fbpx

Мэдээ, мэдээлэл

Гэр бүл салалт гэдэг зүйл аль ч цаг үед нийгмийн тулгамдсан асуудал байсаар ирсэн. Үүний улмаас эцэг эхийнх нь аль нэг нь эсвэл хоёулаа хүүхдээсээ сураг тасарснаар хүүхдийн хүмүүжилд засаж болшгүй алдаа гаргадаг.

Гэхдээ нөгөө талаараа энэ хүнд хэцүү үед хүүхэдтэйгээ ярилцаж, хангалттай хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлбэл тэд ирээдүйд аливаа асуудлыг шийдвэрлэх чадвартай, уян хатан, тэсвэр тэвчээртэй нэгэн болж хүмүүжих боломжтой юм шүү. Ингээд гэр бүл салалтын үед хүүхэдтэйгээ хэрхэн ярилцах тухай зөвлөгөөг хүргэж байна.

Эцэг эхтэйгээ элэг бүтэн амьдарч байсан хүүхэд ийм мэдээг сонсоод ямар хариу үйлдэл үзүүлэх нь тэдний нас, зан араншин болон эцэг эхийнх нь салалтын нөхцөл байдал ямар байгаагаас шууд шалтгаална.

Улмаар энэ мэдээг сонсоод цочирдох, уурлах, уйтгарлах, гуниглах, түгшүүрт автах зэрэг ямар ч хариу үйлдэл үзүүлэх боломжтой учир энэ нөхцөл байдалд аль аль тал нь бэлэн байх хэрэгтэй.

САЛАХ ГЭЖ БУЙГАА ЯАЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ? 

Та гэр бүлийн хүнээсээ салахаар шийдсэн л бол үүнийгээ хүүхдэдээ нэн даруй хэлэх хэрэгтэй. Хүүхэд энэ мэдээг та хоёроос урьтан эмээ өвөө, ах эгч, ангийн багшаасаа сонсчихвол нөхцөл байдал дордоно уу гэхээс дээрдэхгүй.

  • Салах гэж буй мэдээг эцэг эх хоёр нь хамтдаа дуулгах
  • Хүүхэд ямар ч хариу үйлдэл үзүүлэхэд нь бэлтгэлтэй байж, уурлаж загнахгүй байх
  • Хүүхдийн нас, бие даасан байдал, темперамент зэргээс хамаарч энэ харилцан яриаг өрнүүлэх хэв маяг нь ялгаатай байна. Хэрэв хүүхэд тань бага, балчир насных бол "Ээж аав хоёр нь хувь хувьдаа байшинтай болж байгаа учраас тусдаа амьдрахаар боллоо. Тиймээс дахиж муудалцахгүй гэсэн үг. Гэхдээ бид хоёр чамдаа хайртай хэвээрээ шүү" гэх мэт
  • Харин аливааг ойлгох хэмжээний насанд хүрсэн бол та хоёроос хариулахад хэцүү асуултууд асууж магадгүй. Мэдээж ямар ч асуулт асуусан бай хамтрагчаа муулахаар хариулт өгөхөөргүй бол үнэнээр нь хариулаарай
  • Эцэг эх нь хүүхдээсээ болж салаагүй гэдгийг хэлж тайлбарласан ч хүүхэд дотроо өөрийгөө буруутгах хандлагатай байдаг. Тиймээс 1 удаа ярилцаад л болчихлоо гэж бодож байвал эндүүрэл юм шүү

САЛАЛТЫН ДАРААХ АМЬДРАЛАА ТӨЛӨВЛӨХ

Та хоёрын дундаас хүүхэд төрсөн л бол салсан ч харилцаатай хэвээр байна гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй.

  • Хэрүүл маргаан, хууль эрхзүйн тухай яриаг хүүхдээ байхгүйд хэлэлцэх
  • Хүүхдийнхээ хичээл, дугуйлан, цагийн хуваарийг алдагдуулахгүй байх
  • Хүүхдийнхээ амьдралтай холбоотой чухал үйл явдлуудад аль аль тал нь оролцох
  • Салалтын улмаас танд найз нөхөд, сэтгэл судлаач, гэр бүлийн гишүүдийн зүгээс тодорхой хэмжээний тусламж, дэмжлэг хэрэг болно. Гэхдээ хүүхдээсээ тусламж бүү хүсээрэй
  • Хүүхдийнхээ цаашдын амьдралд нь ямар өөрчлөлт гарахыг тайлбарлах

Ингээд салалтын дараа хүүхдэд тань уйтгарлах, уурлах, хэт их сэтгэл хөдлөлтэй болох зэрэг өөрчлөлтүүд ажиглагдвал хүүхдийн сэтгэлзүйчид заавал хандаарай.

Эх сурвалж: Kid Health

X
Нэвтрэх