fbpx

Ээж, аавуудад

image

Монгол Улс фэйсбүүк хэрэглэгчдийн тоогоор дэлхийн дунджаас 2.1 дахин, Ази тивийн улс орнуудын дунджаас 3.6 дахин их байна. 2017 онд Монгол Улсын 3.2 сая иргэний 1.7 сая нь фэйсбүүк хэрэглэж байсан бол 2018 оны эхээр 2.1 сая болон нэмэгдсэн гэх судалгааны дүнг Харилцаа холбооны зохицуулах хорооноос танилцуулсан. Мэдээллийн технологийн ололтыг ашигласан цахим хэрэглээ араасаа олон сөрөг үр дагавар авчрах болсныг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар.

Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон интернэт орчинд үйлдэж байгаа бусад төрлийн гэмт хэрэг 2017 онд 299 байсан бол 2018 оны эхний хагас жилд 279 бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс тав дахин өссөнийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлэв. Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчил, хүүхэд өсвөр насныхан өртөх болсон нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал.

Хүүхэд цахим орчинд өнгөрүүлэх цагийн хязгаарыг хүүхдийн насны онцлогт тохируулан 0-4 насны хүүхдэд цахим хэрэглээг хориглох, 5-10 насны хүүхдэд өдөрт 1 цагаас бага, 11-18 насны хүүхдэд өдөрт 2-оос бага цагийг дэлгэцийн өмнө өнгөрүүлэх стандарттай.

Интернэтийн хязгааргүй орон зайд хүүхдийн хараа хяналтгүй орхих нь худал мэдээлэлд төөрөгдөх, зохисгүй контент үзэх, гэмт хэргийн золиос болох, нүдний хараа муудахаас эхлээд эрүүл мэндийн эрсдэлүүд нэмэгдэх, хувийн мэдээллээ алдах, цахим гадуурхалд өртөх, хүчирхийлэл садар самууны золиос болох сөрөг үр дагавар ихтэй. Тиймээс улс орнууд цахим хэрэглээнд хязгаар тавих, цахим аюулгүй байдлыг хангах чиглэлээр бодлогоо тодорхойлон ажиллаж эхэллээ.

Тухайлбал, Австрали 2015 онд Хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах хуулийг баталсны дагуу Цахим аюулгүй байдлын зөвлөл байгуулжээ. Итали улс 2017 онд тавдугаар сард Цахим дарамтын эсрэг хууль баталснаар хүүхэд, эсвэр үеийнхнийг цахим орчны эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бүрдсэн байна.

Манай улсын хувьд Хүүхэд хамгааллын тухай хууль 2016 онд УИХ-аар батлагдсан ч цахим орчин дахь аюулгүй байдлын талаар хууль эрх зүйн тодорхой зохицуулалт хэрэгтэй талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн өгүүлэв.

Нийслэлийн нэгэн дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч есөн нас хүрээгүй хүү ээж, ааваасаа ухаалаг гар утас нэхнэ. Аав, ээжийн хэрэглэдэггүй нэг ухаалаг утас гэрт байдаг учир хүү тэр утсыг хэрэглэх сонирхолтой.

Хүүгийн ээж 2018 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг утас хэрэглэхийг хориглосон Засгийн газрын тогтоол гарсныг тайлбарлаж, хүүхдийнхээ цахим хэрэглээг хязгаарлах “гол бамбай” хийнэ. Гэвч хүү “Манай ангийнхан багшид харуулахгүйгээр ухаалаг гар утас хэрэглэдэг. Миний утсыг жаахан хүүхдийн утас гэж шоолоод байна. Тэгвэл би тэр утсыг нэг өдөр авч яваад ангийнхандаа харуулчихаад авчиръя” гэж хэлэх нь сургуулийн орчинд бага насны хүүхдүүд ухаалаг утас хэрэглэсээр байгаагийн нотолгоо биш гэж үү.

Сургуулийн орчинд хүүхэд ухаалаг гар утас барихыг хориглох нь хэрэглээг эрхэмлэх болсон орчин цагт хүний эрхийг хязгаарласан мэт боловч алс хэтдээ хүүхдийг цахим халдлага, донтохоос сэргийлэх чухал шийдвэр юм. Хүүхдүүд ухаалаг утас хэрэглэж байгаа эсэх хяналтыг багшаас илүү аав, ээжүүд тавьж, цаашид цахим орчны эрүүл зохист хэрэглээг төлөвшүүлж чадах билээ. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас (ITU) хүүхдийг насны ангиллаар хувааж интернэт ашиглах зөвлөмж гаргажээ. Хүүхэд цахим орчин, дэлгэцийн өмнө өнгөрүүлэх цагийн хязгаарыг хүүхдийн насны онцлогт тохируулан:

  • 0-4 насны хүүхдэд цахим хэрэглээг хориглох
  • 5-10 насны хүүхдэд өдөрт 1 цагаас бага
  • 11-18 насны хүүхдэд өдөрт 2-оос бага цагийг дэлгэцийн өмнө өнгөрүүлэх стандарт тогтоосныг томчууд мэдэх байх хэрэгтэй юм.

Монгол Улсад 10-аас дээш насны гурван хүүхдийн нэг нь фэйсбүүк хэрэглэдэг. Фэйсбүүк ашиглаж байгаа хүүхдүүдийн 47 хувь нь хоёр ба түүнээс дээш хаягтай.

Монгол Улсад 10-аас дээш насны гурван хүүхдийн нэг нь фэйсбүүк хэрэглэдэг. Фэйсбүүк ашиглаж байгаа хүүхдүүдийн 47 хувь нь хоёр ба түүнээс дээш хаягтай. Нийгмийн сүлжээнд анхаарал татах болсон худал мэдээлэл түгээх, бусдын нэр хүндэд халдах, эцэг, эхийн хяналтаас гадна байх хүслээ хүүхэд хуурамч хаягаар дамжуулан гүйцэлдүүлдэг.

Асуудлын мөн чанар, цахим орчны аюулгүй байдлыг танин мэдээгүй хүүхэд зүй бус мэдээлэл үзэх, гэмт хэргийн золиос болох эрсдэл эндээс үүдэлтэйг мэргэжлийн байгууллагаас анхааруулсаар байна.

Хүүхдийн цахим хэрэглээний зохист байдлыг хангахад эцэг, эхчүүдийн үүрэг оролцоо хамгийн чухал юм. Орчин цагийн томчууд хамгийн завгүй, хүүхэд завтай байгаа өнөөдөр ийм зүйл ярих үндсэн шалтгаан боллоо. Иймд хүүхдээ завгүй байлгахыг гаднын орнуудад томчууд анхаарч байна. Жишээлбэл, Швейцарьт хүүхдийг орой 19.00 цагт унтуулахыг зөвлөдөг бөгөөд энэ нь хэвшил болсон зүйл. Нөгөө талаас хичээлээс гадуур чөлөөт цагийг үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрүүлэхийг цахим хэрэглээг хязгаарлах, боломж гэж үздэг байна. Тиймээс төрөл бүрийн хэлний сургалт, спортын клубүүдэд хүүхдийг тогтмол хамруулдаг.

Манайд ч хүүхэд хөгжүүлэх төрөл бүрийн спорт, шатар, зохион бүтээх дугуйлан, хэлний сургалтууд гэх мэтээр төлбөр багатай сургалт, дугуйлангууд олноор байгуулагдсан. Хүүхдийнхээ чөлөөт цагийг үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрүүлэх сонголт өргөн байна. Мөн хүүхдээ тогтсон цагт унтуулж хэвшүүлэх Европын орнуудын тогтсон хэв маягийг амьдралдаа хэвшүүлэх нь хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө хийж буй энгийн бөгөөд маш чухал хамгаалалт юм.

Сэтгүүлч Э.Оргил

X
Нэвтрэх