fbpx

Ээж, аавуудад

image

Ихрүүд үүслийнхээ хувьд нэг зиготын ба хоёр зиготын ихэр гэж хоёр янз байдгаас шалтгаалан хооронд нь ялгахын аргагүй адил эсвэл огт төсгүй байдаг байна.

Нэг зиготын ихэр нь хүйс, шинж төрх, бодисын солилцоо биохими, физиологийн онцлог, цусны даралт, өндөр, жин, зан ааш, сонирхол, сэтгэхүйн үзүүлэлтээрээ ч ихээхэн ТӨСТЭЙ байдаг. Тэр битгий хэл тэдний үнэрийг үнэрч нохой хүртэл ялгахад бэрх байдаг аж.

Хэрэв нэг зиготын ихэрд харшлын шинж тэмдэг ажиглагдвал энэ нь хоёуланд нь ижилхэн байх магадлал 75% байдаг бол хоёр зиготын ихэр хоёулаа харшилтай байх магадлал 26,4% л байдаг байна.

Нэг зиготын ихрүүд 250 төрөлт тутамд 1 тохиолдох боломжтой бөгөөд нийт ихэр төрөлтийн 30%, харин 2 зиготын ихэр 70%-ийг эзэлдэг байна. Үүнээс гадна ихэр хүүхэд төрөхөд эцэг эхийн ген, удамшил ихээхэн нөлөөлдөг байна.

Хэдий ихрүүд ч гэсэн бие биеэсээ үл хамаарах тус тусдаа нэгэн ертөнц гэдгийг ихэр хүүхэд өсгөж буй аав ээж, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчид та бүхэн байнга санаж байгаарай. Тухайлан тодруулж сануулах 4 зүйл байна.

1. Хүүхдүүд жоохон томроод ирэх үе буюу 3-4 наснаас тэдний сонирхдог тоглоом, сатаарах зүйлс тэс өөр болох нь анзаарагддаг. Энэ үед барьцах вий гэж эмээлгүй өөрсдийнх нь сонирхдог тоглоомыг тус тусад нь авч өгөөрэй.

2. Хоёр зиготын ихрүүдийн нэг нь юмыг амархан сурч, адтай байхад нөгөөх нь удаан, ноомой байх нь элбэг. Ийм үед ихрүүдийгээ хооронд нь харьцуулж жишиж ялгахын оронд өөр өөрсдийнх нь онцлог, ялгаа, давуу талыг нь сайн ажиглаж урам дэм өгч байгаарай.

3. Ихрүүд хоорондоо усны дусал шиг ижилхэн харагдах нь эгдүүтэй санагддагаас ч тэр үү, ээж аавууд ихрүүдийгээ ижил өнгөөр, ижил загвараар хувцаслаж гоёдог. Энэ нь хүүхдүүд заавал хоорондоо ижил байх ёстой мэт албадлага төрүүлдэг тул 4-5 нас хүрэх үед өөрсдийнх нь сонирхол сонголтыг хүндэтгэж хувцаслаж байгаарай.

4. Ихрүүдийг цэцэрлэг, сургуульд ороход нь аль болох өөр өөр ангид оруулахыг зориорой. Аав ээжүүдийн эндүүрч боддог том зүйл нь хамтдаа байвал дэм дэмэндээ, ханиндаа гэж боддог. Гэтэл ихрүүд нэг ангид байвал:
👉 Нэг нэгнийгээ даган дуурайж, өөрийн "би"-гээ олж чаддаггүй.
👉 Багш нар нь санамсаргүйгээр хооронд нь харьцуулан ярьж хэн нэг нь өөртөө итгэлгүй болох хандлагатай. (Нэг нь нөгөөгийнхөө давуу талд дарагдах)
👉 Зөвхөн хоорондоо л харилцаад бусад хүүхэдтэй ойлголцох, нийгэмших нь удаан байдаг гэх мэт цөөнгүй зөрчлүүд байдаг.

Иймээс ихрүүдтэй хамт байгаа та бүхэн аль болох хувь хүнийх нь сонголтын эрх чөлөөг хүндэтгэж хандаарай.

Эх сурвалжууд:
- И. Пүрэвдорж (Хүний удам зүйн ухааны эрдэмтэн) Удамшил номоос
- raisingchildren.net.au (Twins)
- Г. Төмөрзаяа (Ихрүүдийг заавал ижилхэн байлгах албагүй нийтлэл)

X
Нэвтрэх