fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Үндэсний статистикийн хороо Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр хийсэн “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2018”-г  өчигдөр танилцууллаа.

Судалгаагаар нярайн асаргаа, тэр дундаа эрэгтэй хүүхдийг хайхрах халамж, хүмүүжлийн үзүүлэлт хангалтгүй гарчээ.

Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын статистикч С.Тодгэрэл “Уг судалгааг 20 сарын турш 19 багийн 114 хүн хийхдээ Улаанбаатар хот, 21 аймгийн 14500 өрхийг санамсаргүйгээр сонгон судалсан. Эх хүүхдийн эрүүл мэнд төрөлттэй холбоотой үзүүлэлтүүд манай улсад харьцангуй сайн байдаг. Харин төрсний дараах тусламж, үйлчилгээ буюу нярайн асаргаатай холбоотой үзүүлэлт хангалтгүй байна” гэв.

Судалгаагаар 0-5 сартай хоёр хүүхэд тутмын нэг нь эхийн сүүгээр дагнан хооллож, 6-23 сартай хүүхдийн 39.2 хувь нь зохих нэр төрлийн хүнсээр баяжуулсан хоол идэж байна. Мөн тэдний 27.9 хувь нь л зохистой байдлаар хооллож байгаа юм. Зохистой байдал гэдэг нь өдөрт дор хаяж хоёр удаа сүү өгч, хоолыг нь зохих нэр төрлийн хүнсээр баяжуулан, сүүг давтамж харгалзахгүй уулгахыг хэлдэг аж.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Уг судалгааг бид таван жил тутамд нэг удаа хийдэг. Өмнөх судалгааг 2013 онд хийсэн. Судалгаагаар хүний амьдралын мөчлөгтэй холбоотой бүхий л асуудлыг гаргаж ирдэг ба энэ удаад вакцинжуулалт анхаарал татаж байна. Манай улсад эрт вакцинжуулалтын 1, 2-р тун маш сайн хийгддэг ч сүүлийн вакцин хангалтгүй. Мөн хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь багассан байна. Ялангуяа хөвгүүдэд энэ нь ажиглагддаг ба тэдний илүүдэл жин, өсөлт хоцрогдол нь охидоос их байгаа нь эхийн сүүний дутагдалтай холбоотой.

Зөвхөн эмэгтэйчүүдийн хөгжил, эрх гэж ярихаас илүүтэй хөвгүүд, эрчүүддээ анхаарах хэрэгтэй

Цаашлаад охидоос илүү хөвгүүдийг зүй бус аргаар хүмүүжүүлдэг буюу зодож, сэтгэл санааны дарамт учруулдаг ба энэ нь эргээд тэднийг өсөж том болоход нь сөргөөр нөлөөлдөг. Сургуульд хамрагдалт, хөгжлийн хувьд ч хөвгүүд охидоос хоцрогдож байна. Бид зөвхөн эмэгтэйчүүдийн хөгжил, эрх гэж ярихаас илүүтэй хөвгүүд, эрчүүддээ анхаарах хэрэгтэй юм байна гэдэг нь судалгаанаас илэрсэн” хэмээв.

Мөн судалгаагаар газарзүй, түүхийн хичээлээс бусад бүх хичээл дээр охидын сурлагын дундаж хөвгүүдийнхээс илүү байгаа нь хайр халамжийн ялгаатай байдалтай холбоотой хэмээн тайлбарлаж байна.

НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч Каори Ишикава “Судалгааны үр дүнгээс харахад насанд хүрээгүй, өсвөр үеийн охидын жирэмслэлтийн түвшин өндөр гарлаа. Тэгэхээр гэр бүл төлөвлөлтийн талаар сургалт, мэдээлэл, мэдлэг хангалтгүй байна. Мөн тэдний бэлгийн, нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг буурсан байгаа юм” хэмээн ярьсан юм.

15-24 настай хүмүүсийн 20.2 хувь нь ХДХВ-ийн талаар цогц мэдлэгтэй ба энэ үзүүлэлт хөдөөд эрс бага буюу 14.8 хувьтай байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Судалгааны үр дүнг харахад эрүүл мэнд, хоол тэжээл, хүүхэд хамгаалалтай холбоотой үзүүлэлтүүд тааруухан байна. Цаашид эдгээр тооны цаана юу болж байгаа ба ямар арга хэмжээ авах вэ гэдгийг судлах хэрэгтэй” гэв.

А.Эрхэмбаяр

X
Нэвтрэх