Сайн байна уу? Манай хүү 4 настай юм аа. Манай хүү сүүлийн үед их ууртай болоод байх юм. Бас их зөрүүд. Хүүхэдтэйгээ яаж харилцахаа мэдэхээ байлаа. Юмыг нэг хэлээд ерөөсөө үг авахгүй 2 3 загнуулна. Албаар дургүйцлээ илэрхийлээд байгаа юм шиг байна. Одоо яах ёстой вэ?
Юуны өмнө хүүхдийг сайн анзаарч юунаас болоод ямар зорилготой уурлаад байгааг нь тогтоох хэрэгтэй. Уурлах нь хэд хэдэн шалтгаантай:
- Аав ээжийн аль нэг нь амархан уурладаг бол хүүхдэд энэ нь нөлөөлдөг.
- Хүүхэд ямар нэг хүчирхийлэлд өртөж байвал ааш авир нь өөрчлөгдөнө. /зодох, дарамтлах гэх мэт/.
- Хүүхдийн уур уцаарыг хүргэсэн орчин, хүүхдийг байнга өдөх, шоглох, эгдүү, дургүйг нь хүргэсэн үгс сонсох.
- Гэр бүлийн таагүй орчин нь хүүхдийг тавгүйтүүлж, аз жаргалгүй уур уцаартай болгодог.
- Найз нөхдийн буруу хандлага.
Хүүхдийг ууртай ааштайгаар дуудах хэрэггүй. Үүнийгээ хүүхэд хүлээн зөвшөөрөх, ууртай ааштай хүүхэд гэж өөрийгөө итгэхэд хүрэхээс гадна энэ байдлаа засахыг хичээхгүй.
Энэ байдлыг засах арга нь хүүхдийн үзэж буй цахим хэрэгслийг хянах, гэр бүлийн уур амьсгалыг сайхан байлгаж, тайван амгалан орчинг бүрдүүлэх, уурлаж байгаа хүүхдэд тайван хандаж ярилцах хэрэгтэй.
- Мөн хүүхэд хуримтлагдсан эрч хүчээ яаж гадагшлуулахаа мэдэхгүй байж болно. Зөв аргаа мэдэхгүй хүүхэд уур уцаараар гаргаж аав ээжийнхээ хандлагаас өөрийгөө буруу аашилж байгаагаа олж харах боловч үүнийгээ засаж чадахгүй. Хүүхдийг элсээр тоглуулах, барилдах, усанд сэлж сургах зэрэг нь тайвшруулж, уурыг намдааж болно.
- Хүүхдэд гол хэрэгтэй зүйл бол анхаарал халамж. Халамж хайр дутагдсанаас хүүхэд уурлаж уцаарлан, зөрүүдэлж болно. Аав ээждээ анхаарал, хайр хүсэж байгаагаа эвтэйхэн ойлгуулаад анхаарал хандуулахгүй байвал буруу авирлаж эхэлдэг. Анхаарал хүсэх болгондоо буруу авирлах хэрэгтэй юм байна гэж ойлгон алдаагаа давтсаар байх болно. Хүүхэдтэйгээ дотно байж, хайрлаж, хамтдаа тоглож, цагийг байнга хамт өнгөрүүлж байгаарай.
- Хүүхдэд зөрүүдэлдэг үе байдаг. 3-6 насныхан өөрийгөө таньж, таниулахын тулд зөрүүдэлж байж болно. Аав ээжийн алдаатай харилцаанаас болон өөрийг нь ойлгохгүй өөрсдийн бодлыг тулган хүүхдийн бодол санааг үгүйсгэж үзэл бодлыг нь үл тоон харилцсанаас хүүхэд зөрүүд зантай болдог. Аав ээжүүд үүнийг ойлгож, зөв харилцаж, хүлээцтэй байх нь чухал.
Шаардлагатай бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.
Зөвлөх: Н.Ариун-Эрдэнэ /Сэтгэл зүйч/
Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв