Хоёр ба түүнээс олон хүүхдүүдтэй эцэг эхчүүд гэрт нам жим байдал тийм ч удаан үргэлжилдэггүйг сайн мэдэх байх. Өөрөөр хэлбэл хүүхдүүд тань нэг харахад жигтэйхэн сайхан тэврэлдчихсэн сууж байдаг бол дахиад нэг харахад бие биенээ алах нь уу дээ гэлтэй ноцолдож байдаг. Заримдаа бүр бие биедээ үнэхээр л дургүй юм байх даа гэж бодогдох нь бий.
Тэгвэл тэднийг маргалдаж байхад ХЭЗЭЭ, ХЭРХЭН болиулах вэ гэдэг тань тэдний цаашдын харилцаанд нөлөөлж байдаг байна.
ТЭД ЯАГААД МУУДАЛЦДАГ ВЭ?
Юун түрүүнд тэд яагаад маргалддаг вэ гэдгийг тайлбарлах гэж оролдъё. Нэг айлын хүүхдүүд ихэвчлэн эцэг эхийнхээ анхаарал, хайр халамжийг булаацалдан муудалцдаг. Энэ үед тэд ноцолдож, дүү нь ах/эгчийгээ бүтэн нэрээр нь дуудах, элдэв үгээр доромжлох зэрэг байдлаар бухимдлаа илэрхийлнэ. Гэхдээ байнга биш ч тодорхой хэмжээнд муудалцаж, түнжин хагарах нь хэвийн үзэгдэл. Энэ нь хүүхдүүд юу хүсэж, юу мэдэрч байгаагаа илэрхийлж чадаж байна гэдгийн илрэл юм.
Мөн хүүхдүүд тань хоорондоо хэрхэн муудалцах нь тэдний нас, хүйс, зан араншин, гэр бүлийн гишүүдийн тоо зэрэг олон хүчин зүйлсээс хамаарна. Үүнд:
- Хоорондоо цөөн насны зөрүүтэй хүүхдүүд олон насны зөрүүтэй хүүхдүүдтэй харьцуулахад муудалцах давтамж нь их байдаг.
- Ижил хүйсийн хүүхдүүдийн хувьд ижил зүйлсийг сонирхох буюу хоорондоо эвтэй байж болох ч нөгөө талаараа эв түнжингүй байх ч боломжтой.
- Төрсөн эцэг эх нь салсан хүүхдүүд хамт амьдардаг асран хамгаалагчаасаа илүү их анхаарал хүснэ. Нэн ялангуяа хойд ах, эгч, дүүстэйгээ амьдардаг бол өөрийн төрсөн эцэг/эхийнхээ анхаарлыг илүү хүснэ гэсэн үг.
Мөн хүүхдүүд өсөх тусам муудалцах хэв маяг нь ч өөрчлөгдөнө. Тухайлбал, бага насандаа биеийн хүчний аргаар буюу зодолдох, ноцолдох маягаар дургүйцлээ илэрхийлэх бол нас нэмэгдэх тусам хэрэлддэг болно.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ эв түнжин сайтай байлгахын тулд дараах алхмуудыг хийх хэрэгтэй. Үүнд:
- Хүүхэд бүрийнхээ хэрэгцээг хүндэл – Үүгээрээ аль нэг хүүхдэдээ илүү хандаарай гэж хэлж байгаа юм биш шүү. Зарим эцэг эхчүүд онц сурдаг хүүхдэдээ илүү их анхаарал халамж, санхүүг зарцуулах гээд байдаг. Энэ бол маш буруу юм. Мөн тэднийг муудалцуулахгүй гээд яг ижилхэн бэлэг авч өгөх нь ч тохиромжгүй. Тиймээс хүүхэд бүрийнхээ онцлог, сонирхол, зан араншинд нь тулгуурлан бэлгээ сонгоорой. Мөн бүгдийг нь ижил дугуйланд хамруулахын оронд эхлээд өөрөөс нь ямар дугуйланд хамрагдмаар байгаа, юу сонирхож байгааг нь асуугаарай.
- Харьцуулалт хийхээс татгалз – Хүүхдүүдийнхээ ур чадвар, давуу талуудыг хооронд нь харьцуулах шиг буруу зүйл гэж үгүй. Үнэхээр л гэр бүлийн хүнтэйгээ энэ талаар ярилцмаар байвал хүүхдүүдээ байхгүй үед нь ярилцаарай.
- Дүрэм тогтоогоорой – Хүүхдүүдийнхээ хоорондын харилцаанд багахан хэмжээгээр оролцох нь тийм ч буруу үйлдэл биш. Өөрөөр хэлбэл тэдний хоорондын харилцаан дахь ямар үйлдэл нь хэвийн, ямар нь хэвийн бус гэдгийг тогтоож өгөөрэй. Мөн гэр бүлийн дүрэмд зааснаар хэвийн бус үйлдэл гаргасан гишүүн ямар хариуцлага хүлээхийг ч тогтоогоорой.
- Маргаанд нь бүү оролц – Хэдийгээр хүүхдүүдийн тань хоорондын насны зөрүү их байсан ч бага хүүхдээ өмөөрч үг бүү хэлээрэй. Юун түрүүнд өөрөөр нь өөрийг нь илэрхийлүүлж сурга.
- Асуудлаас урьдчилан сэргийл – Хэрэв хүүхдүүд тань нэг асуудлаас болоод олон удаагийн давтамжтайгаар маргалдаж байгаа бол шийдэл олоход нь тусалж болох юм. Жишээлбэл, хүүхдүүд тань байнга л компьютер, зурагтаа булаацалдаж байдаг бол өдөрт ашиглах хугацааг нь тогтоож өгөөрэй.
- Хүүхдээ сонс – Монгол эцэг эхчүүдийн түгээмэл гаргадаг алдаа бол хүүхдээ сонсдоггүй явдал. Яг үнэндээ бага байхад ах эгчтэй, аль эсвэл дүүтэй байх үргэлж сайхан санагддаггүй байсан нь үнэн шүү дээ. Ялангуяа өрөөгөө, зурагтаа, тоглоомоо хуваалцахаас эхлээд гарах асуудлууд цөөнгүй. Тиймээс яагаад бие биентэйгээ муудалцаад байгаа, яг юу нь таалагдахгүй байгааг нь яриулж, сонсож, эргүүлээд зөвлөгөө өгөх нь зүйтэй. Та өөрөө ч мөн ах эгчтэй байхдаа ямар асуудал гардаг байсан, тэрийгээ хэрхэн шийддэг байсан талаар жишээ болгоод тайлбарлавал бүр ч сайн.
- Магт – Хүүхдүүд тань хоорондоо эв түнжинтэй байж хамт тоглох, нэг баг болон ажиллах зэрэг үед нь сайхан үгээр магтаарай.
- Хайртайгаа илэрхийл – Эцэг эх нь өөртэй нь хамт цагийг өнгөрөөхөөс илүү хайрын илэрхийлэл гэж үгүй. Тиймээс хүүхэд болгонтойгоо цагийг хамт өнгөрөөж хэвшээрэй. Бага хүүхэд тань ном унших дуртай бол хамт ном уншиж, том хүүхэд тань сагс тоглох дуртай бол хамт сагс тоглох гэх мэт.
ИХЭР ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ?
Ихэр хүүхдүүд хоорондоо муудалцах тохиолдол харьцангуй бага. Тэд бага байхаасаа л маш нандин холбоог үүсгэчихдэг учраас муудалцсан ч тийм санаа зовох хэмжээгээр муудалцахгүй.
Гэхдээ эцэг эхчүүд тэднийг хувь хүн гэж харалгүйгээр “нэгэн бүхэл” зүйл гэж үзэх гээд байдаг тохиолдол бий. Хэдий гадаад үзэмжээрээ усны дусал мэт ижилхэн байж болох ч дотоод хүн нь дахин давтагдашгүй байдаг билээ. Тиймээс ижилхэн өнгө загвараар хувцаслаж, ижилхэн тоглоом бэлэглэх нь хамгийн тохиромжгүй арга. Үүний оронд хувийн онцлогийг нь хүндэтгээрэй.
Мөн ихэр ах эгч, эсвэл дүүтэй хүүхдүүдэд “жийгдсэн” мэт мэдрэмж төрөх тохиолдол бий. Учир нь тэд ихрүүдийн нандин харилцааны нэгэн хэсэг болж чадахгүй өнгөрсөн байна шүү дээ. Тиймээс таны зүгээс хүүхэд бүртэйгээ тусгайлан цаг гаргаж, ихэр хүүхдүүдээ үргэлж л хамт байлгаад байхгүйгээр нөгөө хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөөхийг зөвлөөрэй.
Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар ах дүү нар муудалцах нь хэвийн үзэгдэл бөгөөд эцэг эх таны зүгээс тэднийгээ сонсож, хувь хүн гэдэг талаас нь хандаж, асуудлаа өөрсдөөр нь шийдүүлэх боломжийг олгоход л болох аж.
Эх сурвалж: Mayo Clinic