fbpx

Хүмүүжил

image

Хүүхэд гэдэг хайр татам өхөөрдөм ч, зарим тохиолдолд үнэхээр уур хүргэж, тэвчээр барам. Хүүхдэдээ уурлаж, чанга дуугаран загнах, нудраад авах тохиолдол ч гардаг. Гэвч учраа мэдэхгүй нялх амьтныг зодож занчих, чанга дуугаар хашхичин хашрааснаар сайн үр дагавар гарахгүй. Харин амьдралын наана цааныг сайн мэдэхгүй хүүхдүүдтэй ухаан сууж, насанд хүрсэн эцэг эх та хэрхэн харьцаж, УУРАА ХЭРХЭН ДАВАХ вэ гэх мэдээллийг хүргэж байна.

ГАРЧ БОЛОХ ҮР ДҮНГ ӨӨРӨӨСӨӨ АСУУ
Юун түрүүнд хүүхдэдээ уурлаж зандрахын эхэнд дараах асуултыг өөрөөс асууж чадвал та өөрийн эрхгүй биеэ цэгнэх болно.

  • Уур гарсны дараа ямар үр дүн гарч болох вэ?
  • Танд уурлах хангалттай шалтгаан байна уу?
  • Та дараа нь харамсах юм биш биз?

АМАА ТАГЛА
Үг гэдэг бол таны амьдралд эерэг, сөрөг олон зүйлүүдийг дагуулж байдаг зүйл. Таны хүүхэд ямар нэгэн буруу үйлдэл хийх үед асуудалд сэтгэл хөдлөлөөр хандаж, бяцхан үрээ харааж загнан, уурлаж бухимдах нь энүүхэнд. Ийм үед таны амнаас гарч буй үгнүүд таны уур хилэнтэй шууд холбоотой. Иймээс хэрвээ уур чинь хүрэх гээд байвал зүгээр л хэсэг хугацаанд амаа тагла. Тэгэхгүй бол та дараа нь өөрийнхөө огцом гаргасан ааш авираас ичих, гэмших хэрэг гарна.

ТАЙВШИРСАН ХОЙНОО УУРАА ИЛЭРХИЙЛ
“Эрүүл ухаан”-тай болмогцоо асуудлыг шийдэхийг оролд. Асуудалд хандаж байгаа өөрийнхөө байр суурийг, мөн яг одоо юу хэрэгтэй байгаагаа тайвширсныхаа дараа хүүхдэдээ хэл. Гэхдээ ширүүнээр гэсэн үг биш. Хүүхэд ч бас хүн учир өөрийгөө хамгаалах төрөлхийн зөн совин байдаг болохоор шийдвэр гаргахыг хүсэж байвал та буулт хийгээрэй.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ УДИРДАХ ШИНЭ АРГА ЗАМУУДЫГ ОЛОХ
Эцэг эхчүүд тус болохгүй байгааг нь мэдсээр байж хүч хэрэглэх аргаа хэрэглэсээр л байдаг. Хэрэв та хүүхдэдээ уураа гаргах, гар хүрэхээс зайлсхийх шинэ арга замуудыг олбол энэ танд тайвшрахад тус болно. Тухайлбал:

  • Холдох. Хэрвээ уур чинь хүрч, зүрх чинь дэлсэж, нүд чинь харанхуйлж, чих чинь юм сонсохоо болиод ирвэл шууд л хүүхдээсээ холд. Битгий бод. Битгий үйлдэл хий. Нөхцөл байдлаас өөрийгөө шууд тасал. Та өөрөөсөө хайр халамж уу эсвэл уур хилэн үү гэж асуу. Мэдээж хайр халамж учир та уураас өөрийгөө хол байлгана.
  • Гүнзгий амьсгал авах. Гүнзгий амьсгалах нь таны оюун санаа, бие махбодыг амрааж, төвийг сахихад тусална. 10 хүртэл тоолох арга зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан юм биш. Иймээс уурлаж, түгших үед хамгийн эхэнд авах арга хэмжээ бол тайвшруулах амьсгалын дасгал юм. Гүнзгий амьсгал авах дасгалыг хаана, хэзээ ч хийж болно гэдгийг сана.
  • Алхах, гүйх, спортоор хичээллэх. Эцэг эх та уураа барьж чадахгүй байвал гарч гүйгээрэй. Биеийн эрчимтэй хөдөлгөөн нь тархинаас аз жаргалын даавар ялгарахад тусалдаг учир тайвшруулж чаддаг.

ХҮҮХЭД ТАНЬ ЗҮЙ БУСААР ХАРИЛЦСАН ТОХИОЛДОЛД УЧИР ШАЛТГААНЫГ НЬ ОЛОХЫГ ХИЧЭЭ
Ихэнх эцэг эх хүүхдээ өөртөө захирагдах, дасан зохицохыг шаарддаг. Тэгээд хэлсэн, шаардсаныг нь биелүүлээгүй тохиолдолд хүүхэд буруутан болно, үүний төлөө шийтгэл ч хүлээнэ. Эцэг эхийн хүүхэд хүмүүжүүлэхдээ баримталдаг иймэрхүү хандлага, төсөөлөл хүүхдийн сэтгэл санаанд нийцэхгүй байх нь хоорондоо ойлголцохгүйд хүргэдэг. Гэхдээ хүүхдэдээ уурлахаасаа өмнө хамгийн түрүүнд үүний учир шалтгааныг олохыг хичээгээрэй.

СЭТГЭЛЭЭ НЭЭХ НАЙЗТАЙ БОЛОХ
Хүүхэд өсгөх талаар зөвлөгөө өгөх найзтай болоорой. Хүүхэд тань буруу үйлдэл гаргасан эсвэл таны уурыг хүргэсэн гэх зэргийг найзтайгаа хуваалцан энэ үед хэрхэн биеэ авч явах талаар зөвлөгөө аваарай. Гэхдээ үүнийг зуршил болгох хэрэггүй. Учир нь танай гэр бүлийн харилцааг хэтэрхий илэн далангүй болгох нь зохимжгүй.

ХҮҮХДЭЭ ЗӨВ ХАЙРЛААРАЙ
Хүүхдэд дэг журам хэрэгтэй боловч энэ нь шийтгэлийн хэлбэрээр байж болохгүй. Тайван, шударга арга замаар дэг журамд суралцах боломж олгох нь тэдэнд хайртайгаа илэрхийлж  байгаа хэрэг юм. Хүүхэд буруу зүйл хийх гэж байгааг урьдаас мэдвэл хийхээс өмнө нь сануулж, сайн үйл хэргийг нь магтаж урамшуулдаг байх хэрэгтэй.

ЕРТӨНЦИЙГ ХҮҮХДИЙН НҮДЭЭР ХАРААРАЙ
Нэг удаа ч болов өөрийгөө хүүхдийн нүдээр хараарай.  Хэрэв хүүхэд тань ямар нэгэн зүйл хийвэл нэг удаа ч болов түүнийг нь засахгүй, заахгүй, ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй, нэг л удаа сонсоод, хүлээгээд үзээрэй. Магадгүй та энэ бүхнээс гайхалтай сайхан санаа авч болох юм.

X
Нэвтрэх