fbpx

Ээж, аавуудад

image

Эцэг эхчүүд нялх үрийнхээ эрүүл мэндэд маш их анхаарал тавьдаг. Хүүхэд нь яг юу хүсэж байгаа, яагаад тавгүйтэж байгаа зэргийг мэдэх гэж янз янзын онош тавьдаг. Огт ярилцахгүйгээр тэр жижигхэн биеийн дотор юу болоод байгааг хэрхэн мэдэх билээ? Хүүхэд хэдийгээр үг хэлэхгүй ч гэлээ тэдний гаргадаг сонин содон араншин, үйл хөдлөлөөр нь юу хүсэж байгааг зарим эцэг эхчүүд маань сайн гадарладаг шүү дээ. Тэгвэл одоо бид танд хүүхдүүдийн гаргадаг нийтлэг үйл хөдлөл дээр тулгуурлан хэлд ороогүй хүүхэдтэй ойлголцоход тань туслах аргыг танилцуулах гэж байна.

ХҮҮХЭД ТАНЬ ЯАЖ УЙЛЖ БАЙНА ВЭ?
Хүүхэд 4 сар хүртлээ өөрийн юу хүсэж байгаагаа уйлж илэрхийлдэг. Гэвч хүүхэд тань яг юунаас болж уйлж байна вэ гэдгийг хэрхэн мэдэх вэ гэж үү? Тэгвэл уйлж байгааг нь сайтар ажиглаарай.

  • Таныг дуудаж байна – Хүүхэд ганцаархнаа хэсэг хугацааг өнгөрөөсний дараа ээж аавыгаа "Намайг ирээд аваарай!" гэж дууддаг. Энэ үед хүүхэд 5-6 секундийн хугацаанд уйлагнасны дараа 20 секундийн хугацаанд ээж аавыгаа өөр дээр нь ирэх нь үү хэмээн хүлээж байгаа юм шиг уйлахаа больдог. Хэрэв та хүүхэд дээрээ очихгүй бол тэд тасралтгүй уйлах хүртлээ энэ маягаар уйлна.
  • Өлсөж байна – Тэд эхлээд таныг дуудаж байгаа мэт /5-6 секунд уйлж, 20 секунд азнах/уйлна. Та хүүхдээ хооллохгүй бол тэд үргэлжлүүлэн цурхиртлаа уйлна. Энэ тохиолдолд хүүхэд ямар нэгэн юм хайж буй мэт толгойгоо хөдөлгөж, амаараа чимээ гаргадаг.
  • Өвчтэй байна – Хүүхэд өвдсөн үедээ нэгэн хэмнэлээр чанга уйлдаг. Хэсэг хугацааны дараа өвдөлт нь нэмэгдсэн мэт илүү чангаар уйлна. Нөгөөтээгүүр хүүхэд чанга хашхиран уйлах тэнхэлгүй болсон үедээ чимээгүйхэн уйлдаг байна.
  • Бие махбодын процессоос болж байна – Тэд хий, шингэн, өтгөнөө гадагшлуулсан тохиолдолд тухгүй болж, гингэнэж уйлдаг.
  • Нойр хүрч байна – Хүүхэд тань нойрмог хэдий ч зарим нэг шалтгааны улмаас унтаж чадахгүй үедээ эвшээлгэн, гомдсон мэт зөөлхөн гингэнэн уйлдаг. Мөн энэ үедээ нүд, чихээ нухалдаг.
  • Тухгүй байна – Хүүхэд тухгүй үедээ уцаартайгаар уйлна. Хэрэв биеэрээ нааш цааш хөдөлж, нумарч байвал хөл, гарынх нь температурыг, живх нь бохирдсон эсэхийг шалгаарай. Мөн хүүхдэд тухайн байгаа орчин нь таалагдахгүй, эсвэл тэндээсээ уйдсан тохиолдолд уцаарлан уйлдаг шүү.

ХҮҮХЭД ТАНЬ ЯАЖ ХӨДӨЛЖ БАЙНА ВЭ?
Хүүхдийнхээ юу хүсэж буйг мэдэхийн тулд хийж буй үйл хөдлөлийг нь ч мөн сайтар ажиглах хэрэгтэй.

  • Нуруугаа хотойлгох - 2-с доош сартай нярай хүүхэд ямар нэгэн байдлаар өвдөж байна гэдгээ ингэж илэрхийлдэг. Харин хооллосныхоо дараа нуруугаа хотойлговол цадсан байна гэсэн үг. Мөн хооллож байхдаа нуруугаа хотойлговол гулгих гэж байгаагийн шинж. 2-с дээш сартай хүүхэд ийм үйлдэл гаргавал ядарч, уцаарласан байна гэсэн үг.
  • Толгойгоо эргэлдүүлэх - Энэ нь хүүхдийг тайвшруулдаг хөдөлгөөн юм. Хүүхэд унтахынхаа өмнө эсвэл танихгүй хүмүүсийнхээ хажууд ихэвчлэн толгойгоо эргэлдүүлдэг байна.
  • Чихээ оролдох - Хүүхэд чихээ оролдох нь ихэнх тохиолдолд өөрийн бие махбодтойгоо танилцаж буйн илрэл байдаг. Харин хүүхэд тань уйлсныхаа дараа чихээ оролдох, эсвэл ойр ойрхон чихээ оролдож байвал эмнэлэгт хандаарай.
  • Гараа атгах - Хэрэв та хүүхдээ гараа атгаж байгааг нь олж харах юм бол хүүхэд тань удахгүй өлссөнөөсөө болж уйлна гэсэн үг. Тиймээс тэдний гараа атгаж байгааг нь харвал уйлахаас нь өмнө хооллоорой.
  • Хөлөө өргөх - Хүүхэд тань хөлөө өргөөд байвал гэдэс нь өвдсөний шинж юм. Тэд өвдөлтөө намжаах гэж хөлөө өргөдөг байна.
  • Гараа чангалах - Хүүхэд хоёр гараа чангалах нь айсны шинж. Тэд чанга дуу чимээ, тод гэрэл зэргээс айсандаа гараа чангалдаг. Энэ тохиолдолд тэднийг тайвшруулаарай.

Хүүхдийн эмч нар эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ аль болох их ярилцаж, юу ярьж байгааг тань ойлгохгүй байгаа юм шиг санагдсан ч эргэн тойрных нь зүйлсийг тайлбарлаж өгөх гэх мэтээр харилцаж байхыг зөвлөдөг. Ингэснээр хүүхэд тань гэр бүлийнхэнтэйгээ ойлголцохын тулд авиа гаргаж, үйл хөдлөл хийж, хурдан өсөж торнидог. Тиймээс хүүхэдтэйгээ тогтмол ярилцаж байгаарай.

Эх сурвалж: www.brightside.me

X
Нэвтрэх