fbpx

Хүмүүжил

image

Хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахад гардаг хүндрэлүүд буюу “Орчны хүмүүжил” гэж юу вэ?

Хүүхдийн хүрээлэн буй орчинд аав, ээж, ах, эгч, ойр дотнын хамаатан садан, айл хөрш зэрэг хүмүүсийн эрүүл харилцаа, жаргалтай гэр бүл, оршин суугаа газрын орчин, хүмүүсийн биеэ авч яваа байдал, гадна талбай, байгаль дэлхий, байгалийг бүрэлдүүлж буй мод бут, ус, агаар, амьтад хүртэл хамаарагдана. Тэр ч бүү хэл эхийн хэвлийд байхдаа авсан хүмүүжил ч чухал нөлөөтэй. Энэ бүхэн нь хүүхдийг өсөж торниход, зөв хүмүүжиж төлөвшихөд тодорхой хэмжээгээр эерэг, сөрөг нөлөө үзүүлж байдаг.

Жирэмсэн үед эхийн сэтгэл санааны байдал урагт маш их нөлөөлдөг

Ээж та өөртөө зохих бэлтгэлийг хийхээс гадна жирэмслэлт ба төрөлт нь эмэгтэй хүний бие махбод, сэтгэл санаа, гоо зүйн хувьд хамгийн эерэг хандлага үзүүлэх хэрэгтэй. Та орчиндоо хэрхэн өөрийгөө авч явахаас “Ураг”-т таны сэтгэл санааны мэдрэмж, дуу хоолой, хоол унд, нойрсолт, дасгал хөдөлгөөн, ямар орчинд явах зэрэг нь төрсний дараах хүүхдийн орчиндоо хэрхэн өөрийгөө авч явах дадал хэвшилд бодитойгоор нөлөөлж чадна.

Жирэмсэн болмогц биед шинээр боловсорч эхлэх дааврын нөлөөгөөр олон өөрчлөлт илэрч байдаг. Зан харилцаа өөрчлөгдөн, эелдэг, дөлгөөн, тайван болж, хөдөлгөөн эвлэг, тогтуун болдог. Зарим үед аливаа зүйлд амархан уурлах, бухимдах, баярлах гэх мэтээр сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй, эмзэг болох, уйламхай болох, мөн сэтгэлээр унах, айдас төрөх шинжүүд илэрнэ. Энэ өөрчлөлт эмэгтэй хүн бүрд адилгүй ч ээж та энэ харилцаагаа тогтмол барьж сурах хэрэгтэй. Үүний тулд стресс, уур бухимдлаа гадагшлуулах арга барилд суралцаж, хэвлий дэх урагтайгаа хаана юу хийх болон хаагуур явах талаараа тайлбарлан ярих, дуу чимээтэй орчинд явахдаа ургийг тайвшруулаарай. Эхийн хэвлий дэх ураг эхэсээр дамжин эхтэйгээ холбоотой байдаг шүү дээ. Ураг зовуурь мэдрэх, бие тавгүй байгаагаа харуулсан хариу үйлдлийг үзүүлдэг талаар ч эрдэмтэд баталсан нь бий.

Жирэмсэн эмэгтэйчүүд баярлаж хөөрөх, айж сандрах нь амархан. Хэт чанга дуу чимээ, хэрүүл, маргаан, тайван бус газар байх нь тэвчих аргагүйд хүрч байвал энэ нь урагт муу нөлөөтэй.

Дотроо хуримтлуулсан уур бухимдал, стресс хямралыг хянаж байдаг гормон илүү ихээр ялгарснаар хэвлийн судас нарийсаж, ургийн хүчил төрөгч багасаж, ураг тавгүйтдэг. Эхийн хэвлийд байхдаа мэдэрсэн муу бүхэн урт хугацааны турш үргэлжлэх нөлөөг зан төлөвт гүн суулгадаг. Мөн айдас, уур, үргэлжийн стресс нь урагт нөлөөлдөг. Эхийн зүрхний цохилтын байдал алдагдсанаар ураг тавгүйтдэг ба зүрхний цохилт нь түргэсдэг.

Урагт орчны зөв хүмүүжил олгохын тулд:

  • Ураг аав ээждээ хайрлуулж хамгаалуулж байгаагаа мэдрэх нь өөрөө эрүүл саруул бойжихоос гадна ирээдүйд бусдыг хайрлаж, хүндэлж сурна.
  • Ээж дуу чимээтэй, бохир орчинд явахаасаа аль болох зайлсхийх. Энэ нь ураг орчин тойрноосоо эерэг энерги аван тайван бөгөөд тогтвортой өснө.
  • Аав ээж урагтай ярилцаж байх нь ургийн хувьд аз жаргалтай байдаг ба  түүнийгээ хөдөлж илэрхийлдэг. Энэ нь ургийн өсөлт хөгжил, оюун ухаанд  эерэгээр нөлөөлдөг.
  • Ээж стресс ихтэй орчинд явахдаа сэтгэл зүйгээ сайтар бэлдэх. Орчноос ирэх дуу чимээнээс зайлсхийх, олон нийтийн хөл хөдөлгөөнөөс холуур явах, эмчийн үзлэгт явахдаа нөхөр болон бусдын туслалцааг авах хэрэгтэй. Ингэснээр ураг хамгаалагдсан мэдрэмжтэй болно.
  • Ээж хүмүүсийн гаргаж болох таагүй харилцааг урьдчилан таамаглах, түүнээс үүссэн стресс, уур бухимдлыг зайлуулах арга барилд суралцах нь зүйтэй.
  • Ээж сэтгэл санаагаа тайван байлгах нь чухал. Ямар нэг зүйлд гомдон шаналах нь ургийн хүмүүжил төлөвшилт, зан ааш, оюун ухаанд  муугаар нөлөөлдөг.
  • Урагт муугаар нөлөөлдөг дуу чимээ байдаг. 125-с дээш давсан децбиллийн дуу чимээ ургийг цочроож, тавгүйтүүлдэг. Тиймээс эх дуу чимээ багатай, тайван орчинд байх нь чухал ба элдэв янзын бичлэгтэй дуу дүрс, кино үзэхээс зайлсхийх нь чухал.
  • Ээж зохистой хөдөлгөөн, эрүүл хоолны дэглэмийг барих нь чухал. Жингээ зөв хэмжээнд барьж, тодорхой төрлийн дасгалууд хийж байвал стрессийн сөрөг нөлөөнөөс хамгаална.
  • Мөн жирэмсэн ээж эрүүл хоолны дэглэмийг барьж чадвал хүүхдэд зөв хооллох дадлыг хялбархан олгож чадна. Амттай хоол, хоолны зөв дадал хүүхдийн эрүүл мэндэд төдийгүй гоо сайханд сайнаар нөлөөлдөг байна.
  • Жирэмсэн ээж хорт зуршилтай хүмүүсээс хол байж, өөрт таагүй санагдсан газраас шууд явах нь зүйтэй. Хүүхэд сайн мууг ялгаж сурна.
  • Жирэмсэн ээж өөрийн сэтгэл санааг дэмжих зорилгоор урлаг уран сайханд дурлаж, уран зураг, хүний гараар бүтсэн гайхалтай бүтээлүүдийг үзэж сонирхож байх нь зүйтэй. Энэ нь хүүхдэд болон урагт гоо зүйн мэдрэмж суулгана.

profile

Зөвлөх: Н.Ариун-Эрдэнэ /Сэтгэл зүйч/

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх