fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Бага насны хүүхдийн биеийн дархлаа өвөл, хаврын улиралд суларч халдварт өвчнүүдийн тархалт нэмэгддэг. Эдгээрийн нэг нь менингококкын халдвар. Богино хугацаанд хүндэрч, амь нас эрсдэх аюултай өвчин тул шинж тэмдэг илэрмэгц эмчид яаралтай хандахыг Эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байгаа билээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Сар шинийн өдрүүдэд цахилгаан менингитийн хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлж байсан. Өвчлөл нэмэгдэж байгаа талаар мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар хэдэн тохиолдол бүртгэгдээд байна вэ?
-Менингококкын халдвар нь улирлын чанартай. 2-3 дугаар сард гардаг. Одоогийн байдлаар өвчилсөн таван тохиолдол бүртгэгдсэн. Улаанбаатар хотоос хоёр, хөдөө орон нутгаас гурван тохиолдол бүртгэгдээд байна. Орон нутагт шинжилгээний хариу эцэслэж гараагүй хариугаа хүлээж тохиолдлууд мөн байна.

-Ямар шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах ёстой вэ?
-Эхний ирсэн хүмүүсийг харахад эцэг эхчүүд эмнэлэгт оройтож хандаж байна. Энэ халдварыг яагаад цахилгаан менингит гэж нэрлэсэн бэ гэхээр өвчний явц маш хурдан. Цочмог эхэлдэг. Хүүхэд өндөр халуурч, хоол хүнсний хамааралгүй бөөлжиж, царай нь цонхийж, толгой хүчтэй өвддөг. Энэ үед маш яаралтай эмнэлэгт хандах ёстой. Гэтэл бүртгэгдсэн тохиолдлуудын хувьд маш хүнд ирж байна. Хүүхдээ ханиад хүрсэн гэж бодоод 5-10 цаг харзнах, тухайн өдөртөө азнаад ирж байна.

Насанд хүрэгчид хоолойгоо зайлах, архаг хамар хоолойн үрэвсэлтэй бол эмчлүүлэх, хүүхдийг шүлстэж үнсэхгүй, олон нийтийн газар дагуулж явахгүй байх хэрэгтэй

Мөн биеэр нь цусархаг од хэлбэрийн тууралт гарна. Энэ тууралт ганц, хоёрхон байсан ч эмчид хандахгүй бол хэдхэн цагийн дотор нэмэгдэж, хүндрэх эрсдэл байдаг учраас дээрх шинж тэмдэг гарвал яаралтай, маш яаралтай эмчид хандаарай гэж зөвлөмөөр байна.

-Хэдээс хэдэн насны хүүхдүүд халдварт өртөөд байна вэ?
-Менингококкын халдвар нь эрүүл нян тээгч, хамар хоолойн үрэвсэлтэй хүмүүс, өвчтөнөөс агаар дуслын замаар тархдаг. Бүртгэгдсэн тохиолдлууд 1-5 насныхан. Тав хүртэлх насны хүүхдүүд ихэвчлэн өвчилдөг бөгөөд насанд хүрсэн хүмүүс халдвар тараадаг. Тэгэхээр ээж аав, эмээ өвөө, насанд хүрэгчид хоолойгоо зайлах, архаг хамар хоолойн үрэвсэлтэй бол эмчлүүлэх, хүүхдийг шүлстэж үнсэхгүй, олон нийтийн газар дагуулж явахгүй байх хэрэгтэй. Түүнээс гадна хавар, намар цаг уур тогтвортой бус байдаг учраас хүүхдийг тохиромжтой хувцаслаж, дааруулахгүй байх хэрэгтэй.

Тухайн өвчтөнтэй өвчин илрэхээс өмнө 7-8 хоног хамт байсан хүмүүсийг голомтод өртсөн гэж нэрлэх бөгөөд голомтод байгаа хүмүүсийг 7-8 хоног хичээл сургууль, ажлаас чөлөөлөх, хими сэргийлэлт хийж антибиотикоор эмчилж, 48 цагийн дотор вакцинжуулдаг. Голомтод өртсөн хүмүүс мөн анхаарах хэрэгтэй.

Анхны онош тавьсан эмч арга хэмжээ авна

Эцэг эхчүүд бага зэрэг халуурч байна гээд хайнга хандаж байна. Эрүүл мэндийн байгууллага халдварт менингококк гэж сэжиглэсэн тохиолдолд заавал ХӨСҮТ рүү шилжүүлэхгүй. Учир нь энэ өвчин цаг минутаар хэмжигддэг учир анхны онош тавьсан эмч арга хэмжээ авна. Тиймээс эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ аваад эмнэлэг уруу явахгүй байх, дуудлага өгч үзүүлэх, тусламж авах тал дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол маш хурдан, хэдхэн цагийн дотор хүндэрч бүх биеэр нь үхжил болсон тууралт гарч, эндэх асуудал гарна. Тиймээс эцэг, эхчүүд энэ тал дээр онцгой анхаарах хэрэгтэй байна.

Эцэг эхчүүд ямар ч халдварт өвчний үед хүүхдийн хоолыг тохируулж, аль болох ядраахгүй, сайн унтуулж амраах, амин дэм сайтай хоол идүүлэх хэрэгтэй. Хавар болж дархлаа буурсан энэ үед дан ганц менингет биш салхинцэцэг, улаан эсэргэнэ, улаанууд зэрэг тууралтат халдвараас гадна улаанбурхан гарах эрсдэл байна. Тууралт гарсан тохиолдол бүрд үзүүлэх хэрэгтэй.

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх