fbpx

Эрүүл мэнд

image

Жилээс жилд хүрээгээ тэлсээр байгаа агаарын бохирдол

  • 10-аас дээш жилийн насжилттай 458 мянган тээврийн хэрэгсэл
  • Жилд 4.9 сая тонн нүүрс хэрэглэж байгаа гурван цахилгаан станц
  • 365 хоногт 0.7 сая тонн нүүрс хэрэглэж байгаа гэр хорооллын 202 мянган өрх
  • Жилд 0.3 сая тонн нүүрс хэрэглэж байгаа аж ахуй нэгж байгууллагын 3200 орчим уурын зуух зэргээс үүсдэг.

Энэхүү бохирдолд насанд хүрэгчдээс илүүтэй хүүхдүүд хамгийн их өртдөг байна.

Үүний шалтгаан нь,

  • Хүүхдийн уушги хөгжиж байгаа
  • Хүүхэд насанд хүрсэн хүнээс илүү давтамжтай амьсгалдаг.
  • Хүүхдийн дархлалын тогтолцоо бүрэн хөгжөөгүй.
  • Гадаад орчинд олон цагийг өнгөрүүлдэгтэй холбоотой юм.

Нөгөө талаас нийслэлд ӨГЛӨӨНИЙ 07.00-12.00 ЦАГ хүртэл ОРОЙНЫ 16.00-24.00 ЦАГИЙН хооронд агаар хамгийн их бохирдолтой учраас энэ үеэр хүүхдүүдээ гэрээсээ гаргахгүй, салхилуулахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Гэсэн ч хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгтээ явах, гэртээ харих цаг нь яах аргагүй энэ гамшгийн үетэй давхцдаг учраас бага насныхан агаарын бохирдолд хамгийн ихээр өртдөг байна.

Манай улсын хувьд утаатай 20 гаруй жил тэмцэж байгаа ч өнөөдрийг хүртэл дорвитой шийдэлд хүрээгүй учраас иргэд өөрсдөө үр хүүхдээ хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч буй юм.

Юун түрүүнд дээрх цагуудад хүүхдээ гадагшаа авч гарахгүй байх, салхивчаа нээхгүй байх хэрэгтэй. Мөн дараах зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлээрэй. Тухайлбал,

  • Утаатай үед ойрхон зайнд явган алхах, нийтийн тээврээр зорчих,
  • Хүүхдийг замын ойролцоо тоглуулахгүй байх,
  • Сүү цагаан идээ гэх мэт илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж, биеийн дархлаагаа дэмжих,
  • Анги танхим, орон гэрийг агааржуулж хэвших,
  • HEPA шүүлтүүртэй агаар шүүгчийг хэрэглэх,
  • Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх,
  • Шаардлагагүй үед гэрэл, цахилгаан хэрэгслээ унтрааж хэвших,
  • Хог хаягдлаа ангилан цуглуулж өдөр бүр хогийн цэгт хаяж хэвших
  • Тамхины утаанаас хол байх
  • Өөрийнхөө хажууд хэн нэгнийг тамхи татахгүй байхыг шаардах
  • Машинаар зорчих үедээ салхивчаа онгойлгохгүй байхыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөж байна.

Мөн агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1.5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдаж, тунах магадлалтай байдаг тул өвлийн улирал болон тодорхой цагуудад гадуур гарахдаа бага насны хүүхдээ тэвэрч хэвшээрэй.

Харин амралтын өдрүүдэд хотоос гарч 12.00-15.00 ЦАГУУДАД хүүхдийнхээ уушгийг баярлуулах нь хамгийн зөв алхам билээ.

X
Нэвтрэх