fbpx

0-1 нас хүртэл

Хүн хүрээлэн буй орчноо танин мэдэх биологийн үндэс нь мэдрэхүйн эрхтний бүтэц үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Хүн харах, сонсох, үнэрлэх, хүрэх, амтлах гэсэн таван мэдрэхүйтэй. Хүүхэд таван мэдрэхүйгээрээ хорвоо ертөнцтэй танилцаж ойлголцож байдаг. Бүх мэдрэхүйгээ оролцуулан сурч мэдвэл тэдэнд хамгийн өгөөжтэй. Төрснөөс хойш 5 нас хүртэлх үе нь хүүхдийн бүх талын хөгжлийн эрчимтэй үе юм. Энэ хугацаанд эзэмшсэн хөдөлгөөний, мэдрэхүйн, сэтгэхүйн эерэг туршлага хүүхдэд олон талын чадварыг хөгжүүлж насан туршдаа эрүүл өсч хөгжих, зөв төлөвших суурийг тавьж өгдөг.

👂 СОНСОХ - Сонсгол бол хэвлийд байхаас бүрэн хөгжсөн цорын ганц мэдрэхүйн эрхтэн. Хүүхэд төрсөн мөчөөсөө л дуу чимээ гарч буй зүг рүү анхаардгаас нь үүнийг анзаарч болох юм. Ээжийнх нь зүрхний цохилт, хэмнэл, хоолой урагт сонсогддог учир жирэмсэн үедээ сайхан зүйл сонсож, сайн зүйл бодохыг зөвлөж байна. Хүүхэд 4-7 сартайдаа чимээ гарсан зүг рүү хардаг болдог бол 2 нас хүрээд сонсголын мэдрэхүй нь бүрэн хөгждөг. Сонсголын мэдрэхүй нь хэл ярианы хөгжилтэй салшгүй холбоотой учир 2 нас хүрсэн ч сонсголын мэдрэхүй нь сайн хөгжихгүй бол хэл ярианы чадварт нь ч асуудал үүсэх болно.

👃 ҮНЭРЛЭХ - Хүүхэд төрөх үед үнэрлэх эрхтэн нь сайн хөгжсөн байдаг. Хүүхэд төрөөд удалгүй аав ээжийнхээ үнэрийг таньдаг болно. Үнэрлэх мэдрэхүйгээ идэвхтэй ашиглаж танихгүй орчинд ороод ойр дотно ээжийнхээ үнэрийг аваад тайвширч, өөртөө итгэлтэй болдог. Өөрөөр хэлбэл шинэ зүйлстэй танилцах үед хажуудаа таныг байгааг мэдэж байвал цочирдох нь бага байдаг. Ялангуяа эхээс төрсний дараах хоёр долоо хоногт энэ онцлог нялх хүүхдийн хувьд их чухал байдаг. Тийм учраас хүүхдээ уйлагнаж дохио өгөх үед нь өргөж, элгэндээ тэвэрч байгаарай. Балчир хүүхдийн үнэрлэх мэдрэмж насанд хүрсэн хүнийхээс хамаагүй илүү нарийн бүтэцтэй байдаг учраас хүүхэд насанд мэдэрсэн үнэрүүд бидний ой санаанд маш гүнзгий үлддэг.

👅 АМТЛАХ - Эхийнхээ хэвлийд байгаа хүүхдийн ам ургийн шингэнээр дүүрсэн байдаг бөгөөд хорвоод мэндлэхээсээ өмнө тэрхүү шингэний амтыг мэдрэх чадвартай болсон байдаг. Төрөх хугацаа ойртох үед ургийн шингэн хожим нь хүүхэд хооллох учиртай эхийн сүүтэй төстэй амттай болдог. Шинээр төрсөн хүүхдийн амтлах мэдрэмж маш эрчимтэй хөгжиж шинэ амт эрж эхэлдэг. Тийм учраас гараа хүрч байгаа бүхнийг аваад амандаа хийж, амталж үзэхийг оролддог байна. Иймд гараа хөхөх нь тэр бүр өлссөнийг нь илэрхийлдэггүй бөгөөд аливааг танин мэдэж сонирхож буй үйл явц нь билээ. Нялх хүүхэд төрөлхийн зөнгөөрөө чихэрлэг амтанд дурлах бөгөөд давслаг болон гашуун зүйл амсахаараа дургүйцэн ярвайдаг юм. Янз бүрийн амт, өөрт нь таалагдаагүй амтыг хүртэл их сонирхож, энэ нь уураг тархинд нь шинэ холбоо үүсгэж өдөөж байдаг.

🤲 ХҮРЭЛЦЭХ - Хүрэлцэхүй нь хүүхдийг аюулгүй өсөж торниход тус болдог. Гараараа ямар нэгэн зүйлийг барьж мэдэрч, ээж аавынхаа нүүр, гаранд хүрдэг. Нярай хүүхдүүдэд эцэг эхтэйгээ арьсаараа хүрэлцэн мэдрэх нь оюун ухааны хөгжилд нь ч чухал нөлөөтэй байдаг. Хүүхэд хүрч мэдэрдэг тоглоомонд илүү дуртай байдаг нь ч үүнтэй холбоотой.

👀 ХАРАХ - Энэхүү мэдрэхүй нь хамгийн чухал ч хамгийн сүүлд хөгждөг мэдрэхүй юм. Дөнгөж төрсөн хүүхэд эхний гурван сардаа аливааг бүдэг хардаг. Тийм ч учраас хурц гэрэл, тод өнгө рүү татагддаг. 6 сар хүртэл ямар нэгэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, хоёр нүдний хөдөлгөөн адилсаж, хамтрах чадвар нь хөгжиж, илүү хол байгаа зүйлсэд хүрэх гэсэн үйлдэл гаргадаг. Ой хүрсэн хүүхэд тодорхой хэмжээнд аливаа зүйл дээр тогтон харах чадвартай болдог.

X
Нэвтрэх