ дуудаж чадахгүй байх тохиолдол бий.
БҮТЭН ӨГҮҮЛБЭРЭЭР ЯРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ШАЛТГААН ЮУ БАЙЖ БОЛОХ ВЭ?
Хүүхэд бүтэн өгүүлбэрээр ярьж чадахгүй байгаа нь олон хүчин зүйлээс болдог. Тухайлбал:
- Аав ээж нь хүүхдийг хэт их эрхлүүлдэг,
- Хэлээ хазаж ярьдаг,
- Хэлж байгаа үгийг нь дэмжиж засаж өгдөггүй,
- Хүүхэдтэй тайван чөлөөт ярилцдаггүй,
- Цаг гаргадаггүй,
- Зурагтын өмнө ихэнх цагийг өнгөрөөдөг,
- Дандаа буталсан, зажлах шаардлагагүй хоол идүүлдэг,
- Мөн хүүхэд айдастай байж болно.
Хүүхэд ярьж сургахад харилцан яриа маш чухал. Ярилцангаа хүүхдийн ярих арга барилыг нь чиглүүлэх, буруу хэлсэн үгийг засаж өгөх зэргээр тухайн хүүхдийн хэл яриаг дэмжиж болох юм шүү.
- Хүүхэд багаас өдрийн ихэнх цагийг зурагт үзэх, утсаар тоглож өнгөрөөдөг бол бүрэн дүүрэн ярьж, өөрийгөө илэрхийлэх чадварт нь муугаар нөлөөлж, бүтэн өгүүлбэрээр ярихад хүндрэлтэй байдаг.
- Ээжүүд хүүхдийг хооллохдоо буталж өгдөг. Өгүүлэхүйн эрхтнүүдэд /хэл, уруул, дээд доод эрүү, зөөлөн тагнай, хатуу тагнай, түүш/ дасгал болохуйц хоол хүнс чухал ач холбогдолтой.
- Хүүхдийн айдас олон янз байдаг. Эвгүй хүн харах, зурагт телевизээс харсан аймшгийн кино зэргээс айж шөнө зүүдлэх нь бий. Аав ээжийн үл ойлголцол, гэр бүлийн таарамжгүй байдал, хүүхэд өөрөө ямар нэг таагүй орчин, харилцаанд байдаг бол өгүүлбэрийг гүйцээж чаддаггүй болж болно.
- Мөн хүүхдийг хэл заслын эмчид үзүүлэн тусламж авч зүгшрүүлж болно.
Зөвлөх: Н.Ариун-Эрдэнэ /Сэтгэлзүйч/
Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв