fbpx

0-1 нас хүртэл

image

Дэлхий ертөнцтэй аажим аажмаар танилцах бяцхан багачуудын хувьд даган дуурайх гэдэг аливааг сурч мэдэх үндсэн арга нь байдаг. Хүүхэд үргэлжид л өөрийг нь тойрон хүрээлэх хүмүүсээс үлгэр жишээ аван, үйл хөдлөл, хэл яриаг нь дуурайх ч зарим үед томчууд бид тэдний хийж буй үйлдлийг нь дагаж хийх маягаар тэдэнтэй хөгжилддөг шүү дээ. Тэгвэл хүүхэд 6 сартайгаасаа эхлэн томчууд өөрсдийнх нь хийж буй үйлдлийг даган дуурайж, өөрсөдтэй нь тоглож байна гэдгийг ойлгож эхэлдэг гэдгийг нэгэн судалгаагаар тогтоожээ.

Шведийн Лундийн их сургуулийн судалгааны багийнхан 6 сартай нялх хүүхдүүдтэй дөрвөн өөр маягаар тоглосон байна. Үүнд:

  1. Хүүхдийн хийсэн бүхий л үйлдлийг толь шиг дуурайх
  2. Хүүхдийн хийсэн үйлдлийг урвуугаар нь хийх
  3. Ямар ч нүүрний хувирал гаргахгүйгээр хүүхдийн биеийн хөдөлгөөний дуурайх
  4. Хүүхдийн хийсэн үйлдлээс тэс өөр үйлдэл хийх.

Ихэнх эцэг эхчүүд хүүхэдтэйгээ дээр дурдсан аргуудын хамгийн сүүлчийн аргаар буюу хийсэн үйлдлээс нь тэс өөр үйлдэл хийх маягаар харьцдаг. Өөрөөр хэлбэл хүүхдэд тань ямар нэгэн зүйл хэрэгтэй байхад та түүнийг нь мэдрэхгүйгээр тэс өөр үйлдэл хийдэг гэсэн үг.

Харин эхний арга буюу хүүхдийн хийсэн үйлдлийг толины тусгал мэт дуурайх аргыг хэрэглэх үед хүүхэд өөрийг нь дуурайж буй хүн рүү удаанаар ширтэж, инээмсэглэж, илүү ойртохыг хичээж байгааг олж харжээ. Судалгааны удирдагчийн хэлж буйгаар:

- "Нярай үрсийнхээ үйл хөдлөлийг дуурайх нь тэдний юунд сонирхолтой гэдгийг мэдэж, тэдэнтэй илүү дотно харилцаа холбоо үүсгэхэд тусалдаг" гэжээ.

Судалгааны явцад хүүхдийн бас нэгэн зан үйлийг судалсан байна. Хүүхэд ширээг цохисны дараа судлаач ширээг цохиход хүүхэд ширээг дахин хэд хэдэн удаа цохидог. Ингээд судлаачийг хариу үйлдэл үзүүлэхийг хүлээнэ. Эндээс хүүхэд өөрийг нь дуурайж буй хүнтэй зан үйлийн хувьд холбоо үүсгэж байгаагаа мэддэг гэдгийг харж болно.

Иймээс хүүхэдтэйгээ байнга харилцаж, юунд дуртай, юунд сонирхолтой гэдгийг нь таниж, ойр дотно байгаарай.

Эх сурвалж: Science Daily

X
Нэвтрэх