fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Нийт эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь бие давхар болсны дараа сэтгэл санааны хувьд ямар нэгэн байдлаар хямралд ордог гэх судалгааны үр дүн бий. Болох болохгүй зүйлд санаа зовох, сэтгэл санааны байдал огцом өөрчлөгдөх, нойргүйдэх зэргээс эхлэн олон эгэлгүй өөрчлөлтүүд бий болдог.

Тэгвэл энэ үед сэтгэл санааны байдлаа тайван хэвээр нь хадгалах үр дүнтэй аргуудыг та бүхэндээ хүргэж байна.

  1. АМЬСГАЛЫН ДАСГАЛ ХИЙХ

Сэтгэл санаагаар унасан, огцом уурласан, стрессдсэн гэдгээ ухамсарласан бол тухайн нөхцөл байдлаас таван минутын завсарлага авч амьсгалын дасгал хийгээрэй. Нүдээ аниад хамгийн багадаа таван удаа уртаас урт амьсгаа удаанаар аваарай. Ингэхдээ нүүр, эрүү, мөрөө суллахаа мартаж болохгүй.

Ингэснээр таны мэдрэлийн системийн үйл ажиллагаа жигдэрч, тайвширсан мэдрэмж төрөх болно.

  1. ХӨГЖИМ СОНСОХ

Бид асуудлыг өөрийн зүгээс шийдвэрлэх боломжтой болон боломжгүй гэж хоёр ангилдаг. Та өөрийн зүгээс шийдвэрлэх боломжтой асуудлуудыг шийдсэн ч бусад хүчин зүйлээс шалтгаалсан асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй шүү дээ.

Ийм үед тайвшруулах хөгжим сонсоод амьсгалын дасгал хийгээрэй. Энэ удаад амьсгалаа авахдаа мөрөө чих рүүгээ аль болох ойртуулж, гаргахдаа буулгаарай. Энэ дасгалыг хийхдээ “Зүгээр дээ, би хичээсэн ч үүнийг шийдэж чадахгүй шүү дээ” гэж хэлэх нь үр дүнтэй байх болно.

  1. ЦЭЭЖИНДЭЭ ГАРАА ТАВИХ

Нэг л өглөө сэрэхэд өмдний тань товч товчлогдохоо больж, яг таардаг байсан цамц тань татайж эхлэх нь тэр. Үүнд ямар ч эмэгтэй хүн их бага хэмжээгээр сэтгэлээр унана гэдэгт итгэлтэй байна.

Ийм төрлийн асуудал тулгарсан бол харин зөөлөн орон дээр хэвтээд цээжин дээрээ хоёр гараа тавиад удаанаар амьсгалаарай. Гарын алга цээжинд хүрэхэд дулаан бөгөөд тааламжтай мэдрэмж төрдөг. Ингээд үл ялиг тайвширсныхаа дараа “Зүгээр дээ, энэ бол бие махбод маань хэвийн, үр маань эрүүл бойжиж байгаагийн илрэл”, “Би хүчтэй” зэрэг үгсийг өөртөө хэлээрэй.

  1. БЯСАЛГАЛ ХИЙХ

Бясалгал бол жирэмсний үед эмэгтэй хүн бүрийн хийж үзэх ёстой дасгалуудын нэг. Өдөр тутмын асуудлаас эхлээд ирээдүйд болох зүйлсийн талаар санаа зовож, үүнээсээ болж хямарч байгаа бол зайлшгүй хийж үзэн бодлоо цэгцлэхийг зөвлөж байна.

Анхлан суралцагчид бясалгалыг бие даан хийх үед зөв эсвэл буруу хийж байгаадаа эргэлзэх, шантрах тохиолдол түгээмэл гардаг. Энэ тохиолдолд мэргэжлийн багш нараас зөвлөгөө авахыг санал болгож байна.

  1. ИОГИЙН ДАСГАЛ ХИЙХ

Жирэмсэн үед иогийн дасгал хийх нь бие дэх зовиурыг багасгах, ургийг эрүүл бойжуулах, төрөлтөд биеийг бэлдэх зэрэг олон ач тустай. Мөн сэтгэл санааны байдлыг тогтворжуулж сэргэг болгодог нь аль хэдийнэ батлагдсан билээ.

Хэрэв та өмнө нь хэзээ ч иогийн дасгал хийж байгаагүй бол жирэмсний 14 долоо хоногтойгоос эхлэн хийхийг зөвлөдөг. Гэхдээ таны биеийн онцлогоос шалтгаалан энэ хугацаа өөрчлөгдөх боломжтой учраас хийж эхлэхээсээ өмнө эмч болоод иогийнхоо багштай ярилцаарай. Мөн өмнө нь хэзээ ч иогийн дасгал хийж байгаагүй бол заавал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг сануулж байна.

Эх сурвалж: Parents

X
Нэвтрэх