fbpx

Мэдээ, мэдээлэл

image

-Тэмдэглэл-

“Та сайн байна уу?” гэж хоолой нийлүүлэн зэрэг мэндчилээд монгол дууг тун ч эвлэгхэн дуулж, алгаа ташин, хөлөө урд хойноо тавин хөөрхөн гэгч нь бүжиглэх энэ хүүхдүүд өглөөний дасгалаа хийж байгаа нь тэр ажээ.

Энэ бол Өвөрмонголын нийслэл Хөх хотын Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг. Зөвхөн монгол хүүхэд элсүүлэн авдаг энэ цэцэрлэгээс бүхэлдээ монгол ахуй “үнэртэнэ”.

Дуу хөгжмийн танхимд өглөөний дасгал хийж байгаа нь

Хятад эцэг эхчүүд хүүхдээ өгөхийг хүсдэг ч сургалтын бүхий л хөтөлбөр монгол хэл дээр явагддаг.

Монгол гэж тодотгох учир нь энд хятад хүүхэд явдаггүй бөгөөд цэцэрлэгийн орчин нөхцөл сайхан учраас хятад эцэг эхчүүд хүүхдээ өгөхийг хүсдэг ч сургалтын бүхий л хөтөлбөр монгол хэл дээр явагддаг байна.

Өвөрмонголчууд монгол өв соёлоо эрхэмлэж, түүх, ёс заншлаа хойч үедээ өвлүүлэхэд ихэд анхаарч байдаг нь алхам тутамд л анзаарагдана.

Цэцэрлэгт хүүхдүүд монголоороо ярьж, монгол дуу бүжиг сурч, монгол ахуйтайгаа танилцана. Анги танхим, тоглоомын талбай, хичээлийн хэрэглэл, орчин нөхцөл нь мөн л монгол хэв шинжийг агуулсан байв.

Монгол ёс заншлын танхим

Өвөрмонголчууд “Ар Монголын сайхан зүйл нь юу гээч? Хөдөө ч бай, хотод ч бай хаана ч очсон монгол хэлээрээ ярих нь хамгийн сайхан” гэж билээ. 25 сая хүн амтай Өвөрмонгол орны 4 сая нь монгол үндэстэн учраас үндэстний цөөнх болсон тэдний хувьд монголоор ярьж, бичих нь тун чухал билээ.

Тиймдээ ч цэцэрлэг, сургуулийн наснаас нь хүүхдүүддээ түүх, нүүдлийн соёл, монгол ахуй, бичиг үсгээ танин мэдэх, уламжлалаа өвлүүлэн үлдээхийг чухалчилдаг ард түмэн ажээ.

Анги болгон монгол ахуй соёлын булантай

Есөн хөлт цагаан туг 

Монгол хүүхдүүд эрт дээр үед чулуугаар тоглодог байв

ӨДӨРТ НЭГ ХҮҮХЭД 18 ЮАНИЙН /6660 ТӨГРӨГ/ ҮНЭ БҮХИЙ ХООЛ ИДНЭ

1982 онд байгуулагдсан Хөххотын тус цэцэрлэг өмнө, хойд тойргийн гэсэн хоёр салбартай бөгөөд өмнө тойргийнхон 2016 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр энэхүү шинэ барилгадаа нүүн оржээ.

Хүүхдүүдийг гурван наснаас нь элсүүлэн авдаг бөгөөд бага, дунд, ахлах гэсэн нийт 22 бүлэгтэй, гурван давхар улсын цэцэрлэг юм

Хүүхдүүдийг гурван наснаас нь элсүүлэн авдаг бөгөөд бага, дунд, ахлах гэсэн нийт 22 бүлэгтэй, гурван давхар улсын цэцэрлэг юм. Есдүгээр сард анх цэцэрлэгт орсон бяцхан үрс хэдийнэ цэцэрлэгтээ дасаж уйлахаа больсон гэнэ.

Нийт  30  мянган мкв талбай бүхий энэ цэцэрлэг 1000 орчим хүүхэдтэй бөгөөд нэг бүлэгт 35-40 хүүхэд явдаг,  хоёр багш нэг асрагч ажилладаг байна.

Хөххотын Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгийн өмнө тойргийн дэд захирал Урлаг:

Цэцэрлэгийн дэд захирал Урлаг

Нэг сард нь үндэсний хувцас, дараа сард нь идээ ундаа, таван хошуу малаа танилцуулах зэргээр хүүхдийн насны онцлогт тохируулан хичээл явуулдаг.

“Бид хүүхдүүдэдээ багаас нь үг хэл, үсэг бичиг, өв соёлоо өвлүүлэхийг чухалчилдаг. Жишээ нь даваа гарагт монголоороо гоёх өдөр байдаг ба энэ өдөр цэцэрлэгийн багш ажилтнууд болон хүүхдүүд монгол дээлээ өмсөж, уламжлалт андай бүжгээ бүжиж бүтэн өдрийг үндэсний соёлын өдөр болгон өнгөрүүлдэг.

Тэгэхдээ нэг сард нь үндэсний хувцас, дараа сард нь идээ ундаа, таван хошуу малаа танилцуулах зэргээр хүүхдийн насны онцлогт тохируулан хичээл явуулдаг.

Өнгөрсөн жилээс эхлэн үндэстний соёлын сарыг зохион байгуулах болсон. Сар шинэдээ гэртээ харьж ирчихээд гуравдугаар сардаа “Монгол үндэстний өв соёлоо эрхэмлэн дээдэлье” уриан дор үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Түүнээс гадна хүүхдийн өдөр тутмын зөв дадал суулгах, амьдралын ухаанд суралцуулах орчин бүрдүүлсэн. Ингэснээр хүүхэд сургуульд ороход бэлтгэгдсэн байх юм” гэлээ.

Унтлагын өрөө

 Танин мэдэхүйн хэрэгслүүд

Цэцэрлэгийн өнцөг булан бүрийг хүүхдэд зориулан тохижуулсан байгаа нь

Анги танхим болгон нь зай талбай ихтэй, өргөн том байснаар хүүхдийн чөлөөтэй амьсгалах, эрүүл байх нөхцөлийг бүрдүүлж байна

Угаалгын өрөө

Тогооч болж хоол хийж тоглох булан

Өдөрт нэг хүүхдэд 18 юанийн /өнөөдрийн ханшаар 6660 төгрөг/ хоол өгдөг бөгөөд энэ мөнгийг эцэг эхчүүд төлдөг байна. /Ажлын 22 хоногт үржүүлэн тооцоолбол сард 396 юань буюу 146’520 төгрөгийг хүүхдийнхээ хоолонд зарцуулна/  Түүнчлэн цэцэрлэгийн зүгээс нэг хүүхдэд сардаа 550 юань /203’500 төгрөг/ зарцуулдаг гэж цэцэрлэгийн дэд захирал хэлсэн юм.

Биднийг очиход цэцэрлэгийн гадна талбайд хүүхэд, эцэг эхчүүдийг хамарсан спортын тэмцээн болж байлаа. Тэмцээнд эцэг эхчүүд өөрсдөө оролцсоноор тэдний хүүхдийн хүмүүжлийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үздэг байна.

Эцэг эхчүүдийн төлөөлөл Машсайн:

“Бидэнд хүүхэдтэйгээ цугтаа өнгөрүүлэх цаг зав тэр бүр байдаггүй. Хааяа гадаа авч гарахаас биш хүүхэдтэйгээ тоглоод байж чаддаггүй. Энэ уралдаан болсноор эцэг эхчүүд хоорондоо танилцаж, хүүхдүүд уралдаж, биеэ чийрэгжүүлэх ач холбогдолтой.

Тусгайлсан анги танхим, дугуйлангуудтай ба тоглоомын танхимдаа усан сантай.

Цэцэрлэгийн талаар ямар бодолтой байдаг талаар асуухад “Сэтгэл их ханамжтай байдаг. Хөх хотод хятад үндэстэн их олноороо тархан амьдарч байна. Монгол үндэстэн цөөхүүлээ. Тиймээс цэцэрлэгээс хүүхдүүдэд монгол соёл зан заншлаас их зааж өгч байна. Тэрэнд их талархаж явдаг” гэлээ.

Тус цэцэрлэг нь нийт 200 гаруй багш ажилтантай ба өдөрт 07:30-17:30 цагийн хооронд ажиллана.

Дуу хөгжим, монгол ёс заншил, бөх, ном, дүрслэх урлагийн гэх мэтчилэн найман төрлийн тусгайлсан анги танхим, дугуйлангуудтай ба тоглоомын танхимдаа усан сантай байлаа. Зарим анги танхимыг цэцэрлэг өөрсдийн нөөц хөрөнгөөр засаж тохижуулжээ.

Усан сантай тоглоомын танхим

Дулааны улиралд усан сангаа усаар дүүргэж хүүхдүүдээ тоглуулахын зэрэгцээ чийрэгжүүлдэг

Цэцэрлэгийн багш Сайнаа:

“Би 2014 оны есдүгээр сараас хойш дөрвөн жил энэ цэцэрлэгт ажиллаж байна.  Анх ажилд орохдоо хүмүүжлийн ажлын талаар төдийлөн сайн мэдлэггүй байсан бол бусад багш нараас суралцаж, гадуур сургалтанд сууснаар сүүлийн жилүүдэд сурган хүмүүжлийн талаар олон зүйл мэдэж авлаа.

Цэцэрлэгийн эрэгтэй багш манайд цөөхөн байдаг. Эрэгтэй багш өөрсдийн давуу талаа гарган ажиллах боломжтой. Жишээ нь би биеийн тамирын хүмүүжилд өөрийн онцлог давуу талаа гаргаж, хүүхдүүдээ хөгжүүлье гэж боддог. Эрэгтэй багштай хүүхдүүд илүү цовоо байгаа харагддаг” гэв.

Хүүхдүүдээ өдөрт хоёр удаа гадаа тоглуулж, тоглоомын аргаар тэдний биеийг чийрэгжүүлэх дасгалууд хийлгэдэг гэсэн юм.

Ийнхүү бидний монгол цэцэрлэгээр хийсэн аялал өндөрлөлөө. Цэцэрлэгийн орчны сонирхолтой загвар шийдэл, тохижилтыг хараад бид ч бас үлгэр дуурайл авч цэцэрлэгүүдээ яагаад ингэж тохижуулж, хүүхдүүдийнхээ сурч, хүмүүжих орчныг бүрдүүлж болохгүй гэж гэсэн бодол төрж байсан юм.

Цэцэрлэгийн орчин

Сэтгүүлч А.Наранцацрал

X
Нэвтрэх