fbpx

Ээж, аавуудад

image

Монгол хүүхдүүдийн цахим хэрэглээ дэлхийн хөгжингүй орнуудын дунджаас дээгүүр гарсан нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас /ГБХЗХГ/ хийсэн судалгаагаар тодорхой болсон. Цахим зохистой хэрэглээнд суралцаагүй хүүхэд гэмт хэргийн золиос болох, залилан мэхлүүлэх, эрүүл мэндээрээ хохирох зэрэг сөрөг үр дагавар ихтэй. Иймд хүүхдийг цахим зохист хэрэглээнд суралцуулах, эцэг эхчүүд энэ тал дээр хэрхэн анхаарал тавих шаардлагатай талаар ГБХЗХГ-ын Хүүхэд хөгжил, хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалтай ярилцлаа. 

-Цахим орчинд хүүхдийн зохистой хэрэглээг хангах чиглэлээр хүүхдийн байгууллагууд хэрхэн ажиллаж байна вэ?
-Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Өсвөр үе ба цахим хэрэглээ-2018” сэдэвт судалгааг 21 аймаг, 9 дүүргийн 11-17 насны 2240 хүүхэд, 378 эцэг эх, 404 багш, нийгмийн ажилтнуудыг хамруулан хийсэн. Судалгаагаар 11-77 насныхны 92 хувь нь интернэт хэрэглэдэг нь тодорхой болсон. Энэ үзүүлэлтээрээ Монгол хүүхдүүдийн цахим хэрэглээ дэлхийн хөгжингүй орнуудын дунджаас өндөр байгаа юм.

Хүүхдийг цахим халдлагаас хамгаалах, зохистой хэрэглээг хангах нь зөвхөн хүүхдийн байгууллага төдийгүй бүхий л салбарынхан анхаарал хандуулах асуудал юм. ГБХЗХГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга нарын хамтарсан тушаал гарч “Мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр 28 ажил зохион байгуулахаар төлөвлөн, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Хүүхдэд хэдий чинээ багаас нь гар утас, таблет хэрэглүүлж дасгана, та хүүхдийнхээ оюуны хөгжлийг боомилж, хэн ч биш болгож байна гэсэн үг.

-Цахим хэрэглээг бүр мөсөн хориглохоос илүү зохистой хэрэглээнд суралцахад асуудлын гол нь байх шиг байна?

-Тийм ээ, цахим орчны эерэг болон сөрөг талууд аль аль нь бий. Гурван байгууллагын хамтарсан тушаалын хүрээнд эцэг, эх олон нийт хүүхдэд зориулж мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, цахим орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг аян, сургалт, лекц, зөвлөгөөний хэлбэрээр зохион байгуулж байна.

Монгол Улсын нийт хүн амын 35.8 хувийг хүүхэд /1.2 сая/ эзэлж байна. Улсын хэмжээнд гар утас хэрэглэгчид нийт хүн амын 99.7 хувь, нийт хүн амын 86 орчим хувь нь интернэт хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Нийт хүүхдийн 64 хувийг интернэт ашигладаг буюу 4-18 насны хүүхэд эзэлдэг. Цахим орчинд зөв эерэг мэдээллийг хэрхэн хүлээн авах вэ гэдэг ойлголтыг хүүхдэд өөрт нь олгох, мэдлэгжүүлэх нь илүү чухал байна.

-Манайд цахим орчин дахь хүүхэд хамгааллын эрх зүйн асуудлыг ямар хуулиар зохицуулж байна вэ? 
-Цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8-р зүйлд Хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг зохицуулсан. Тухайлбал, хуулийн 8.1-т Харилцаа холбооны зохицуулах хороо, цагдаагийн төв байгууллага хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана... гэж, мөн хуулийн 8.6-д Интернэтийн орчинд эрх эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд хүүхдэд зориулсан тусгай багцын үйлчилгээтэй байх бөгөөд үйлчилгээний гэрээ байгуулахдаа тухайн этгээдийн асран хамгаалалд 18 нас хүрээгүй хүүхэд байгаа эсэхийг заавал асууж, насанд хүрэгчдэд зориулсан тусгай сувгийн үйлчилгээг хэрэглэх эсэхийг тохиролцоно... гэж заасан.

Хуульчид, энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагуудаас цахим хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, хүүхэд эрсдэлд орох магадлал өндөр болсон энэ цаг үед дээрх хуулийн зохицуулалт хангалтгүй гэж үзэж байгаа. Тиймээс хамтарсан ажлын хэсгийн хүрээнд Цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулсан хуулийн төсөл боловсруулагдаж байгаа. Мөн интернэт болон цахим тоглоомын хэрэглээг зохицуулсан одоогийн журмуудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээг хянах технологийн боломжийг сурталчлан таниулах, гэрийн интернэт, гар утас, бусад технологи дээр нь эцэг эх хүүхдийнхээ хэрэглээг хянах боломжтой шүүлтүүрийн программ нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-Сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг хориглосон Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилт ямар түвшинд байгаа бол? 
-БСШУСЯ-наас хяналт тавих чиг үүрэгтэй. Энэ чиглэлд тодорхой үр дүн гаргах нь эцэг, эхчүүд хүүхдүүдээс шалтгаална. Ухаалаг утас хэрэглэхийг хориглосон нь хүүхдийн эрхийг зөрчлөө, хүүхэд эрин үедээ тохирсон технологийн болон өөрт хэрэгтэй өргөн мэдээллийг олж авах ёстой, хүүхэдтэйгээ би яаж холбогдох вэ гэх мэтээр санал, гомдлууд ирсэн. Гар утас хэрэглэхийг хориглоогүй, ухаалаг утасны хэрэглээг л хориглосон шүү дээ. Тэгэхээр хүүхэдтэйгээ холбогдох гэсэн харилцааг хаасан шийдвэр гараагүй гэдэг талаас нь бид тайлбар мэдээлэл өгч байгаа.

Технологийн түвшинд хүүхдээ хэрхэн хамгаалах вэ, садар самуун хориотой контентийг үзүүлэхгүй байх тал дээр эцэг эхийг мэдлэг чадавхтай болгох хэрэгтэй байна.

-Фэйсбүүк, инстаграммыг ашиглах насны хязгаарыг 13-аас дээш гэж заасан байдаг. Монголд ямар байна вэ? 
-Нийгмийн сүлжээг ашиглах хүүхдийн насны хязгаар тогтоосон боловч Монголд 11-12 насны хүүхдийн 70 хувь нь фэйсбүүк, 6 хувь нь инстаграмм ашиглаж байна гэсэн судалгааны дүн гарсан. Эндээс хүүхэд насаа нэмж тухайн сүлжээнд бүртгүүлж байгааг гэрчилж буй хэрэг.

-Цахим орчин дахь зохисгүй хэрэглээнээс болж хүүхэд хохирсон тохиолдолд танай байгууллагад ханддаг уу? 
-Манай байгууллагын дэргэдэх Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд энэ төрлийн дуудлагууд ирж байна. Ирсэн дуудлага мэдээлэлд анализ дүгнэлт, тандалт судалгаа хийдэг. Эндээс харахад хүүхэд ямар нэг байдлаар цахим орчинд доромжлуулсан, нэр төрд халдсан, зургийг нь аваад айлган, сүрдүүлсэн гэх цахим дарамтын шинжтэй дуудлага 2016-2017 онд 278 хувиар өссөн.

11-17 насныхан фэйсбүүкийг зонхилон хэрэглэдэг. Өсвөр насныхан буюу шилжилтийн насныхан зохистой мэдээллийг авахаас урьтаж эхэндээ таарсан бүх мэдээлэл рүү ордог. Бид хүүхэд, өсвөр үеийнхэнд зохистой хэрэглээний талаарх мэдээллийг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн сургууль, хүүхдийн зуслангуудаар дамжуулан тасралтгүй явуулж байна. Мөн асрамж халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдэд гэх зэргээр мэдээллийг өргөн хүрээнд явуулж байна. БСШУЯЦЕГ-аас ч үйл ажиллагаа зохион байгуулсан. Хүүхдэд мэдээлэл өгөхөөс гадна хүүхэдтэй ажилладаг багш, нийгмийн ажилтан, эцэг эхэд чиглэсэн ажлыг урьдчилан сэргийлэх хүрээнд нэг жилийн турш хийсэн.

-Хүүхэд цахим орчинд ямар мэдээлэлтэй тулгарвал аюултай мэдээлэл үзэж, эцэг эх болон хууль хяналтын байгууллагад хандах хэрэгтэй вэ? 
-Хүүхэд найзын хүсэлтийг ямар ч шүүлтүүргүйгээр шууд хүлээж авах, ямар нэг дарамт учирвал хаана хандахаа мэдэхгүй байна. Фэйсбүүкт шинэ найзтай боллоо гэхэд нэгдүгээрт хувь хүний нууцтай холбоотой хүүхдийн хаягийг асуух, зургаа явуулах хүсэлт тавих, биеийнхээ аль нэг хэсгийн зургийг явуулаач гэх мэтээр хувийг мэдээллийг сонирхож, хүсэж байвал аюултай гэж үзэх ёстой.

Энэ тохиолдолд аав ээж, асран хамгаалагчдаа, хүүхдийн тусламжийн 108 утсанд хандах ёстой. Хүүхдийг мэдлэг мэдээллээр хангах нь хамгийн чухал байна л даа. Нэг удаа зөвлөгөө, мэдээлэл өгчихөөд боллоо гэж үзэж болохгүй, тасралтгүй мэдээлэл өгөх хэрэгтэй. Нэг удаагийн мэдээллийг сонсоод хэсэг хугацааны дараа хүүхэд мартаж болно, мэдээлэл амархан хуучирдаг шүү дээ. Энэ талаар бидний одоо өгч байгаа мэдээллийн дагуу хүүхэд зөв дадал хэвшилд суралцана.

Орчин үеийн хүүхдүүд бол индиго, гоц чадвартай. Тэд аливаа зүйлийг амархан сурч, танин мэддэгээрээ хүн төрөлхтнийг гайхшруулсаар байна.

-Томчууд бага насны хүүхдэдээ гар утсаа өгөөд хүүхэд эндээс хүүхэлдэйн киногоо олоод гаргаж чадаж байна гээд ухаантайг нь бахдан ярих жишээ түгээмэл харагддаг. Энэ үйлдэл дээр Та мэргэжлийн хүний хувьд ямар хариулт өгөх вэ? 
-Орчин үеийн хүүхдүүд бол индиго, гоц чадвартай. Тэд аливаа зүйлийг амархан сурч, танин мэддэгээрээ хүн төрөлхтнийг гайхшруулсаар байна. Ийм хүүхдэд хэдий чинээ багаас нь гар утас, таблет хэрэглүүлж дасгана, та хүүхдийнхээ оюуны хөгжлийг боомилж, хэн ч биш болгож байна гэсэн үг. Мөн өөртөө төвөггүй байлгах, уйлахаас нь төвөгшөөж гар утсаараа тоглуулах тохиолдол түгээмэл байдаг.

Энэ зуршил, өөртөө амар хялбар байлгах гэж бага насны хүүхдэд гар утсаа өгдөг зуршлаас томчууд салах хэрэгтэй байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас (ITU) хүүхдийн насны ангиллаар хувааж интернэт ашиглах зөвлөмж гаргасан байдаг. Уг зөвлөмжид 0-4 насны хүүхдэд цахим хэрэглээг хориглох, 5-10 насны хүүхдэд өдөрт нэг цагаас бага хугацааг цахим орчин, дэлгэцийн өмнө өнгөрүүлнэ гэж заасан байдаг. Ингэж хүүхдийг багаас нь цахим зохист хэрэглээнд сургах ёстой.

-Та цахим зохимжтой хэрэглээний талаар эцэг эхчүүдэд хандаж ямар зөвлөгөө мэдээлэл өгөх вэ? 
-Цахим зохистой хэрэглээнд сургана гэхээр томчууд хүүхдийнхээ гар утсыг хураах, ор тас хориглоно гэж үзээд байна. Технологийн түвшинд хүүхдээ хэрхэн хамгаалах вэ, садар самуун хориотой контентийг үзүүлэхгүй байх тал дээр эцэг эхийг мэдлэг чадавхтай болгох хэрэгтэй байна. Хоёрдугаарт, танихгүй хүнээс найзын хүсэлт ирвэл заавал ээж, аавдаа мэдэгдээрэй. Үүний цаана аюултай гэмт хэргийн сэдэл байж болох тул хамтдаа шийднэ гэж ойлгуулж байх хэрэгтэй. Харилцаа холбооны зохицуулах хорооноос ekids.mn сайтаараа дамжуулан хүүхдийнхээ цахим зохистой хэрэглээг хангах чиглэлийн технологийн мэдээллүүдийг зөвлөмж болгон нийтэлдэг. Та хүүхдийнхээ хэрэглээг шууд хорихоос илүүтэй хүүхэдтэйгээ сайн ярилцаж зөвлөлдөөрэй.

Хүүхдэд ямар асуудал тулгамдсаныг хамтдаа шийдэхийг хичээе. Чадахгүй бол мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авъя гэх ёстой. Шууд хоригловол хүүхэд мэдээллээ нуусаар л байх болно. Бүх юм ил тод, харилцан ярилцдаг бол хүүхдэдээ тулгарсан асуудлыг шийдвэрлэх боломж томчуудад өөрсдөд нь байна. Нөгөө талаар манай эцэг эхчүүд өөрсдөө цахим хэрэглээний хараат болчихсон. Фэйсбүүк, Твиттер зэрэг нийгмийн сүлжээнүүдэд хэт автаж, хүүхэд, гэр бүлдээ цагаа зарцуулах нь багасаж байна. Ийм байхад хүүхэд “Надтай ярих биш дээ, хэлбэл намайг буруутгана даа” гэх мэтийн сөрөг хандлагууд бий болох гээд байдаг. Тиймээс томчууд өөрөөсөө үлгэрлэж, шаардлагагүй бол гар утсаа ашиглахгүй, зурагт үзэхдээ ч цензуртэй хандаж гэр бүлдээ аль болох амьд харилцааг бий болгоход анхаарал хандуулах хэрэгтэй юм.

Сэтгүүлч Э.Оргил

X
Нэвтрэх