fbpx

Ээж, аавуудад

image

Хүүхэд шөнийн цагаар эцэг эхээсээ тусдаа унтаж сурснаар биеэ даах чадвар нь хөгжиж эхэлдэг. Гэхдээ хүүхдээ хэчнээн ганцааранг нь унтуулмаар байв ч нэг бол унтаж өгөхгүй, унтсан ч шөнө нь уйлж сэрээд, эцэст нь хамтдаа өглөөг угтаж байна уу? Тэгвэл танд дараах зөвлөгөө туслах болно гэдэгт итгэлтэй байна.

1. УНТЛАГЫН ЦАГ ТОГТОО

Хүүхдээ 2-3 нас хүрмэгц нь тусад нь унтуулж сургах хэрэгтэй. Хэдий ингэж хүсэвч хүүхэд тань унтаж өгөхгүй, "тоглоё", "зурагт үзье", "ус ууя" гэж зовоож байна уу? Тэгвэл хүүхдээ өдөр бүр тогтмол цагт унтуулж хэвшээрэй. Мэдээж эхний хэдэн өдөр шууд л тогтсон цагт орондоо ороод унтаад өгөхгүй л болов уу. Хамгийн гол нь та тууштай байх ёстой шүү.

12 хүртэлх насны хүүхдийн хувьд оройн 21:00 цаг бол орондоо ороход хамгийн тохиромжтой цаг. Тиймээс оройн 20:00 цагаас эхлээд хүүхдээ усанд оруулж, унтлагын хувцсыг нь өмсүүлж, бүүвэйн дуу аялж, үлгэр уншиж өгөөрэй. Долоо хоногийн дараа л гэхэд хүүхэд оройд эдгээр зүйлсийг хийгээд ирэхээр тархинд нь тэртээ тэргүй "Удахгүй унтах гэж байгаа юм байна даа" гэсэн дохио ирдэг болно. Дахин нэг долоо хоног энэ цагийн хуваариар ажиллахад 21:00 цаг гэхэд нойр нь хүрдэг болно.

Мөн 20:00 цагаас хойш биеийн хүчний энерги шаардсан тоглоом тоглох, дуу чимээ ихтэй зүйлс үзэж сонсох, электрон төхөөрөмж хэрэглүүлэх зэргээс зайлсхийгээрэй.

2. ЦЭЭЖИНДЭЭ ТЭВЭР

Хүүхдийг цээжиндээ тэврэн унтуулснаар эцэг эх - хүүхдийн холбоо батжиж, хүүхдийн сэтгэл санаа тайвширч, сайн унтаж амарч чаддаг гэдгийг олон ч судалгаагаар тогтоосон байдаг. Нөгөө талаас эцэг эхдээ үнсүүлэх, гар барих, тэврүүлэх зэрэг ямар ч биеийн харилцаагүй хүүхдээс кортисол хэмээх стрессийн даавар ихээр ялгардаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл энэ төрлийн даавар их ялгардаг бол тайван амарч чадахгүй гэсэн үг.

3. ГЭРЛЭЭ БҮДГЭРҮҮЛ

Хүний бие их "ухаантай". Энэ зүйл гэрэлтэйд буюу өдрийн цагаар унтахгүй, харанхуйд буюу шөнийн цагаар унтана гэдгээ сайн мэддэг. Техник технологи хөгжихийн хэрээр бидний нойрны цагийн хуваарь ихээхэн алдагдаж байгаа шүү дээ. Өнөө цагт утастай болгон л орой унтахаасаа өмнө Фэйсбүүк, Инстаграм, Youtube зэрэг хуудсуудаар зочилж, сонин сайхан үйл явдлуудтай танилцдаг. Ингээд нэг л мэдэхэд 1-ээс дээш цагаар утсаа оролдчихсон хэвтэж байдаг шүү дээ. Тэгвэл цэнхэр гэрэл буюу дэлгэцийн гэрэл бидний тархинд "Гэрэлтэй байгаа учир унтах болоогүй байна гэсэн" дохиог өгч байдаг аж. Энэ нөлөө зөвхөн томчуудад ч гэлтгүй хүүхэд багачуудад маань ч гэсэн нөлөөлдөг. Тиймээс мөн л 20:00 цагаас хойш зурагт үзүүлэх, утсаар тоглуулахаас зайлсхийгээрэй.

4. ХАНЬ БОЛ

Хүүхэд ээж аавынхаа дэргэд тайван амарч чаддаг. Тиймээс хүүхдийг 3 нас хүртэл унтахад нь заавал хажууд нь байж хань болоорой. Хүүхдийнхээ орных нь хажууд сандал дээр суух эсвэл өөртөө зориулан жижигхэн ор зассан ч болно.

5. БИТГИЙ ОЧООРОЙ

Эцэг эхчүүд хүүхдээ тусад нь унтуулах гэж байж уйлах болгонд нь шууд очиж бүүвэйлээд байдаг. Гэвч тусад нь унтуулж сургах гэж байгаа бол хүүхэд өөрөө өөрийгөө тайвшруулж сурах нь чухал.

  • Эхний өдөр - Эхний удаа уйлбал 3 минут хүлээ (Хоёр дахь удаа бол 5 минут, гурав дахь удаа бол 10 минут)
  • Хоёр дахь өдөр - Эхний удаа уйлбал 5 минут хүлээ (Хоёр дахь удаа бол 10 минут, гурав дахь удаа бол 12 минут)
  • Гурав дахь өдөр - Эхний удаа уйлбал 10 минут хүлээ (Хоёр дахь удаа бол 12 минут, гурав дахь удаа бол 15 минут)
  • Дөрөв дэх өдөр - Эхний удаа уйлбал 12 минут хүлээ (Хоёр дахь удаа бол 15 минут, гурав дахь удаа бол 17 минут)
  • Тав дахь өдөр - Эхний удаа уйлбал 15 минут хүлээ (Хоёр дахь удаа бол 17 минут, гурав дахь удаа бол 20 минут)
  • Зургаа дахь өдөр - Эхний удаа уйлбал 17 минут хүлээ (Хоёр дахь удаа бол 20 минут, гурав дахь удаа бол 15 минут)
  • Долоо дахь өдөр - Эхний удаа уйлбал 20 минут хүлээ (Хоёр дахь удаа бол 25 минут, гурав дахь удаа бол 30 минут)

6. ХАР ДАРСАН ЗҮҮД

Бага насны хүүхдийн 80 орчим хувь нь шөнө дунд хар дарж сэрдэг гэсэн судалгаа бий. Хар дарж сэрчихээд эргэн тойронд нь хэн ч байхгүй бол хүүхэд маш их айж, уйлах нь мэдээж. Тэгвэл эцэг эхчүүд хүүхдэдээ "хар дарсан зүүд гэдэг бол бодит амьдралд тохиолдсон зүйл биш, зүгээр л зүүд" гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй. Мөн энэ төрлийн зүүднээс сэрсний дараа зүүдээ үргэлжлүүлэн бодож, төсөөллийн ертөнцдөө аз жаргалтайгаар төгсгөж сургах нь хамгийн зөв арга юм. 

Эх сурвалж: Bright Side, Baby Sleep Site

X
Нэвтрэх