fbpx

0-1 нас хүртэл

image

Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь олон төрлийн хүмүүжлийг өгч болно гэж та бүхэн уншсан билээ. Хүүхдийн хөгжлийг эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас анхаарах нь ургийн эсэн мэнд бойжих, түүнд тохирсон хүмүүжил, хөгжил нь насан туршийн амьдралд нь нөлөөлдөг гэдгийг та бүхэн мэддэг болсон.

Хүүхдийн хөгжлийн суурь төлөвшилт хүмүүжлийн гол нас нь 0-6 нас байдаг. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн өөр өөрийн орчинд өөр өөрийн аав ээжийн хүмүүжлийн арга барилаар хүн болдог. Хүүхдийн анхны орчин бол орон гэр, гэр бүл билээ. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөн торних нь чухал. Гэвч энэ бүхнийг аав ээж зааж, үлгэр дуурайлал болох нь чухал. Хүүхдийн орчны хүмүүжилд эцэг эхийн оролцоо хэдий чинээ их байх тусам тэд орчиндоо биеэ зөв авч явах дадал хэвшил тогтдог ба нийгэмших нь төдий чинээ сайн байдаг.

Хүүхэд амьдралынхаа эхний долоо хоногуудад аав ээжийн халуун дулаан хайр халамжид өсөн торнихоос гадна өөрийн хөдөлгөөн, дуу хоолойгоороо юу хэрэгтэй байгаагаа мэдэгдэж байдаг. Хүүхдийг уйлах, хөдлөх тоолонд ээж хүүхдээ юу хүсэж байгааг ойлгон хэрэгцээг нь хангаж чаддаг нь эх, хүүхдийн биологи-физиологийн холбоо юм. Ээж, хүүхдийн энэ холбоо нь хувь хүний төлөвшилт болон нийгмийн амьдралын үндэс болдог.

0-1 НАСНЫХАН ГАДНА ОРЧИНД

Бие засах болон хооллох дадлыг нялхаас нь зааж өгөөрэй.

Хүүхдийг гадагш авч гарна гэдэг хэцүүхэн зүйлийн нэг байдаг. Хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахад гардаг хүндрэлүүд аав ээжийн санааг багагүй зовоодог. Аав ээжүүд хүүхдийг авч явахаас зайлсхийн өвөө эмээ дээр нь орхин явах нь олонтаа. Гэвч хүүхэд орчиндоо биеэ зохистой авч явах хүмүүжил хоцрогдох тул энэ хүмүүжлийг аав ээжүүд маань тэдэнд төлөвшүүлэх нь зүйтэй. Олон нийтийн газар хүүхдийг авч явахад гардаг хүндрэлүүд дотор хүүхдийн хооллолт, бие засах зэрэг багтана.

Хүүхдийг багаас нь эрүүл хоолоор хооллох болон зөв бие засаж сурах, зөв дадал хэвшилтэй болгох хэрэгтэй. Хүүхдийг хаа хамаагүй газар, хэний ч хамаагүй гарнаас хоол идүүлж сургах нь буруу. Гэртээ зөв хооллож сурсан хүүхэд гадуур гарахдаа замбараагүй хооллодоггүй.

Мөн зөв бие засаж сурсан хүүхэд биеэ зөв авч явдаг ба хаана бие засаж болох, хаана болохгүйг мэдэж, өөрийгөө барьж сурахын зэрэгцээ үүнийгээ аав ээждээ мэдэгддэг.

ХЭРХЭН СУРГАХ ВЭ?

Нялх хүүхдийг бие засаж суртал нь живхтэй байлгаж болох ч цагаар тосож бие засуулах хэрэгтэй. Хэдхэн долоо хоногтой ч хүүхэд үүнийг сурдаг байна. Үүний тулд та түүнд уйгагүй цаг зарцуулах шаардлагатай. Эндээс хүүхэд нялхаасаа зөв бие засаж сурах болон биеэ хянах, өөртөө итгэлтэй, уйгагүй, тууштай зан нь төлөвшиж болох суурь тавигдаж болно. Тосож бие засуулах нь хүүхдийн давсагны үйл ажиллагааг сайжруулдаг. Живх нь хүүхдийг шээсээ хянаж сурах дал дээр муу талтай.

Нялх хүүхэд цагаар хооллож сурах нь мөн л зөв хооллолтын дадал хэвшил сурч авна. Эхлээд хүүхэд хоолоо нэхэж уйлах нь ойлгомжтой. Ээжүүд хүүхдийг өлсөөгүй байхад нь хооллох хандлага ажиглагддаг. Нялх хүүхэд ч хоолоо олж идэхийн тулд уйлах нь өөрөө хүч гаргах ёстой гэсэн ойлголтын суурь болдог.

Хүүхдийг төрсөн өдрөөс нь эхлэн зөв хүмүүжил олгох нь чухал бөгөөд хүүхэд ой хүрэхэд бусдын үйлдлийг дуурайдаг. Бага насанд бусдыг дуурайх нь их тул аав ээж энэ үед нь үлгэрлэж, зааж сургах нь зүйтэй.

Хүүхдээ ой хүрсэн ч гэсэн нялхад нь заасан зүйлээ үргэлжлүүлэх нь зүйтэй. Энэ нь хүүхдийг ямар ч орчинд аваад явсан, цаашид хүндрэл багатайгаас гадна хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж байна гэсэн үг.  Ихэнх хүүхэд хоол идсэний дараа, унтаж босоод, өглөөгүүр бие засдаг. Ээжүүд ч хүүхдийг хараад бие засах гэж байгаа нь мэддэг болно.

Хүүхдийг цагт нь хооллож, бие засуулаад гадагш нь авч явах хэрэгтэй. Тосуулж бие засаж сурсан хүүхэд дараагийн бие засах хүртлээ хангалттай хүлээж чаддаг. Бие засах зай хооронд та хүүхдийг салхилуулах, дагуулж явахад хялбар байх болно. Магадгүй бие засах хугацаа нь болсон бол та зориулалтын бие засах газрыг ашиглаад байж болно.

Эцэг эхчүүд хүүхдийг нялх гээд аяганд тосох зэргээр хаа хамаагүй газар бие засуулдаг. Ийм замбараагүй байж болохгүй. Суурин соёл иргэншил тогтсон хот газар бүх зүйлд өөрийн гэсэн зориулалт бий гэдгийг зааж, биеэ зохистой авч яван бусдын болон өөрийн орчноо хүндэтгэхийг багаас нь хүүхдэдээ сургаарай.

profile

Зөвлөх: Н.Ариун-Эрдэнэ /Сэтгэл зүйч/

X
Нэвтрэх