fbpx

1-3 нас хүртэл

image

💁‍♂️💁‍♀️ Юуны өмнө танай гэр бүлд нэгэн "жижигхэн том хүн" нэмэгдэж буйг хүлээн зөвшөөрнө үү. Учир нь энэ насныхан өөрсдийгөө танаас дутахааргүй бүхнийг чадна, мэднэ хэмээн ойлгож аливаад бардам хандаж эхэлдэг.
Тэд:
Эвийг нь олохгүй бол маш зөрүүд болдог. Таалагдахгүй зүйлдээ эрс татгалзана, савж унана, тас гүрийнэ. Тиймээс та түүний бие даах гэсэн хүслийг нь хүндэтгээрэй. Өөрөөр хэлбэл түүнд өөрөө сонголт хийх, шийдвэр гаргах боломж олгож байх нь зүйтэй. Аажмаар хүүхэд өөрийн бодлоо зөв илэрхийлдэг болно.

Тухайлбал, цэцэрлэгтээ цэнхэр цамцаа өмсөх үү, ногоон оо юу? Дүүдээ тоглоомоо түр өгмөөр байна уу, үгүй юу? Одоо усанд орох уу, жоохон тоглож байгаад орох уу? Энэ чамд таалагдаж байна уу? гэх зэргээр өөрийнх нь шийдвэр, сонголтыг заавал тодруулж асууж байгаарай.

3 насанд хийсвэр сэтгэлгээ, төсөөлөх чадвар хамгийн өндөр байдаг тул цэцэрлэг дээр болсон явдал, үлгэр, хүүхэлдэй, зүүд зэргээс мэдэрсэн зүйлээ төсөөлөлдөө ургуулан бодож хийсвэрлэн сэтгээд бүр үнэн мэт бодож түүнийгээ яг л болсон зүйл мэт давтан давтан ярьдаг. Өөрийнх нь төсөөлөлд яг бодитоор байгаад байгаа тул үүнийгээ ч худлаа гэж хүлээн зөвшөөрдөггүй.

Энэ үед нь та яриаг нь өдөөж хэт дэвэргэж хөөргөж болохгүй, худлаа яриад байгаарай! хэмээн үгүйсгэж болохгүй. Зүгээр л идэвхтэй сонсогч нь байгаарай.

Өнгө, тоо зэрэг ойр зуурын хэллэгийг англи гэх мэт хоёрдогч хэл дээр хялбар сурдаг. Өөрөөр хэлбэл энэ үед давхар хэл сурахад хамгийн тохиромжтой байдаг. Анхаарах зүйл хоёрдогч хэлийг сургах гээд эх хэлийг орхигдуулж болохгүй. Тэгвэл ямар ч үр дүнгүй, илүү сөрөг дагавартай.

Таних тэмдэг цээжлэх, утасны нууц үг тайлах, цахим ертөнцөд нэвтрэх аргыг амархан сурдаг, мэдчихдэг адтай үе нь. Өөрөөр хэлбэл энэ насанд ХАРААНЫ ОЙ ТОГТООЛТ өндөр байдаг тул хүүхдийн сэтгэхүй, хэл яриаг зэрэг хөгжүүлэхийг хүсвэл зурагт ном сайн уншиж өгч байгаарай. Таны уншиж өгч буй номын зургийг ярьж буй үгстэй тань эвлүүлэн сэтгэхүйдээ дүрслэн амьдруулж тархи, үгийн баялаг хослон идэвхжин хөгждөг. Уншуулсан номоо ганцаараа байхдаа ч зургийг нь харан ярьж сууна. Энэ үед үгийн баялаг ч хурдтай нэмэгддэг.

Яагаад? Яагаад? хэмээн асуух нь тасралтгүй үргэлжилдэг сониуч үе нь эхэлнэ. Энэ үед хүүхдийн асуултад сэтгэхүйн онцлогт нь тохирсон байдлаар аль болох шинжлэх ухаанч, бодит үнэн хариултыг өгч байгаарай. Тэр дороо хариултыг мэдэхгүй бол хоёулаа хамтдаа хариултыг олъё, ааваас ээжээс асууж мэдье хэмээн тайлбарлаж байх. Мэдэхгүй хэмээн удаа дараалан татгалзвал энэ сониуч зан нь унтарчихдаг.

Өнгүүдтэй танилцаж харандаагаа атган зураас, дугуй дүрс зурах дуртай болно. Аль болох том цаасан дээр аав ээж хамтран зураг зурж байгаарай. Энэ үед харандаа, пламастраа сонгохдоо үзүүр нь зөөлөн байх хэрэгтэй.

Орон зай, хэлбэр хэмжээ, том жижгийн баримжаатай болно. Энэ үед шагайн тоглоомоор гэр бүлээрээ тоглоход тохиромжтой. Цөөн тооны шагайгаар морь уралдах, бөгцөг няслах.

Хөдөлгөөнт шүлэг, дууг амархан цээжилнэ. Baby shark, 3 тоорой гэх мэт.

👪 Хамгийн чухал нь хүүхдийн дэргэд аав ээж, эмээ өвөө, асран хамгаалагч нь хоорондоо санал зөрөлдөхгүй байх. Ээжийн болохгүй гэсэн зүйлийг аав болно гээд байвал хүүхэд хэний ч үгийг сонсохгүй, хэнд ч дийлдэхгүй' дур зоргоороо болчихдог.

☝️Сүүлд хэлэхэд, хүүхэд бүрийн өссөн ахуй, соёл, амьдралын хэмнэл өөр тул ерөнхий хөгжил нь 2-6 сараар дээш, доош зөрөх тохиолдол байдаг тул энэхүү онцлогууд зарим хүүхдийн хувьд 2,5 - 4 насанд нь ч ажиглагдах боломжтой. Сүүлийн үед дэлхийн жишигт насны онцлог гэхээс илүүтэй хувь хүний хөгжлийн онцлогоор ялган тайлбарладаг болж байгаа.

X
Нэвтрэх