fbpx

Хүмүүжил

image

Эцэг эхчүүд дэггүй хүүхдээ сургах гээд, эсвэл эрэгтэй хүүхдээ эршүүд, хатуужилтай, гарын ая даадаг болгоно гээд "тоосыг нь гөвдөг". Энэ зөв үү?

Хүүхдэд ямар ч тохиолдолд гар хүрч болохгүйг, зодуулж өссөн хүүхэд хэн болдог тухай бид олонтаа дурдсан тул эргэн нэг уншаарай.

Хүүхдээ хүч зоригтой, сэтгэлийн тэнхээтэй, өөртөө итгэлтэй, үнэнч шударга болгон өсгөх аргууд

Ном уншиж өгч бай. Ялангуяа үлгэрийн ном уншиж өссөн хүүхэд үнэн болон худал, шударга ба хуурамч, үнэнч нөхөрлөл, үхэл хагацал, амьдралын хатуу, зөөлөн, нөхөрлөл, тэмцэл гээд бүхнийг амталдаг.

Үлгэр сонссоор хүүхэд үлгэрийн дүрдээ орж, өөрийгөө баатар болгож бэрхшээлийг даван туулж буйгаар, хэн нэгнийг аварч тусалж байгаагаар төсөөлж ирээдүйн амьдралдаа бэлтгэгддэг.

Өөрөөр хэлбэл орос ардын болон монгол ардын үлгэр, дэлхийн сонгодгуудаас баатарлаг түүхэн үлгэрүүдийг сонгож уншиж өгч байгаарай. Анхаарах нь: Дайтсан, тулалдсан үлгэрийг үдэш унтахын өмнө биш өдрийн цагаар уншаарай.

Үлгэр бол зөвхөн хүүхэд насны биш насан турш сэтгэлд үргэлжилдэг сонгодог бүтээл.

Амьдралын хатууд хүүгээ бэлтгэх нь зөв. Гэхдээ аав та өөрийнхөө үлгэрлэлээр, баатарлаг үлгэрүүдээр дамжуулж л бэлтгэнэ шүү дээ. Баатарлаг үлгэрийг аав нь уншиж өгвөл хүүхэд зоригтой, өөртөө итгэлтэй болдог үр дүн маш өндөртэй.

Үлгэр бол бүх цаг үеийн хүүхдийг хүмүүнжүүлсээр ирсэн мөнх настай шидтэн.

Тухайлбал, "Цуутын цагаагч гүү"-г сонсоод цөөнгүй хүүхэд уйлж байсан. Хагацал гэдэг зүйлтэй хүүхдийн сэтгэл танилцаж эхэлж буй нь энэ юм. Түүнээс хүүхдийн сэтгэл өвтгөлөө, дэмий ном гээд орхиж болохгүй.

Г. Төмөрзаяа (БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр)

Эх сурвалж: Oak education гэр бүлийн боловсролын төв

X
Нэвтрэх