fbpx

Хүмүүжил

image

Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд орсон цагаас нь хичээл сурлагад л анхаарсаар бага наснаас өсвөр насанд шилжин өөрчлөгдөнө гэдгийг нь анхаардаггүй.

Шилжилтийн насанд бий болдог дараах ОНЦЛОГ ШИНЖҮҮДийг анхаараарай. Үүнд:

  • Энэ насанд хүүхдийн хувьд найз нөхдийн холбоо маш чухал.
  • Найз нөхдийн дарамт шахалт энэ насанд нэгэн шинэ үзэгдэл болж хүүхдэд тань сөргөөр нөлөөлөх вий гэдгийг ямагт анхаар. Гэхдээ тунг нь хэтрүүлж алхам тутмыг нь хянах хэрэггүй.
  • Хүүхэд үеийн нөхдөдөө хүлээн зөвшөөрөгдөхийн тулд эцэг эхийнхээ таашаахгүй зүйлийг хийх явдал олонтаа гардаг.

Шилжилтийн насны хүүхэдтэйгээ ойлголцоход тань дараах ЗӨВЛӨМЖҮҮД тусална хэмээн найдаж байна.

  • Эцэг эхчүүд хүүхдээ зөв шийдвэр гаргах мэдлэг чадвар хараахан эзэмшээгүй гэж боддог ч энэ насны хүүхэд аав ээжээсээ үл хамаарч бие даахын хүсэлд автсан байдаг. Тэдний хүсэл сонирхлыг хүндэтгэн сонсож байгаарай.
  • Хүүхдийн бие махбодын өөрчлөлт зарим талаар зан араншинд нь нөлөөлдөг гэдгийг мартуузай. Ээжүүд жирэмсэн болсноор сэтгэл хөдлөл өөрчлөгдөж байгаа гэдгээ мэдсэн хэр нь хянахад хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл жаахан үр тань дааврын өөрчлөлтөд бүр л эмзэг өртөнө. Тэгэхээр ойлгомжгүй авир гаргах үед нь хүлээцтэй хандах нь өөрийгөө ч ойлгохгүй байгаа тэдэнд маш их тус болж байна гэсэн үг.
  • Хүүхэд өөрийгөө аав ээжийн бяцхан үр гэхээс илүү бие даасан нэгэн гэж мэдэрдэг тул найзуудтайгаа байхыг илүүд үзнэ. Тэр үед аав ээжийн уран нарийн аргаар аюулгүй байдал, цаг төлөвлөлт зэрэгт нь зориулж зарим зөв дадал суулгахад анхаараарай. Байгаа газраа, хэнтэй хамт яваа зэргээ хэлдэг, эрсдэл тохиолдсон үед хаанаас тусламж гуйхаа мэддэг байх нь хэн хэний сэтгэлд амар.
  • Аав ээжийн санаа бодлыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдол гарч эхлэхэд хүүхдээ битгий хатуугаар зэмлээрэй. Тэд бие хүн болон төлөвшиж эхэлж байна шүү дээ. Тэвчээр алдсан үедээ өөрийн өсвөр насны дэггүйтлүүдээ эргэн санаж болох юм.

Эрхэм ААВ, ЭЭЖ та хүүхдийнхээ бие даасан байх гэсэн хүсэл тэмүүллийг нь хүндэтгэхийн зэрэгцээ аюулгүй байдлыг нь хангахын тулд хүүхдэдээ цаг гаргаарай.

Эх сурвалж: Хүмүүжлийн эерэг аргууд

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх