Аав ээж бид бүгд хүүхдэдээ хайртай, мэдээж. Харин тэд маань ямар үед бидний хайрыг хэрхэн мэдэрдэг юм бол...
Хүүхэд 0-3 насандаа хайрлагдаагүй мэдрэмжийг авсан бол энэ мэдрэмж насан туршдаа дагадаг. Гэхдээ тархи пластик шинж чанартай тул үүнийг өөрчлөх боломж бий. /Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозерийн лекцээс/
Тиймээс боломжтой бол, хүүхдээ 2 нас хүртэл ЭЭЖ ТА ӨӨРӨӨ өсгөхийг хичээгээрэй. Энэ үед доорх зүйлсийг болгоомжлон анхаарна уу:
- Хүүхдийг хөндлөнгийн хүнд удаан үлдээх
- Хөхүүлэх үедээ харцаараа харилцан ярилцахгүй утас зэрэг өөр зүйл оролдох
- Хуурайлах, усанд оруулах, унтуулах үедээ ганганан харилцан ярилцахгүй үл хайхрах
- Уйлах, үсээ зулгаан хөрвөөх зэрэг биеийн хэлийг үл тоох
Бага насандаа хайрын хэрэгцээ хангагдаагүй хүүхэд өсвөр насандаа сэтгэл гутралтай, хонзон санамхай, өөртөө итгэлгүй байх нь элбэг байдаг байна. Тиймээс 2+ насныхандаа та:
⏳ ЦАГ ГАРГАХ
Ялангуяа олон хүүхэдтэй бол хүүхэд тус бүрдээ тусгайлан цаг гаргах хэрэгтэй. Олон дүүтэй том хүүхэд, эсвэл дунд хүүхэд орхигдох гээд байдаг. Ах дүүг нь хэн нэг нь айл руу авч явсны дараа гэртээ ээжтэйгээ, аавтайгаа хоёулхнаа дуртай тоглоомоо тоглож, ном уншиж, зураг зурж болно. Эсрэгээрээ гэртээ нөгөө хэдийгээ үлдээчихээд гадуур хамтдаа музей үзэх, кино үзэх, дугуй унах ч байж болно шүү дээ. Гэх мэтээр нэг хүүхдэдээ ДОЛОО ХОНОГТ НЭГ ЦАГ ТУСГАЙЛАН гаргахад болно. Энэ л үед хүүхэд аав ээж надад ч бас хайртай гэсэн мэдрэмжийг авдаг.
🍨 ЯРИЛЦАХ
Мөн адил танай гэр бүл хэдэн ч хүүхэдтэй байсан хүүхэд бүртэйгээ нэг бүрчлэн ярилцах цаг гаргаж байгаарай. Хэдийгээр нэг гэр бүл тойрч суугаад нууж хаах зүйлгүй гээд ярилцдаг боловч тантай хоёулхнаа дотночлон ярилцах нь хүүхдэд түүнийг тухайлан анхаарч байгааг мэдрүүлж буй юм. Хүүхэд бүрд ахаас, дүүгээс тусдаа аминчлан шивнэх шивнээ байдаг. Үүнийгээ уудлах боломжийг нь олгож хүүхдээ СОНСОХ ХОРИН МИНУТИЙГ ТУСГАЙЛАН ГАРГАЖ байгаарай. Гэхдээ боломжтой бол хүү, охиныхоо дуртай орчинд очиж хоёулхнаа болзоо мэтээр цагийг өнгөрүүлж түүнийг СУРГАХ биш СОНСОЖ байвал бүр ч үр дүнтэй шүү. Энэ л үед хүүхэд аав ээж надад ч бас хайртай гэсэн мэдрэмжийг авдаг.
💑 ТЭВРЭХ
Хэдэн хүүхэдтэй байсан ч хүүхэд бүхнээ тэврээд амжилт хүсдэг, тайвшруулж элгэндээ тэвэрч чаддаг байгаарай. Тэвэрлээ гээд хүүхэд эрх нялзрай болно гэж эндүүрсний хэрэггүй шүү. Бусдыг ч бас тэвэрч тайвшруулж чадах хайр дүүрэн хүн болно.
Хүүхэдтэйгээ харцных нь түвшинд очиж ярилцан, элгэндээ тэврэх бол хамгийн хүчтэй тайвшруулагч юм. Дашрамд хэлэхэд хүний арьс шүргэлцэхэд тархины эс хамгийн сайн өдөөгдөж өгдөг хэмээн дээр дурдсан Нобелын шагналт, тархи судлаач өгүүлж байсан билээ. Хүүхэд бүрээ элгэндээ энхрийлэн ТЭВРЭХ ТАВАН МИНУТ ҮЛДЭЭГЭЭРЭЙ.
Хүүхэд хэдий чинээ хайрлуулж түүнийгээ мэдэрч өснө, төдий чинээ бусдыг хайрлан хамгаалах сэтгэл дүүрэн, өөртөө итгэлтэй хүн болон өсдөг.