Хүн бүр өөрийнх нь яриаг сайн сонсдог хүнд дуртай байдгийн адил хүүхдүүд ч мөн өөрийнх нь яриаг анхааралтай сонсвол маш таатай хүлээн авдаг. Хүүхдийн тань бусадтай харилцах чадвар сайн байхад туслах дараах дөрвөн аргыг мэдэхэд илүүдэхгүй юм.
1. ХИЙЖ БУЙ АЖЛАА ТҮР ЗОГСООН ХҮҮХДЭДЭЭ АНХААРАЛ ХАНДУУЛ
Томчууд бид хийж буй ажилдаа түүртэн хүүхдийнхээ ярихыг бүтэн сонсолгүй, зарим нь бүр цааргалан хүлээж авдаг. “Би завгүй байна” эсвэл “Аавдаа хэл, ээж дээрээ оч” гэх мэтээр хандах нь цөөнгүй. Хүүхэд аливаа зүйлийн талаар тантай ярилцаж байх үед үнэхээр яаралтай биш л бол хийж буй зүйлээ түр зогсоон нүд рүү нь эгцлэн харж анхааралтай сонсоорой. Эмх цэгц, дараалалгүй ярьсан ч тухайн яриаг тэвчээртэйгээр сонсож хариу ярилцаарай.
2. АДИЛХАН СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨР СОНС
Адил сэтгэлээр сонсоно гэдэг нь хүүхэд үнэн худал, зөв буруу ярихаас үл шалтгаалан ярианы өнгөнд нь тохируулан хариу үйлдэл үзүүлж сонсохыг хэлнэ. Баярлаж буй үед нь баярлаж, сэтгэл тавгүй үед нь хариу илэрхийлэл үзүүлэх зэргээр мэдэрч сонсох нь хүүхдийн харилцааны, тэр дундаа нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой.
3. ХАРИУ ДОХИО ҮЗҮҮЛ
Хэдий чих тавин сонслоо гээд ямар ч дуу авианы хариу үйлдэл үзүүлэхгүй бол таныг өөртэйгөө харилцаж байгаа эсэхийг мэдрэх боломжгүй юм. Хүүхдийг ярьж байх үед нь тохирсон дуу авианы өнгөөр хариу үзүүлж хүүхдийг илүү өөртөө итгэлтэй ярихад нь туслаарай. Жишээ нь хүүхэд тань ямар нэгэн зүйл хийж чаддаг болсноо танд баярлаж хэлбэл “Пөөх, мундаг” гэж сэтгэл хөдлөлөө чанга дуу авианы хамт урам өгөх маягтай хэлээрэй.
4. ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЗҮЙЛЭЭ ЛАВЛАН АСУУ
Хүүхэд танд аливаа зүйлийг ойлгомжгүйгээр тайлбарлах үед өөрийн ойлгоогүйг хүлээн зөвшөөрч “Надад арай өөрөөр тайлбарлаад өгөөч” гэх зэргээр хүүхдэд ярьж буй зүйлээ эмхлэн, арай өөр байдлаар тайлбарлах боломж олгоорой. Жишээ нь, өөрийн ойлгоогүй зүйлээ “Энэ хувцас чамд таалагдахгүй байгаа юм уу, өмсмөөргүй байна гэж хэлээд байна уу” гэх мэтээр юу хэлэх гээд байгааг нь сайтар лавлаж асуугаарай. Ингэснээр хүүхэд өөрийн хэлэх санааг арай ондоо хэлбэрээр хэлж болдог юм байна гэдгийг ойлгох болно.
Эдгээр аргуудыг ашиглан хүүхэдтэйгээ харилцан ярилцах үед таны хүүхдийн бусадтай харилцах нийгмийн хөгжил ч мөн хөгжсөөр байх болно. Өөрийнх нь яриаг бүрэн дүүрэн сонсдог томчуудтай харилцсанаар хүүхэд өөртөө илүү итгэлтэй нэгэн болдог.
Гэр бүл судлаач, ментор багш З.Отгонтөгс