fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

АСУУЛТ: Сайн байна уу? Манай охин 6 настай л даа. Гэтэл маш их ууртай. Зүгээр байж байгаад л уйлна. Хувцсаа өмсөхдөө ч уурлаад л... Яавал дээр вэ? Нөхөр бид хоёр бүр аргаа бараад байна. Манай ганц хүүхэд л дээ. Энэ жил нэгдүгээр анги. Бид уурлаж хэлнэ, гуйж хэлнэ. За гэчхээд л төд удалгүй мартчихдаг. Дахиад л нөгөө зангаа гаргана. Яавал дээр вэ? Зөвлөгөө өгөөч.

Хүүхэд олон янзын шалтгаанаас болж уурладаг

Хүүхэд уурлаж, аашилж байгаагийн гол шалтгаан нь аав ээж өөрсдөө байж болно. Уурлаж байгаа шалтгааныг нь олох хэрэгтэй. Аав ээж хүүхэд хүмүүжлийн тал дээр арга барил дутагдалтай байж болох ба тэдний зөв хандлагаар энэ асуудал засагдаж болно. Хүүхдийг ууртай, ааштай гээд байвал үүнд итгэж, өөрийгөө ууртай ааштай гэж итгэсэн хүүхэд мөд засрахгүй.

Хүүхэд ууртай болоход нөлөөлдөг зарим хүчин зүйлс:

  • Аав ээж хоёр хүүхдийн хажууд үргэлж уурлаж, стресстдэг, хоорондоо харилцааны таагүй уур амьсгалтай байх,
  • Хүүхэд ямар нэг хүчирхийлэлд өртвөл ууртай болж, ааш нь эвдэрдэг,
  • Хуримтлагдсан эрч хүчээ гадагшлуулж чадахгүй бол уурладаг,
  • Эцэг эх нь хүүхдээ ямар нэгэн буруу үйлдэл хийх үед нь сөрөг сэтгэл хөдлөлөөр хандаж, хүүхдийг уурлаж загнадаг байж болно.
  • Айлын ганц хүүхэд өөр дээр нь төвлөрч байсан анхаарал халамж багасах үе бухимддаг,
  • Аав ээж хүүхдээ багад нь ч, өсөж торнисон хойно нь ч байнга удирдаж, бүх зүйлийг нь зааварлаж, өөрийн эрхээр байлгах гэж хичээдэг байж болно. Ингэж өссөн хүүхэд өөрийн үзэл бодолгүй, бусдын нөлөөнд амархан ордог ба өөрийг нь ойлгохгүй бол уурлаж, уцаарлана.
  • Орчин солигдох үед хүүхдэд таагүй мэдрэмж төрж бухимддаг. Тухайлбал хүүхдийг цэцэрлэг болон сургуульд орохоос нь өмнө сэтгэл зүйг нь бэлдээгүй байж болно. Хүүхдэд цэцэрлэгийн сэтгэл зүйн бэлтгэлийг нь сайн хийсэн бол сургуулийн бэлтгэл ч асуудалгүй байдаг. Хүүхдэд сургуульд яагаад суралцах талаар ойлгуулж, багш гэж хэн, гэрийн даалгавар яагаад хийх ёстой гэх мэтээр сургуулийн орчинтой танилцуулах зэрэг сэтгэл зүйн бэлтгэл хийх явдал маш чухал.

ЗӨВЛӨГӨӨ:

  • Яагаад уурлаад байгаа шалтгааныг тодруулах хэрэгтэй. Мэргэжлийн хүнд хандаж болно.
  • Хүүхдийн гэр бүлийн орчинг тайван байлгаарай.
  • Хүүхдэд аливаа юмыг зааж өгөхдөө өөрөө үлгэрлэн үзүүл. Хүүхдийг загнаж, зандарч болохгүй. Уурлах, уцаарлах байдал огт гаргаж болохгүй. Хүүхдэдээ юмыг уурлаж заадаг бол үүнийгээ бүр больсон нь дээр. Учир нь хүүхэд ууртай хүний үгэнд орохоо больчихдог.
  • Хүүхдийг уурлахад нь адилхан уурлах биш тайван байж, ярилцаж, сонсон, тэврээрэй.
  • Хуримтлагдсан эрч хүчийг нь гадагшлуулах хэрэгтэй. Хүч шаардсан тоглоом хамтдаа тоглох. Хөөцөлдөж тоглох, элсээр тоглуулах гэх мэт арга хэрэглэж болно.
  • Аав ээж өөрсдөө уурлаж, уцаарладаг бол хүүхэд яг дуурайдаг. Ийм байдлаа хүүхдэд үзүүлэхээс татгалз.
  • Хүүхдэд хүнд зүйл тохиолдвол бас уурладаг. Хайртай тоглоомоосоо салах, хаях, хэн нэгэн дотно найз нүүх. Тийм бол найзтай нь уулзуулах, хамтдаа явж тоглоом авах гэх мэт арга хэмжээ ав.
  • Аав ээжийн анхаарлыг татах гэж уурладаг байж болно. Магадгүй аав ээжийн хоорондын зарим харилцаа уурыг хүргэж болно. Хамт унтах, аавыг ээжээс харамлах гэх мэт.

Та бүхэн мөн мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө аваарай.

profile

Зөвлөх: Н.Ариун-Эрдэнэ /Сэтгэл зүйч/

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх