fbpx

Эрүүл мэнд

image

Салбарын яам болон импортлогч ААН-ийн хоороонд бага насны хүүхдийн дархлааг дэмжих зорилгоор шулуун гэдсээр лаа хийх нь сөрөг нөлөөгүй, нөлөөтэй гэх маргаан ид өрнөж байна. Иймд Gogo.mn уншигч та бүхэнд 2016 оны есдүгээр сарын 19-нд хүргэж байсан ярилцлагыг дахин толилуулж байна. 

Японы Гунма их сургуулийн доктор, хүүхдийн харшил судлалын эмч О.Солонготой хүүхдийн харшил болоод дархлааны талаар ярилцлаа. Тэрбээр “Анхдагч шуугиант амьсгалтай хүүхдийн шээсэнд лейкотриен Е4 тодорхойлсон нь” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Өөрөөр хэлбэл амьдралд анх удаагаа цээж шуугьж байгаа хүүхдийн шээснээс лейкотриен буюу харшил үүсгэгч бодис тодорхойлсон байна.

ЭЭЖ, ААВЫН НЭГ НЬ ХАРШИЛТАЙ БОЛ 50 ХУВЬ, ХОЁУЛАА БОЛ ХҮҮХЭД ХАРШИЛТАЙ БОЛОХ 75 ХУВИЙН МАГАДЛАЛТАЙ

-Харшил хэмээх өвчин том хүнд л хамаарахаа байж хүүхдүүдийг ээрч эхлэв. Хүүхдийн харшил гэж тусдаа ойлголт бий боллоо?
-Сүүлийн үед бүх нийтээр шарилжны харшилд өртөх тохиолдол ихэслээ. Бага насны хүүхдүүдийн харшил томчуудынхтай харьцуулахад хүндрэлтэй тусдаг. Учир нь харшил хөдлөхөөр хүүхдийн хоолой их хурдан боодог бөгөөд амь насанд нь аюул учирдаг. Их хүндрэл гарна. Арьсаар орсон халдвар байлаа гэхэд нүд, уруул нь бэлцийгээд хавдчихдаг. Жишээ нь дээр үед гуурсан хоолойн багтрааг хөгшин хүний өвчин гэдэг байсан бол өнөөдөр хүүхэд, залуучууд өвчлөх болжээ.

-Харшил залуужих болсон шалтгаан юу вэ?
-Хүүхэд төрөлхийн багтраатай байх нь ховор. Дийлэнхдээ ургамлын тоосны харшлаас үүдэн үүсэж байна. Ээж, аавын хэн нэгэн нь ургамлын тоосны харшил болон багтраатай бол 50 хувь, хоёулаа бол хүүхэд харшилтай болох 75 хувийн магадлалтай. Гэтэл томчуудын дийлэнх нь харшилтай болчихлоо. Тэгэхээр шинээр төрсөн хүүхдүүд ямар нэгэн эмзэгшилтэй л төрж байгаа. Үүний дээр хотжилтын нөлөө их. Ургамлын тоосонцрууд ихсэж байна. Мөн хүүхдийн дархлааны гажуудал үүсээд байгаа. Хүүхдийн дархлааг хоол, нойр, хөдөлгөөн гурваар л сэргээх боломжтой.

-Өнөөдөр хүүхдийн харшлын өвчлөлийн талаарх судалгаа байдаг уу. Хүүхдүүдийн хэдэн хувь нь харшилтай байгаа бол? 
-Монгол байгаа харшлын дийлэнх хувийг шарилжны харшил эзэлж байна. Оюунцацрал эмчийн судалгаагаар нийт хүн амын 67.5 хувь нь шарилж, 30.7 хувь нь луулины харшилтай байна гэжээ. Манай нэг эмч 82 хүүхдийн арьсанд сорил тавьж үзэхэд 86.6 хувь нь шарилжны харшилтай байсан аж. Тэгэхээр хүүхдүүдийн дийлэнх нь шарилжны харшилтай байгаа юм. 2014 оны Монголын харшил судлалын нийгэмлэгийн мэдээгээр том хүний 24 хувь, хүүхдийн 18 хувь нь ямар нэгэн харшилтай байгааг тогтоожээ.

ХҮҮХДҮҮД ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛД ДӨРВӨН ХАНАНЫ ДУНД ӨСДӨГ БОЛСНООС ХАРШИЛТАЙ БОЛОХ ЭРСДЭЛ НЭМЭГДСЭН

-Сүүлийн үед хүүхэд диатизтай төрж байна гэж ярих болсон. Энэ талаар?
-Сүүлийн үед хүүхэд харшламтгай төрж байна. Эцэг эхчүүдийн ярьж хэвшсэнээр бол диатизтай гэсэн үг. Энэхүү харшламтгай байдал даамжирснаар харшил бий болдог. Хүүхдүүдийн арьс салст улайж загатнан маажууртай болчихлоо гэдэг. Тэр болгоныг харшил гэж болохгүй. Юун түрүүнд ээж, аав нь харшилтай эсэхийг тогтоох хэрэгтэй.

-Зарим жилд харшил их хөдлөөд, зарим үед бага хөдөлдөг шалтгаан юутай холбоотой вэ?
-Шарилжууд мутацид орох буюу хувираад байна. Өнгөрсөн жил гайгүй байснаа дараа жил нь илүүтэй хөдлөх нь бий. Бид шарилжийг судлаагүй болохоор нарийн шалтгааныг нь сайн мэдэхгүй байна. Ямар нэгэн өөрчлөлт явагдаж харшил төрүүлэх шинж чанар нэмэгдэж байна гэж үзэж байгаа. Нөгөө талаас хүүхдүүд байгальтайгаа харьцахаа больсон. Ургамал, тоостой харьцахгүй байж байгаад гэнэт агаарт гарахаар харшилтай болчихдог. Өтөг бууцан дээр амьдардаг, ургамал тариалан эрхэлдэг айлд өссөн хүүхэд харшил тусах магадлал бага байдаг. Багаасаа харьцаад өссөн учраас хэр барагтай зүйлд харшилдаггүй. Гэтэл одооны хүүхдүүд жилийн дөрвөн улиралд дөрвөн хананы дунд л өсдөг болсон. Тэгээд агаар салхинд гарахаар тэрхүү ургамал ногоог дархлааны эсүүд таньж хүлээн авахгүй учраас мэдрэгшин харшиж эхэлдэг байна. Ургамлаас гарч буй тоосонцор биерүү нэвтрэхэд өмнө нь хүлээн авч үзээгүй учраас “Энэ юу вэ” гэж гайхаж байгаа чинь л харшил байхгүй юу. Дархлааны эс биед нэвтэрсэн гадны биетийг таньж хүлээн авдаг. Гэтэл харшлын тоосонцрыг өмнө нь харж байгаагүй учраас хамгаалах эд эсээ ялгаруулж идэвхтэй ажиллаж эхэлнэ. Хэт ажилласнаас нулимс гарч, бие загатнана. Тэгэхээр багаасаа ямар нэг байдлаар ургамал ногоотой харьцаж байсан бол харшил үүсэх нь ховор.

-Хүмүүсийн дунд дархлаа сул үед амархан харшилтай болдог гэсэн ойлголт буруу байх нь ээ?
-Тийм ээ. Буруу ойлголт. Харин ч гаднаас танихгүй тоосонцор орж ирэнгүүт биеэ хамгаалж идэвхжиж байгаа юм. Харшил гэдэг нь дархлааны эсийн хэт мэдрэг үйлдэл.

ХҮҮХДҮҮД ДАРХЛАА СУЛ, ҮРГЭЛЖ ХАНИАД ТОМУУНД ӨРТӨХ ГОЛЛОХ ШАЛТГААН НЬ НОЙРНЫ ДУТАГДАЛ

-Та түрүүн хүүхдийн дархлааг сайжруулахад нойр чухал нөлөөтэй гэж ярьсан? 
-Олон улсын жишигт хүүхдийн нойр, хоол, хөдөлгөөнийг дэмжиж дархлааг нь сайжруулахыг зөвлөдөг. Тиймээс хамгийн чухал алхам бол хүүхдийн нойрыг сайн авахуулах юм. Нойрсох хугацаанаас гадна унтах цагийг нарийн баримтлах нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл хүүхдийг тогтмол цагт унтуулж сургаснаар дархлааны эсийг идэвхжүүлнэ. Үдшийн 10.00 цагаас шөнийн 02.00 цаг хүртэл хүний биеийн дархлааны эсүүдийн идэвхтэй үйл ажиллагаа эхэлдэг. Тэр үед хүн амарч бат бөх нойр авснаар дархлааны эсээ идэвхжүүлдэг. Монгол эцэг эхчүүдийн дийлэнх нь оройтож унтдагаас хүүхдүүдээ дээрх цагуудад унтуулж чаддаггүй. Тэгэхээр Монгол хүүхдүүдийн дунд нойрны алдагдал их байна. Чи 10.00 цаг унтах ёстой гээд хүүхдээ унтуулаад өөрсдөө зурагт үздэг эцэг эх ховор. Дэлхий дахинд хүүхдээ 09.00 цагт унтуулахыг зөвлөдөг. Дунджаар ес, арван цаг унтаж байж хүүхэд хангалттай нойроо авч, дархлааны эсээ сэргээж чаддаг. Мөн шөнийн 09.00 цагаас хойш өсөлтийн гормон ялгардаг. Тэрхүү гормон нь дархлааны эсүүдийг идэвхжүүлж, стресс ядаргааг тайлдаг. Томчуудын хувьд энэ цагт унтсанаар хөгшрөлтийн явц удааширдаг байна.

-Маргааш нь хэчнээн нойр авсан ч нөхөж чадахгүй гэж үү?
-Маргааш нь амралтын өдөр учраас хангалттай нойроо авчихна гээд оройтож унтах хандлага хүмүүсийн дунд нийтлэг. Тэгвэл маргааш нь үд хүртэл унтлаа ч 10.00-02.00 цагт авах ёстой нойрыг харамсалтай нь нөхөж чаддаггүй байна. Монгол хүүхдүүд дархлаа сул, үргэлж ханиад томуунд өртөх голлох шалтгаан нь нойрын дутагдалтай холбоотой. Тиймээс хүүхдүүдээ эрүүл байлгахын тулд амар тайван нойрсох нөхцөлийг нь бүрдүүлж өгөөрэй.

-Тэгвэл хүүхдийн хооллолтод хэрхэн анхаарах вэ?
-Хүүхдээ эрхлүүлж, хайрлаж байгаа нь энэ гээд эцэг эхчүүд чихэр жимсээр хуурдаг. Уйлахад нь аргадах, урвайхад нь баярлуулах чихэр, хатаасан төмс, хийжүүлсэн ундаа зэрэг нь хүүхдийн дархлааны хамгийн аюултай дайсан. Учир нь эдгээрээр хооллосон хүүхэд хоногт авах ёстой илчлэг, тэжээлээ авч чаддаггүйгээс дархлаа сулардаг байна. Тиймээс хүүхдийн дархлааг дэмжих удаах хүчин зүйл бол хооллолтын дэглэмийг нарийн баримтлах юм. Хүүхэд уураг ихтэй хоол идэх ёстой. Гэхдээ уураг гээд дан мах идээд байж болохгүй. Уургийг ургамлаас буюу шош, вандуй, дүпү, өндгөөс авч болно.

Мөн А витамин хэрэглэх хэрэгтэй. Арьс салстыг ихээр хамгаалах учраас ханиад хүрэх нь багасна. Хүүхдэдээ А витамин өгөхийн сацуу лууван идүүлж, шүүсийг нь уулгаарай. Мөн С витаминаар баялаг хүнс өгөхийн сацуу төмс идүүлэх хэрэгтэй. Манайхны дунд төмсийг хүнсэндээ ихээр хэрэглэх нь муу, таргалуулдаг хэмээн “ад үздэг”. Гэтэл хүний биед шаардлагатай С витаминыг төмс өгдөг шүү дээ. Зуны улиралд витамин С-ээр хамгийн баялаг айраг, сүүний ээдмийг хүүхдэдээ идүүлж байх нь чухал. Хүүхдийг тогтмол цагт тогтмол хэмжээгээр буюу өдрийн гурваар хооллоорой. Үүнд өглөөний хоол нэн чухал шүү. Хүүхдэд хоол өгөхгүйгээр хичээл, цэцэрлэгт нь явуулдаг. Хоосон явснаас цөсний ялгаралт муудаж чулуу үүсдэг. Тиймээс нүүрс ус ихтэй гурилан бүтээгдэхүүнийг өглөө идүүлээрэй. Өглөөд хүйтэн юм уух муу. Дархлааны эс идэвхжүүлдэг учир халуун бүлээн шингэн уулгах нь зөв юм.

-Хүүхэд үргэлж л хөдөлгөөнтэй байдаг. Тэгэхээр түүний өдөр тутмын хөдөлгөөн дархлаа дэмжихэд хангалттай юу?
-Хүн хөдөлж, хүний бие идэвхжиж байж дархлааны эсүүд сэргэдэг байна. Хэвтсээр л байвал унтаад л байна гэсэн үг. Хүүхэд хамгийн багадаа 30 минутаас нэг цаг идэвхтэй хөдөлгөөнтэй байх ёстой аж. Тэд угаасаа л гүйж харайдаг биз дээ гэж асууж магад. Тэгвэл хүүхдийн өдөр тутмын хөдөлгөөн нь идэвхтэй хөдөлгөөнд ордоггүй байна. Тэгэхээр спортоор хичээллүүлж, гүйлгэж хөдөлгөөнтэй байлгах шаардлага эцэг эхчүүдэд тулгарч байна. Хүүхдийн хөдөлгөөнийг хамгийн идэвхтэй байлгах нэг арга бол дээс тоглуулах юм. Ханиад томуунаас сэргийлж үргэлж цовоо сэргэлэн байлгахыг хүсвэл хөдөлгөөнийг нь дэмжиж өгөөрэй. Мөн хүүхдийг боломжтой бол гадаа хөрсөн дээр тоглуулах хэрэгтэй.

ХЭТ ЦЭВЭРЧ БАЙДАЛ ХҮҮХДИЙН ДАРХЛААГ БУУРУУЛДАГ

-Хүүхдийн дархлаа бууруулах өөр хүчин зүйлс байдаг уу. Хэт цэвэрч байх нь хүүхдийн дархлааг бууруулдаг гэж ярих юм билээ?
-Эцэг эхчүүдийн хэт цэвэрч байдлаас хүүхдийн дархлаа сулардгийг тогтоожээ. Хүүхдийн гарыг байнга угааснаас биед байх ёстой ашигтай хэвийн бичил биетнийг устдаг байна. Зарим тохиолдолд ээж аав нар хүнсний ногоог ариутгагч бодисоор хүртэл угааж, гэрээ хэт зүлгэдэг… Энэ нь буруу. Тоос шороонд хүүхдийн авах ёстой ашигтай нян хүртэл байдаг. Хэвийн байх ёстой бичил организмууд устгаснаар хүүхдийн бие организмд сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл багаас хэт цэвэр орчинд өссөн хүүхэд өөр орчинд очихоор дархлааны эс уг орчныг танихгүй учир харшил үүсдэг байна. Хүүхдийг бүх зүйлээс хориглож цэмцгэр байлгаж байгаа нь нэг ёсондоо буруудаж байгаа юм. Харин элдэв бактери нянтай зүй ёсоор харьцаж дасгаснаар хэр баргийн зүйлд бие харшлаад байхгүй болдог.

-Хүүхдийн стресс дархлаанд хэрхэн нөлөөлөх вэ?
-
Том хүн л стресстдэг гэж бодож байна уу? Өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй таны хүүхэд ч бас стрессддэг шүү дээ. Томчууд ч яахав найз нөхөдтэйгөө ярилцаад бухимдлаа тайлчихна. Харин хүүхдүүд хэрхэн тайлахаа мэддэггүй. Тийм ч учраас биед хуримтлагдсан түүний бухимдал дархлааг нь сулруулдаг байна. Тиймээс хүүхдүүдтэйгээ үргэлж ярилцаж байгаарай.

-Дархлааны эс сайжруулах өөр сонирхолтой ямар арга байдаг вэ?
-Хоол идсэний дараа хоёр цагийн дараа 15-20 минут хэвтэж амарвал дархлааны эс идэвхждэг гэсэн сүүлийн үеийн үндэслэлүүд бий. Хоол идсэний дараа хоол шингээд өөх тосны задрал явагдмагц дархлааны эс байдаг лимпийн зангилаануудад очиж дархлааны эсийг идэвхжүүлэх юм. Тэгэхээр хүн суугаад зогсоогоороо байхад цусын урсгал гүйцэт эргэдэггүй. Харин хэвтээ байдалд байснаар цусны урсгал зөв эргэж дархлааны эсэд эерэгээр нөлөөлдөг. Тиймээс өдрийн хоолны дараа 1-2 цагт бага зэрэг амсхийж байгаарай.

ДАРХЛААГ НЬ ДЭМЖЬЕ ГЭВЭЛ ХҮҮХДИЙН ГЭДСИЙГ ЭРҮҮЛ БАЙЛГААРАЙ

-Эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүрэхээс өмнө юм уу дараа нь “Анаферон”, “Трансферфактор” зэрэг дархлааны бэлдмэл өгч, лаа хийдэг болчихож. Үнэхээр дархлааг нь дэмжиж чадах уу. Сөрөг нөлөө юу байх бол?
-Би эмч хүнийхээ хувьд дэмждэггүй. Хүний хэвийн байсан дархлааг механикаар засах гэж оролдоно гэдэг буруу. Сөрөг нөлөөтэй. Хүн хүний биеийн онцлог өөр шүү дээ. “Анаферон”, “Виферон”-ыг бол Орос, Монголд л хэрэглэж байгаа болов уу. Гадаадад эмч нар хэзээ ч хүүхдэд дархлааны бэлдмэл зөвлөдөггүй. Ерөөсөө хоолоороо л зохицуулахыг зөвлөдөг.

-Тэгвэл хавар, намрын улиралд хүүхдээ витаминаар “бөмбөгдөх” нь бий. Ер нь витамин хүүхдийн дархлааг сэргээгч гол хүчин зүйл байж болох уу?
-Витаминыг болж өгвөл хоол хүнсээрээ л авах хэрэгтэй. D витаминыг л гэхэд нарнаас авчихна. Том хүн наранд алгаа 5 минут ээхэд л өөрт шаардлагатай витаминаа нөхдөг. Харин хоол тэжээлийн доройтолтой, жингийн дутагдалтай, хоолонд муу, нэг төрлийн хоол иддэг, тухайлбал, мах гурилаа иддэг бол витамин хэрэглэж болно. Ингэхдээ жилийн дөрвөн улиралд шаардлагатай үед 1-3 сарын хугацаанд уух хэрэгтэй. Түүнээс бус хангалттай өдрийн гурван хоол иддэг, ногоогоор баялаг хүнс хэрэглэдэг бол заавал нэмэлтээр витамин уух шаардлагагүй. Зуны улиралд витаминаас татгалзах хэрэгтэй.

-Хүүхдийн дархлаа сул байгааг хэрхэн мэдэж болох вэ?
-Ханиад ойр ойрхон хүрдэг, баас нь тогтворгүй, үргэлж гүйлгэх шинж тэмдэг илэрвэл танай хүүхэд дархлаа сул байна гэж ойлгож болно. Хүүхдийн баасыг шинжих хэрэгтэй. Учир нь хүний дархлааны эсийн 70 хувь нь гэдсэнд үүсэж байдаг. Тэгэхээр гэдэс нь эрүүл бол хүүхдийн дархлааг хэвийн байна. Тиймээс бифидотой тараг, сүү, хивэг, хүч будаа, алим, зөгийн бал зэрэг ислэг ихтэй бүтээгдэхүүнүүд идүүлж байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч Г.Одгарав

X
Нэвтрэх