fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Аав ээжүүд боловсролын байдлаасаа үл хамааран 70-80 хувь нь хүүхдэд гар хүрдэг бөгөөд “Бид өөрсдөө зодуулж өссөн, буруудаад байсан зүйл алга” гэж ихэнх аав ээжүүд үздэг талаар сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэ хэллээ.

Гэтэл хүүхдийг байнга зодож шийтгэх нь тэдний өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг. Хүүхэд маш сул дорой, бусдын дунд өөрийгөө илэрхийлэх чадвар сул болж, энэ нь насан туршид нь нөлөөлдөг.

Хүүхэд зөвхөн өөрийг нь зодож шийтгэх вий гэж айсан үедээ л үгэнд ордог, бусад үед дураараа авирладаг сөрөг хандлагатай болдог. Мөн дүүгээ зодох, тоглоомоо зодох хэмхлэх, бусдыг дээрэлхэх найзуудаа цохих, өөрөөсөө л сул дорой нэгнийг өдөж хоргоож зодох муу авиртай болохоос гадна хайр халамж мэдрэх насандаа аав ээждээ болон бусдад зодуулж өссөн хүүхэд насанд хүрээд бусдын хүчирхийлэлд хэт хүлээцтэй, бусдыг зодох, зодуулах нь хэвийн зүйл гэж хүлээж авдаг нь хамгийн аюултай юм.

Тиймээс эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцах, тэднийг хэрхэн хүмүүжүүлэх талаар Гэр бүл хүүхдийн сэтгэлзүйн боловсролыг дэмжих төвийн сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа ямар алдаа гаргадаг вэ?
-Хүүхдийн хүмүүжлийн 80-90 хувь нь ээж, аав хоёроос хамаардаг. Тэд голдуу уламжлалт хүмүүжлийн арга барилыг ашиглаж байна. Дарамталсан, сүрдүүлсэн, айлгасан, жинтэй үг хэрэглэвэл миний хүүхэд айгаад миний үгэнд орно гэж ойлгодог. Гэтэл одоо нийгэм хурдацтай хөгжиж байна, шинэ соргог зүйлүүд өдөр тутамд нэмэгдсээр байна.  Хүүхдийн болон бидний хоол унд ч өөрчлөгдөж байна. Хүүхдийн оюун ухаан тэлж байгаа энэ цаг үед тэр хүмүүжлийн арга барил хоцрогдсон.

Хүүхэд намайг зодож дарамтлахын яагаад надад тайлбарлаж, намайг сонсож, миний арга эвийг олж болдоггүй юм бэ гэж боддог.

Хүүхэд намайг зодож дарамтлахын оронд яагаад тайлбарлаж болдоггүй юм бэ гэж боддог

-Жишээ нь хоцрогдсон ямар арга барил хэрэглэж байна вэ?
-Дийлэнх ээж аавууд хүүхдэдээ гар хүрдгээ зөв хүмүүжил гэж боддог. Учир нь тэд бага насандаа яг тийм хүмүүжлээр хүмүүжсэн байдаг. “Бид ээж аавдаа зодуулаад муудсан юм алга, тэгсний хариуд бид ухаарч хүмүүжсэн” гэсэн бодолтой байна. Гэтэл хүүхдүүд арай өөр арга барилыг шаардаж байна. Боловсролтой эсэхээсээ үл хамааран дийлэнх эцэг эхчүүд хүүхдэдээ гар хүрдэг. Хүүхэд эргээд эцэг эхтэйгээ харилцах, эцэг эхээсээ айхгүйгээр өөрийгөө илэрхийлж сэтгэл санаагаа хуваалцахаа больчихдог. Тэр хэрээр өөртөө итгэлгүй, дотогшоо болж хүмүүждэг юм.

-Аав ээжүүд уураа барих тэвчээргүй, их стресстэй байх шиг?
-Эцэг эхчүүд өөрсдөө их уур бухимдал, стресстэй, тэдний хоорондын харилцаа таарамжгүй байдаг. Гэр бүлд бие биеэ хайрлах, хүндэтгэх, бие биеэ сонсох харилцаа алга байна. Ийм учраас хүүхдэдээ их уур бухимдлаа гаргадаг.

-Сэтгэл санаагаар дарамталдаг ямар үгс хэлдэг бол. Магад зарим ээж, аавууд өөрсдөө мэддэггүй байж болох юм?
-Хүүхэд болгон адилгүй. Хүүхдийн өөрийнх нь эмзэглэдэг зүйл болгон өөр. Царай зүс, биеийнхээ аль нэг хэсэгт дургүй байж болно. Ингээд байхад нь эцэг, эх нь тэр зүйлийг нь тодотгож хэлж сэтгэл санаагаар дарамталдаг. Үеийн хүүхдүүд нь намхан гэж шоолж байсан бол эцэг эх нь “намхан тагжгар” гэх мэтчилэн эмзэг зүйлээр нь өөрсдөө сэтгэл санаагаар дарамталдаг. Мөн бусадтай харьцуулдаг. Янз бүрийн доромж, сэтгэлийг нь өвтгөсөн, итгэлийг нь мохоосон үгс хэлдэг.

  • Ийм хүүхэдтэй байснаас байгаагүй нь дээр
  • Чи угаасаа чадахгүй, хийсэн ч чадахгүй
  • Чамд хэлээд ч нэмэргүй, хэнийгээ дуурайгаад ийм болчихдог байна аа
  • Тэнэг ээ, иймхэн зүйл мэдэхгүй юу, ухаан муутай
  • Орхиод явчихна шүү, муу хүнд өгчихнө шүү гэх мэт

-Хүчирхийлэгч хүн ямар бага насыг туулсан байдаг вэ гэсэн судалгаа байдаг болов уу?
-Хүчирхийлэгч хүн өөрөө яг тийм бага насыг туулсан байдаг. Нийгэмд муу нөлөөлөл үзүүлж байгаа залуус бага насандаа, тэр дундаа ээжийнхээ хэвлийд байхдаа зовлон шаналлыг мэдэрсэн байдаг. Хүчирхийлэгч хүмүүс өөрсдөө гэр бүлийнхээ хэн нэгэнд гар хүрдэг бол багадаа тэрийг мэдэрч байсан, хэн нэгнийг хүндэлдэггүй бол багадаа эцэг эх нь бие биеэ хүндэлдэггүй байсан, гэр бүлийнхээ гишүүнтэй ярилцдаггүй хүний гэр бүлийнхэн нь бага насанд нь хоорондоо ярилцдаггүй байсан. Энэ бүхэн давтамжтай явагддаг.

Ихэнх хүн зодож, гар хүрч байгааг л хүчирхийлэл гэж үздэг. Өөрөөр хэлбэл айл бүрт ямар нэг хэмжээгээр хүчирхийлэл оршиж байдаг. Учир нь хүчирхийлэлд боловсрол огт хамаагүй. Насанд хүрсэн хүн ч хүчирхийлэлд байгаагаа нуудаг төдийгүй зарим хүн үүнийг хүчирхийлэл гэж ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл зодоон цохион байхгүй ч эдийн засгийн, сэтгэл санааны зэрэг хүчирхийлэл байна.

-Тэгвэл хүүхдээ зодож, загнахгүйгээр асуудлыг яаж зөв шийдэж болох вэ?
-Хүүхдүүд ээж, ааваасаа намайг хүндлээсэй, намайг ойлгоосой, миний ярьж байгаа зүйлийг сонсоосой гэсэн сэтгэл санааны дэмжлэг туслалцааг хамгийн их хүсдэг.

Манай сэтгэлзүйн зөвлөгөөнд ирж байгаа ээж, аавуудаас “Та хүүхэдтэйгээ харилцдаг уу?” гэсэн ерөнхий асуултад “харилцалгүй яах вэ” гэж хариулдаг. Задлаад асуухаар хариулах эцэг, эх байдаггүй. Тэгэхээр хүүхэдтэйгээ харилцахгүй байна. Хүүхдэдээ хайртайгаа илэрхийлэхгүй, тэднийг сонсохгүй, хамт цагийг өнгөрүүлэхгүй, огт тоглохгүй, бие биедээ итгэх итгэлцэлгүй болсон байна.

Хүүхдүүд тэр хэрээр өөртөө итгэлгүй, дуугаа хураасан, хамгийн гол нь цаашаа хөгжих, шинийг эрэлхийлэх сонирхолгүй болж байгаа нь асуудалтай.

-Ирээдүйд хүүхдээ зөв хүн болгох тал дээр яаж анхаарах вэ. Хүүхэд аливаа зүйлийг хүчээр шийдэх гээд байдаг зан авир илэрч байвал яаж засаж залруулах вэ?
-Хүүхдийн хөгжлийн суурь төлөвшил хүмүүжлийн гол нас нь 0-6 нас байдаг. Энэ насан дээр нь хүүхэдтэйгээ элгэмсэг, найрсаг хандаж, тэднийг сонсож, хүмүүжилд нь анхаарлаа хандуулж хүмүүжүүлмээр байна.

Ээж аавдаа зодуулсан хүүхэд сургууль цэцэрлэг дээрээ өөрөөсөө сул дорой хүүхдэд гар хүрдэг

Сургууль, цэцэрлэгтээ очоод өөрөөсөө сул дорой харагдсан хүүхдэд гар хүрдэг. Нарийн ажиглавал хүүхэлдэйгээ хүртэл зоддог. Ээж аав нь гар хүрдэг бол буцаагаад ээж, аавдаа тэр занг гаргаж чадахгүй. Өөрөөсөө сул дорой хүүхдийг зоддог. Нас биед хүрсэн хойноо ч хүчирхийлэгч болох магадлал нэмэгддэг. "Би ч багадаа зодуулж өссөн" гээд хүүхдэдээ эсвэл эхнэр, нөхөртөө гар хүрдэг. Хүчирхийлэл нь эргээд хүчирхийлэгчийг бий болгож байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Хүүхдэд тийм зан үйл илрээд байвал яах вэ?
-0-6 насанд ийм хүмүүжлээр хүмүүжихээр засаж залруулахад хугацаа их шаарддаг. Ээж аавууд өнөөдрийн нийгэмд энэ арга хоцрогдсон юм байна гэдгийг ухамсарлаж ойлгоод, энэ аргаа зогсоох хэрэгтэй. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ өөрөө ямар арга барилыг эзэмших, хүүхэдтэйгээ яаж харилцвал зөв харилцаа болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Мэргэжлийн хүний туслалцааг авах хэрэгтэй.

Ихэнх ээж аавууд хүүхдийнхээ насны онцлогийг мэддэггүй. Хүүхдийнхээ насны онцлогт нь тохируулж харилцах хэрэгтэй.

Жишээ нь, бага насны хүүхэд ээж аавдаа хайрлуулж байгаагаа, өсвөр насандаа том хүний байр сууринаас харилцаж, хүндлүүлэх хүсэлтэй гэх мэт онцлогийг аав ээж нар мэддэггүй.

Бага насны хүүхэдтэйгээ сэтгэхүй болон наснаас нь давж том хүн шиг харилцдаг хэрнээ өсвөр насанд нь ирэхээр яг бага насны хүүхэд шиг нь тушаах, дарангуйлах маягтай харилцдаг. Өсвөр насны хүүхдийн "би том хүн болчихлоо, би өөрөө шийдвэр гаргах эрхтэй" гэсэн бодол нь зөрчилдөөд байгаа юм. Тэгээд аль аль насанд нь хүч хэрэглэдэг. Ийм учраас аав ээжүүд маань хүмүүжлийн арга барилаа өөрчлөх хэрэгтэй.

Зарим ээж аавууд хүүхдэдээ гар хүрэхгүй ч сэтгэл санаагаар дарамталдаг

-Хүүхдэдээ “Аливаа юмыг хүчээр шийдэж болохгүй. Үүний үр дагавар ийм байдаг” гээд ярилцаж байх хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.
-Зарим ээж, аавууд гар хүрэхгүй юм гэхэд сэтгэл санаагаар хүүхдээ дарамталдаг. Жишээ нь “Чи үүнийг чадахгүй”, Чи ч дээ” гэх мэт үг хэлж, хүүхдээ байгаагаар нь хүлээн зөвшөөрдөггүй. Заавал төгс төгөлдөр зүйл хүсдэг. Өөрийнхөө хүрч чадаагүй амжилтад хүүхдээ хүргэх гэж тулгадаг. Ийм зөрчилтэй зүйлс нь ээж, аав, хүүхдийн хоорондын харилцааг хөндийрүүлдэг.

-Тэгэхээр хүүхдээ өөртөө итгэлтэй болгож хүмүүжүүлэхийн тулд эцэг, эх хэрхэн хандах вэ?
-Аав ээжүүд суурь хүмүүжилд нь анхаарах хэрэгтэй. Тэр байтугай гэдсэнд байхаас нь анхаарах нь чухал. Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь олон төрлийн хүмүүжлийг өгч болно гэж үзэж байна. Эх хүн өөрөөрөө дамжуулан хүүхдэд гоо зүй, эрүүл мэнд, урлаг уран сайхан, орчны хүмүүжил зэргийг олгож болдог. Ураг ээжийгээ сонсож мэдэрч байдаг. “Ураг”-т таны сэтгэл санааны мэдрэмж, дуу хоолой, хоол унд, нойрсолт, дасгал хөдөлгөөн, ямар орчинд явах зэрэг нь төрсний дараах хүүхдийн орчиндоо хэрхэн өөрийгөө авч явах дадал хэвшилд бодитойгоор нөлөөлж чадна.

Хэлд ороход нь хүүхэдтэйгээ сайн харилцдаг байгаарай.  Хүүхэд хэлд орохоороо маш олон зүйлийг асуудаг. Тэр үед нь төвөгшөөлгүй хариулдаг байх хэрэгтэй.

Ээж ааваасаа хангалттай хайр халамж мэдэрсэн хүүхэд сэтгэлийн хаттай болдог. Сэтгэлийн хат нь хүүхдийг бусдын муухай харилцааг даадаг, чимээгүй өнгөрөөдөг, бусдын сөрөг харилцаанд стресстэхгүй байхаас гадна ямар нэгэн эрсдэлээс өөрийгөө хамгаалдаг, хэн нэгэн танихгүй хүний сөрөг хандлагаас мултраад гарчихдаг зэрэг олон эрсдэлээс хамгаалдаг.

Хүүхдээ өөрчлөхийн өмнө би өөрөө өөрчлөгдөх хэрэгтэй гэж боддог ээж аав маш цөөн

Хүүхдийн хүмүүжил зөв тавигдах орчин нь гэр бүл. Ээж, аав хоёртоо бүрэн дүүрэн хайрлуулж өсвөл өөртөө итгэлтэй болох суурь нь тавигддаг. Ээж аавынх нь аль нэг нь хайрлахгүй, хүчирхийлдэг, хайхардаггүй бол хүүхэд тэр хэрээр өөртөө итгэлгүй өснө. Яваандаа өсвөр насанд нь насанд хүрч гэр бүлтэй болоход нь хүртэл муугаар нөлөөлөхөөс гадна хүүхэд хэн нэгэнтэй харилцах гэхээр сэтгэл санаагаа нээхгүй, бүрэг, дотогшоо болж, уралдаан тэмцээнд орох гэхээр айдастай, өөртөө итгэлгүй, алив юмнаас дандаа хойш сууж, идэвхи зүтгэлгүй, нуугдмал болдог.

-Чанга дуугаар хэлүүлсээр байгаад зүгээр хэлэхээр тэрийг хүлээж авахаа больчихсон хүүхдүүд байдаг.  
-Ээж, аавууд хүүхэдтэйгээ хүүхэд гэдэг утгаар нь харилцахгүй байна. Багаас нь хүчээр, дарамт, шахалтаар юм хийлгээд сургачихсан. Сүүлдээ аав ээжийн энэ арга нь хүчирхийлэл болж, хүүхэд ч өөрийн эсэргүүцлийг илэрхийлдэг.
Дандаа дарамталсан, тушаасан байдлаар харилцаад байхаар хүүхэд зөрүүдэлж эхэлнэ. Надтай гоё харилцах биш гэсэн хандлагыг гаргаж эхэлдэг. Том хүнтэй уурлаж харилцвал урдаас уурладаг, инээмсэглэвэл инээдэгтэй яг адилхан. Ээж аав нар хүүхэдтэйгээ яаж харилцана хүүхэд эргээд тэгж харилцана.

-Том хүн хүүхдэдээ байнга уурлаж, дээд өнгөөр харилцаад байхаар улам л эцэг эхээсээ хөндийрдөг, сэтгэлээ нээхээ больчихдог гэх юм билээ. Нэг ёсондоо ингээд хэлчихвэл ээж аав уурлаж загнана гэсэн бодол тээдэг болдгоос эцэг эх, хүүхдийн харилцаа холддог. 
-Уур бухимдлаар аливаа зүйлийг шийдэх нь сөрөг үр дүнд хүргэдэг. Уур хүний үндсэн сэтгэл хөдлөл. Хэн нэгэн рүү уурласан уураа намжаалаа гэж бодоход тэр бухимдлын мэдрэмж нь хүний биед 8 цаг хадгалагдаж байдаг. Тэр бухимдал ямар байдалд хүргэх вэ гэдгийг ээж аавууд ухамсарлах хэрэгтэй. Тэрийг ухамсарлаад хор уршиг нь ийм байна гэдгийг бодвол уур бухимдлаа зохицуулж чадна. Бухимдлаа зохицуулж чадсанаар хүүхэдтэйгээ эерэг харилцааг хадгална.

Бухимдалтайгаар хүүхэдтэйгээ харилцахаар хүүхэд тэрийг хүндээр тусгаж авдаг. "Ээж аав намайг дэмждэггүй, намайг ойлгодоггүй" гээд хөндийрч, дотогшоо болно. Харин энэ үед өөрийг нь анхаарч байгаа хүнд сэтгэлээ нээдэг.

Буруу хүнд сэтгэлээ нээгээд тэр нь эргээд хүүхдийн нэр хүндэд халддаг, найз нь нууцыг нь хадгалдаггүй, эсвэл сэтгэл хөдлөлөөр буруу зөвлөгөө өгдөг. Хүүхдийн харилцаа, өдөр тутмын үйл ажиллагаа, амьдралд нь, сэтгэлзүйд нь хүндээр тусдаг. Цаашдаа олны дунд биеэ буруу авч явна, бусадтай муухай харилцдаг, өөртөө итгэлгүй болно. Энэ нь насан туршид нь муугаар нөлөөлж болно.

Хүүхдийг шийтгэж болохгүй. Харин учир байдлыг ойлгуулж өгөх нь чухал

-Хүүхдийг шийтгэх нь зөв үү. Хэрвээ болох бол яаж зөв шийтгэх вэ?
-Хүүхдийг шийтгэхдээ гол нь биш. Ямар нэгэн зүйлийг биелүүлээгүйгээс болоод үүсэх хор уршиг нь юу юм, үүсэх үр дүн нь юу юм гэдгийг аав ээж хүүхдэд ойлгуулж өгөх нь чухал. Хичээлээ хийгээгүйгээс болоод хүүхдэд ямар үр дагавар гарч болохыг маш сайн ойлгуулж өгснөөр хүүхэд зөвөөр хүлээн авах боломжтой. Даалгавраа хийгээгүй гээд ээж аавууд хүүхдээ зоддог. Тэгэхээр хүүхэд тэр даалгаврыг хийх ямар ч сонирхолгүй болдог. Эсвэл зүгээр л тухайн үедээ л ээж аавдаа зодуулахгүйн тулд хийе гэсэн сэтгэлгээ төлөвшдөг. Ингээд хүүхдэд мэдлэг үлдэхгүй.

Хоёрдугаарт, хүүхэд шинийг сурах хүсэлгүй болчихдог. Яагаад гэвэл шийтгүүлээд байгаа учраас. Хүүхдээ шийтгэлгүйгээр хичээлээ хийгээгүйгээс гарах муу үр дагаврыг маш сайн ойлгуулах нь чухал. Хичээл хийхэд нь хүүхдэдээ туслаад өгчихвөл ээж ааваасаа айхаа болино, дахиад шинийг мэдэх хүсэлтэй болно. Ээж ааваасаа асуух зориг зүрхтэй болно.

Хийж чадахгүй байна гэхээр нь ямар нэг дарамт үзүүлээд, эсвэл бусадтай харьцуулаад байхаар ээж аавтайгаа харилцахдаа дургүй, шинийг сурч мэдэх хүсэлгүй, хичээл сурлагадаа ахиц гаргахаа больдог. Шийтгэл бүх талаараа хүүхдэд хор нөлөөтэй.

-Зарим айлууд дүрэм зохиочихсон байдаг. Жишээ нь даалгавраа хийгээгүй бол чи дуртай юмаа хийхгүй шүү гэдэг. Тийм арга хэр зөв бэ?
-Тэр нь шийтгэлээс ялгаагүй буруу арга барил. Даалгавраа хийхгүй байх нь ямар сөрөг нөлөөтэй вэ гэдгийг л тайлбарлаж хэлэх ёстой. “Чи хичээлдээ явахгүй бол зайрмаг идэхгүй. Кинонд дагуулж явахгүй” гэж барьцаалж дарамтлах нь буруу. Нэг ёсондоо сэтгэл санаагаар дарамталж байна.

Бид ямар нэг асуудлын ард гарахаар өөрсдийгөө урамшуулж, дуртай кофегоо уудагтай адил хүүхдийг хичээлээ сайн хийх, ямар нэг бэрхшээлтэй асуудлыг даван туулсны дараа өөрийгөө амраах, кино үзэх, зайрмаг идэх, тоглох зэргээр өөрийгөө урамшуулдаг гэж ойлгуулах хэрэгтэй.

Хүүхэд кинонд явах, зайрмаг идэх дуртай байж болно. Гэхдээ үүгээр нь хүүхдийг дарамталж болохгүй. Энэ дарамт хүчирхийллийн нэг хэлбэр болж байдаг.

Хүүхдээ зодох нь тэдний хүмүүжилд хортойгоор нөлөөлж байна гэдгийг эцэг эхчүүд хүлээн зөвшөөрдөггүй

-Тэгвэл сайн юм хийхэд нь урамшуулж байх хэрэгтэй байх?
-Тийм ээ. Гэхдээ дийлэнх ээж аавууд хүүхдээ зүгээр сууж байхад нь магтаад, урамшуулаад байдаг. Харин ямар нэг үйлдэл хийснийх нь дараа хүүхдийг урамшуулах хэрэгтэй. Байнга дэмжлэг, магтаал урамшууллаар хүүхэд хөдлөх гээд байдаг болчихно. Урамшуулал ихдэх тохиолдол бий. Тиймээс хэдий үед нь магтах урамшуулахыг тохируулж байх хэрэгтэй.

“Чи үүнийг хийх ёстой, энэ чиний үүрэг хариуцлага, үүнийг хийснээр чамд ийм сайн нөлөөлөл үзүүлнэ. Энэ хичээлийг хийж байж ирээдүйд амжилтад хүрнэ, өөрийгөө тэжээнэ, насанд хүрсэн хойноо гэр бүлээ тэжээнэ” гэсэн ухамсар хүмүүжлийг хүүхдэдээ суулгаж өгөх хэрэгтэй. Гэтэл зарим ээжүүд хүүхдийнхээ өмнөөс амьдарч байгаа юм шиг өмнөөс нь даалгаврыг нь хийж өгч, хувцсыг нь бэлдэж өгч байна. Хүүхдэдээ ямар нэг үүрэг хариуцлага өгөхгүй байна. Хүүхдэд өөрт нь тохирсон хөдөлмөр, явах ёстой хичээл, үзэх ёстой кино, өөрийгөө хөгжүүлэх, дуртай юмандаа сонирхолтой байх, зарцуулах ёстой цаг гэж байгаа.

-Төгсгөлд нь эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөгөө өгөхгүй юу?
-Эцэг эхчүүд хоорондоо хэрүүлтэй байнгын хүчирхийлэлтэй, хөндий хүйтэн, бие биеэ сонсдоггүй, ойлгодоггүй, бие биедээ санаа тавьдаггүй байх нь хүүхдэд шууд тусдаг.

Хүүхэд хүмүүжлийн мэдлэг мэдээллээ сайжруулмаар байна. Нийгэм хувьсан өөрчлөгдөх хэрээр бид өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй. Дийлэнх ээж аавууд маш их стресстэй байна. Номхон тэмээ ноолоход амар гэхчлэн хамгийн их уураа гаргадаг хүн нь хүүхэд байна. Өөрсдөө уур бухимдлаа зайлуулдаг аргуудад суралцмаар байна.

Дийлэнх ээж аавууд өнгөрсөн цагт болсон муу дурсамжтайгаа зууралддаг. Өөрсдөө бага насандаа зодуулдаг байсан, хүчирхийлэлд өртсөн, ээж аавынхаа хайрыг хангалттай авч чадаагүй, өнчин өссөн гэх мэт шалтгаанууд нь ирээдүйд гэр бүлийн уур амьсгалыг хөндий хүйтэн болгоход нөлөөлж байна.

Ээж аавууд хүүхдээ зодож байгаагаа буруу гэж боддоггүй

Манай төвд зөвлөгөөнд ирж байгаа ээж аавууд хүүхдээ зодож байгаагаа буруу гэж боддоггүй. Хүүхдийн тань хүмүүжилд хортойгоор тусаж байна гэдгийг хүлээн зөвшөөрмөөр байна. Ийм хор хохирол, муу нөлөөтэй гэдгийг тайлбарлаж өгөөд байхад хүлээн зөвшөөрдөггүй. Хүүхдээ өөрчлөхийн өмнө би өөрөө өөрчлөгдөх хэрэгтэй гэж боддог, ойлгодог ээж аав цөөн байна.

Ээж аав бие биеэ хүндэлбэл хүүхэд ээж аавыгаа хүндэлнэ, бусдыг хүндэлнэ, өөрийгөө ч хүндэлнэ. Аав гэрт орж ирээд гэр бүлдээ санаа тавьж байвал хүүхэд мөн л санаа тавьж сурна. Яагаад гэвэл хүүхэд бусдаас үргэлж үлгэр дуурайл авч байдаг. Тиймээс өөрсдийн үг үйлдэл болгондоо анхааралтай байх хэрэгтэй. Гэр бүлдээ, үр хүүхдэдээ хайраа түгээж халамжтай байгаарай.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч А.Наранцацрал

X
Нэвтрэх