fbpx

Хүмүүжил

image

Ирээдүйн нийгэм буюу хиймэл оюун ухаантнуудтай мөр зэрэгцэн ажиллаж амьдрах бидний хүүхдүүдийн алдаж болохгүй үнэт зүйл нь тэдний сэтгэл хөдлөл. Өөрөөр хэлбэл өөрийн сэтгэл хөдлөлөө зөв зохистой илэрхийлэх, хянах, бусдын сэтгэл хөдлөлийг таних, хариу үзүүлэх чадвар юм.

Таны хүүхэд сэтгэл зүрхний боловсрол, нийгмийн харилцааны оюун ухаан өндөр байж чадвал хамгийн их хөрөнгөтэй нэгэн гэсэн үг билээ.

1. ХҮНИЙ ХАМГИЙН АНХНЫ СЭТГЭЛ ХӨДЛӨЛ УЙЛАХ 😭
Хүүхэд өөрт ямар нэг зүйл хэрэгтэй эсвэл таагүй байгаагаа илэрхийлэхдээ уйлдаг. Тухайлбал: Өлсөх, даарах, халууцах, нойр нь хүрэх, хуурайлуулахыг хүсэх, таагүй орчинд байгаагаа илэрхийлэхдээ УЙЛДАГ. Энэ үед нь үл тоох, хайхрахгүй, ярилцахгүй байвал хүүхэд тодорхой мэдрэмж төрөөгүй, шаардлагатай биш байсан ч уйлах хандлагатай болчихдог буюу сэтгэл хөдлөлөө илэрхийлэх тухайлсан аргагүй, эцэг эх ч яагаад байгааг оношлох боломжгүй болох эрсдэлтэй.

Тиймээс хүүхдийг уйлах үед өмнөөс тань ярихгүй байсан ч ойлгож байгаа хэмээн бодож хийж буй үйлдэл бүхнээ түүнтэй ярилцаж, зүрхэн талдаа тэврэн тайвшруулж байгаарай. Ингэснээр хүүхдэд итгэх харилцаа бий болдог.

2. ХИЙЖ БУЙ ҮЙЛДЛЭЭРЭЭ СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ИЛЭРХИЙЛДЭГ
Иймээс та хүүхдийнхээ гаргаж буй үйлдлийг сайн ажиглаж энэхүү үйлдлийн цаана байгаа сэтгэл хөдлөлийг тайлахыг хичээгээрэй. Тухайлбал: Ойр зуурын юм авч шидлэх, хаалга савах, дуугаа хураах, гэнэт огцом чанга дуугарах, цаасан дээр сараачих гэх мэт ойлгомжгүй үйлдэл гаргах үеийг нь сайн ажиглаарай. "Юу болчихоов, яачихав, юу болсон гэж уурлаад байгаа юм" гэх мэт шууд үгүйсгэсэн байдлаар харилцахаас илүүтэй "Оройн хоол таалагдсангүй юу, найзууд нь гадуурхаад байна уу, ээждээ гомдчихсох уу эсвэл хэн нэгэн гомдоосон уу, хийж чадахгүй зүйл гарсан уу, туслах уу? сэтгэлд чинь хэн шуурга дэгдээгээд байна?" гэх мэт хүүхдээ нээлттэй хариулах боломжтой асуултыг зөөлөн эелдэг өнгөөр асуугаарай.

3. ОЙЛГОХ 🤔🤫
Х
үн, харилцаж буй хүн нь өөртэй нь ижил санаа бодолтой байгааг мэдрэх үедээ тайвширдаг. Тиймээс аль болох нөхцөл байдлыг ойлгож хүлээн зөвшөөрч байгаагаар харилцаарай. Шууд шийдвэрлэх зөвлөгөө өгөх эсвэл үгүйсгэх аргууд хамгийн тохиромжгүй. Уурлах, баярлах, уйлах, гомдох, шантрах бүгд хүн бүхэнд байх сэтгэл хөдлөлүүд. Эерэг сэтгэл хөдлөлийг нь дэмжиж, сөрөг сэтгэл хөдлөлөө эерэгээр тайлах, өөрийгөө тайвшруулах тоглоомын аргуудаас зааж, хамтдаа хийгээрэй.

4. СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ШУУД НЭРЛЭЖ, ТАНИХ АРГАД СУРАЛЦУУЛАХ
Энэ аргыг сурахад сэтгэл хөдлөлөө цаг агаар, улирлаар төлөөлүүлэн нэрлэхэд тохиромжтой байдаг. Тухайлбал: "өнөөдөр миний сэтгэлд шуурга шуурч байна, бороотой өдөр мэт бүрхэг байна, гал дүрэлзэж байна" гэх зэргээр эхлээд та хүүхдэдээ өөрийн сэтгэл хөдлөлөө ийнхүү зүйрлэлээр нэрлэн тайлбарлаж өгөөрэй.

5. Хэт их дүрэм журам, дэгийг баримтлуулах гэж оролдох, өөрийн үгээр байлгах, өмнөөс нь сонголт хийх шийдвэр гаргах зэрэг нь хүүхэд ӨӨРИЙГӨӨ ТАНИХ, ӨӨРИЙГӨӨ УДИРДАХ, ӨӨРИЙГӨӨ СЭДЭЛЖҮҮЛЭХ, БУСДЫГ ОЙЛГОХ, БУСАДТАЙ ХАРИЛЦАХ гэсэн хамгийн үнэтэй чанарыг нь үгүй хийдэг.

Тиймээс хүүхдээ сэтгэл хөдлөлөө сайн удирдаж сураасай хэмээн хүсэж байвал хүүхдээ өөрөө асуудлыг шийдэх аргыг сонгоход нь туслаарай. Тухайлбал; "Чамд ямар санагдаж байна, чи өөрөө юу гэж бодож байна, чиний бодлоор зөв зүйл үү, өөр ямар арга байна" гэх мэт сонголт өгсөн байдлаар ярилцаж байгаарай.

Төгсгөлд нь хэлэхэд, дийлэнх хөвгүүдийн сэтгэл хөдлөл дотогшоо байна. Хөвгүүдийг "эршүүд" болгоно гээд хатуу хандах, уйлах гомдоллохыг нь гоншигнолоо гэж эрс хориглох, насанд нь ахадсан ачааллаар дарж бие даалгах гэж эндүүрэх зэрэг нь сэтгэлээ, нөхцөл байдлаа, мэдрэмжээ илэрхийлдэг болоход нь тушаа болсоор байна.

Хөвгүүдийг хэдий чинээ ойлгож мэдэрч, байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайр дүүрэн өсгөнө төдий чинээ үүнийгээ бусдад түгээгч хүн болж төлөвшдөг билээ.

X
Нэвтрэх