fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Ц.Нямцэцэг гэр бүлийн орчинд уураа хэрхэн тэвчиж, гэр бүлийн хүчирхийллээс зайлсхийх дараах аргуудыг зөвлөлөө.

Хүний дотоод сэтгэлийн тэнцвэр алдагдахаар уурлаж бухимдах, хэн нэгнийг үл ойшоох, тайван бус байх, ганцаараа байхыг хүсэх зэрэг сөрөг үйлдэл гарч эхэлдэг.

Харин сэтгэл зүйн хувьд тогтвортой байснаар бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг, асуудлыг бодитой дүгнэдэг, шийдвэр гаргалт зөв зэрэг эерэг үйлдэл гаргадаг байна.

Гэр бүлдээ тогтсон дүрэм журмыг мөрдлөг болгох хэрэгтэй.

Гэр орны таагүй уур амьсгалд байгаа хүүхэд хамгийн түрүүнд өөрөөс нь болж ийм нөхцөл байдал үүсэж байна гэсэн мэдрэмжийг авдаг. Үүсэж байгаа нөхцөл байдал нь хүүхдэд сөрөг сэтгэлийн хөдөлгөөнтэй, харилцааны асуудалтай, хорт буруу зуршилд автах, гэрээсээ дайжих цаашлаад сэтгэцийн эмгэгт өртөх өндөр магадлалтай болдог.

Тиймээс эерэг уур амьсгал бүрдүүлэхэд гэр бүлийн гишүүн бүрийн оролцоо маш чухал. Хэн нэг нь ямар нэгэн дорвитой арга хэмжээ авсан ч өөр бусад гишүүдийн дэмжлэггүйгээр үр дүнд хүрэхгүй.

Тиймээс хүчирхийлэл даамжрахаас өмнө нэг нэгнийгээ дэмжиж сонсох, ярилцах, хүндэтгэх, гэр бүлийн зөвлөгч буюу мэргэжлийн хүн дээр очиж нөхцөл байдлыг үнэлүүлэх зэрэг дорвитой аргуудыг хэрэглэж гэр бүлдээ тогтсон дүрэм журмыг мөрдлөг болгох хэрэгтэй.

Тэгвэл эцэг эхчүүд бид сөрөг зан араншинг үйлдэл болгон гаргахаасаа өмнө дараах зөвлөмжийг дагаад үзэх хэрэгтэй.

  • Өөрөө өөрийгөө танин мэдэх ба таныг юу тавгүй болгодог вэ гэдгийг олж мэдэх. Энэ нь таныг тавгүйтүүлдэг зүйлээс хол байлгах, нөхцөл байдлыг бодитоор хүлээж авахад тустай.
  • Дотоод тэнцвэрт байдлаа зохицуулах
  • Хүүхдийн байр суурин дээр өөрийгөө тавьж үзэх
  • Хүүхдийнхээ онцлогт тохируулан шаардлага тавих

Яагаад? гэдэг асуултыг ярилцлагадаа ашиглаж байгаарай

Хүүхэд бүхэн гэр бүлийнхнээсээ хайр халамж хамгийн гол нь дэмжлэгийг хүсэж байдаг. Хүүхдүүдэд дараах чанарууд хэрэгтэй. Үүнд:

  • Өөрийгөө эерэгээр үнэлэх буюу өөрийн давуу талыг олж мэдсэнээр бусдаас онцгой гэдгийг мэдрэх чанар
  • Өөрийгөө удирдах буюу танин мэдэх, сэтгэл хөдлөлөө удирдах
  • Бат бөх харилцаа холбоо буюу хэн нэгэн найз нөхөд гэр бүлийн гишүүдтэй гүнзгий харилцаа холбоо үүсгэснээр өөрийн аюулгүй, тайван байдлыг илүү мэдрэх

Та өсвөр насны хүүхэдтэй бол...

Эцэг эхчүүд дийлэнхдээ өсвөр насны хүүхэдтэйгээ таарамжгүй, ойлголцохгүй байна гэж ярьдаг. Энэ насны хүүхдийн бие болон сэтгэл зүйд бусад насыг бодоход илүү хурдацтай өөрчлөлт мөн хямралууд явагддаг. Эцэг эхчүүд хүүхдээ шүүмжилж, зааварчилж, заахын өмнө юун түрүүнд тэднийг сонсож, дотоод ертөнцийг нь ойлгож, хүүхдээ нээлттэй ярилцаж чаддаг болоход нь анхаарах хэрэгтэй. Үүнд:

  • Дэмжиж, урамшуулж сонсох
  • Үгүйсгэж, няцааж сонсох нь ярилцлагын зөв хэлбэр биш
  • Яагаад? гэдэг асуултыг ярилцлагадаа ашиглах.

Сэтгүүлч А.Мишээл

X
Нэвтрэх