fbpx

Мэдээ, мэдээлэл

АХБ 1997 оноос хойш эрүүл мэндийн салбарт нийт 40 орчим төсөл хэрэгжүүлснээс тав нь урт хугацаатай, өргөн хүрээг хамарсан төслүүд байв. Тав дахь төслийг хэрэгжүүлэх явцад тулгамдсан бэрхшээл, хүрсэн үр дүнгийн талаар АХБ-ны Эрүүл мэндийн салбар хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяатай ярилцсан юм.

-АХБ-ны хувьд бид төслөө боловсруулахдаа өмнөх төслийн хүрээнд ямар амжилтад хүрэв гэдгийг харгалзан дараагийн төслөө бичдэг. Нэг юмнаас нөгөө рүү үсчилгүй, аль болох өмнөх төслөө үргэлжлүүлэхийг зорьдог.

Манай улс социалист баримжаатай тогтолцооноос зах зээлийн нийгэм рүү шилжиж эрүүл мэндийн салбарт тогтолцооны маш том шилжилт хийж байгаа тул 5-7 жилийн хугацаатай нэг төслөөр үр дүнд хүрэх нь хэцүү.

Эх үүсвэр талаас АХБ ердийн зээл, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцаа олгодог. Тухайн үйл ажиллагаанд эдгээрийн аль нь илүү тохирох вэ гэдгийг бодолцон бид эх үүсвэрийн төрлөө сонгодог.

Мөн төслүүдээ бид аль болох цогц байхыг чухалчилдаг. Зөвхөн барилга барих эсхүл тоног төхөөрөмж нийлүүлэх бус харин тухайн асуудлыг цогцоор нь шийдэхийн төлөө шаардлагатай бодлого, хууль дүрмийг сайжруулахаас эхлээд, хүний нөөцийн сургалт, мэдээллийн тогтолцоо гэх мэт зөөлөн дэд бүтцийг хамтад нь бүрдүүлэхийг зорьдог.

Бид Засгийн газрын хийж буй ажлыг дэмжих зорилгоор төслүүдээ хэрэгжүүлдэг. Тухайн үед ямар асуудал илүүтэй тулгамдаж байна, түүнийг шийдэхэд төсөл чиглэдэг юм. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах нь бидний эхний төслүүдийн зорилго байв. Манай улсад өрхийн эрүүл мэндийн тогтолцоо байгаагүй. Хот суурин газруудад өрхийн эрүүл мэндийн төв байгуулахыг АХБ анх санаачилсан юм. Мөн хөдөө орон нутгийн сумын эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулахад ихээхэн ач холбогдол өгч ажилласан. Анхан шатны, нэн шаардлагатай тусламжийг тухайн хүн хаана ч байсан авах нөхцөл бүрдүүлэхийг зорьсон. Энэ тусламж иргэдэд ойр, чанартай мөн санхүүгийн дарамт учруулахгүй байх ёстой. Анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлийн төслүүд тодорхой амжилтад хүрсэн ч сайжруулах зүйлс одоо ч бий.

Хоёр дахь багц төсөл эрүүл мэндийн санхүүжилт, даатгалын тогтолцоог шинэчлэхэд чиглэсэн. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн хамгийн оновчтой загварыг бий болгохоор 20 орчим жил ажиллаж байна. Байхгүй байсан эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгосноор тодорхой амжилтад хүрсэн. Эрүүл мэндийн даатгалын сан байгуулагдаж эрүүл мэндийн даатгалын байгууллага бие даасан үйл ажиллагаа явуулж байна. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилт, төлбөрийн аргыг илүү боловсронгуй болгохыг зорьж ирсэн. Эмнэлгийг зүгээр нэг санхүүжүүлэх бус харин санхүүжилт нь тусламж үйлчилгээний чанар, сайн гүйцэтгэлийг дэмждэг байхыг чухалчилж тодорхой үр дүнд хүрээд байна.

Эрүүл мэндийн гурав дахь багц төслүүдээр бид эмнэлгийн тусламж үйлчилгээг оновчтой болгоход анхаарсан. Энэ нь эрүүл мэндийн салбарын гол шинэчлэлүүдийн нэг байв. Бодлогын баримт бичгүүд болон холбогдох хуулийг батлахад ЭМЯ-нд дэмжлэг үзүүлж ажиллалаа. Эмнэлгүүд бие даасан, үр ашигтай ажилладаг болоход анхаарч, эмнэлгийн засаглалыг сайжруулахад анхаарсан.

Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслөөр бид тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах зорилго тавьсан. Цус, цусан бүтээгдэхүүнээр дамжин өвчтөн халдвар авах эрсдэл өндөр байв. Уг нь хүн өвчнөө эдгээх гэж эмнэлэгт ирдэг шүү дээ. Одоо энэ эрсдэл 0 болсон. Мөн цус, цусан бүтээгдэхүүний хүртээмжийг нэмсэн. Өмнө нь орон нутагт томоохон осол болох, эх цус алдах, хагалгаа хийх гэх мэтэд өвчтөнд зайлшгүй цус хийх шаардлага гарахад хаанаас авах вэ гээд сандрах үе байв. Үүнийг олон нийт төдийлөн мэдэхгүй ч эмнэлгийн салбарынхан энэ бэрхшээлийг сайн мэднэ. Одоо бүх аймагт цусны салбар төв ажиллаж, олон жилийн нөөцөө бүрдүүлсэн. Ямар нэг асуудал гарлаа гэхэд барьц алдахгүй, сандрахгүй, өөрийн найдвартай бүтээгдэхүүнтэй болсон.

ЭМСХХ-5 төслийн хоёр дахь чиглэл нь эмнэлгийн халдвар хамгааллыг сайжруулахЭнэ төсөл яг цагаа олж хэрэгжсэн. Ковидын улмаас эмнэлгийн аюулгүй орчин, эмнэлэгт халдвар тархахгүй байх нь ямар чухал болохыг бид харж байна. Үүнийг бүрдүүлэхийн төлөө ажилласан. Бүх эмнэлгийн ариутгалын тасгуудыг шинэчилж, орчин үеийн тоног төхөөрөмжүүд суурилуулсан ба энд эмнэлгийн бүх төрлийн багаж хэрэгслүүдийг ариутгаж байна. Мөн нян судлалын лаборатори байгуулж, тогтмол дээж авч шинжилж эмнэлэгт гарч болзошгүй халдварыг тандан хянадаг болсон. Эмнэлгийн дотоод халдвар олон арга замаар дамжих магадлалтай. Мэс заслын багажууд, шээлтүүр, дурангийн гуурснууд гэх мэтчилэн, иймд эдгээрийг маш сайн ариутгах ёстой. Ариутгалыг зөв хийсэн үү, багажууд цэвэрхэн болсон уу гэдгийг лабораторийн шинжилгээгээр байнга бататгах шаардлагатай байдаг.

Цаашид ковидоос өөр халдвар дахин гарна. Тэр тохиолдолд эмнэлэг дотор халдвар тараахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд энэ төсөл их хувь нэмэр оруулсан. Эмнэлэгт халдвартай хүн орж ирэхэд өөр хүмүүст тараахгүйн сацуу эмч ажилтнууд өөрсдөө халдвар авахгүй байхад хувь нэмэр оруулсан. Энэ бүхэн тусламж үйлчилгээний чанарын асуудал.

-Эмнэлгийн ажилтнууд гепатитын В,С вирусийн халдвар авах, шүдээ эмчлүүлэх гэж очсон өвчтөн багажаар дамжуулан халдвар авсан тохиолдлууд бий. Мөн хэдхэн жилийн өмнө амаржих газарт нярайн халдвар гарсан. Цаашид ийм халдварууд тархахгүй байх орчныг бүрдүүлсэн гэж ойлгож болох уу?
-Бид эмнэлгүүдийн ариутгалын хүчин чадлыг даруй 3-5 дахин нэмсэн. Ариутгал хийх гар ажиллагааг аль болох бага болгоход анхаарч, автоматжуулсан. Багаж бүрд тохирсон, тус тусдаа температурын горимтой ариутгалын машинууд суурилуулсан юм. Ариутгалын тасгийг цоо шинэ шатанд гаргасан нь том ахиц. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бид 27 ариутгалын тасгийг шинэчилсэн. Гурав дахь шатлалын бүх эмнэлэг хамрагдсан, мөн дүүргийн эмнэлгүүд болон 15 аймгийн эмнэлгийг хамруулаад байна. ЭМСХХ-5 төсөл дээр нэмэлт санхүүжилт баталсан ба энэ эх үүсвэрээр үлдсэн найман аймгийн ариутгалын тасгийг засаж тохижуулна.

Ингэснээр улсын хэмжээнд бүх ариутгалын тасаг орчин үеийн багаж төхөөрөмжтэй болно. Гэхдээ хяналт чухал гэдгийг дахин хэлье. Халдвар гарсны дараа биш байнга, тогтмол хянах нь чухал. Бид 19 эмнэлгийн нян судлалын лабораторийг засаж, иж бүрэн тоног төхөөрөмжүүд худалдан авсан. Хүчин чадал сайтай тоног төхөөрөмж авахаар тухайн эмнэлгийн дэд бүтцийг давхар шийдэх шаардлага гарсан. Цахилгааны хэрэглээ өндөр тоног төхөөрөмж ашиглаж эхлэхээр тухайн эмнэлгийн цахилгааны эх үүсвэр найдвартай байх шаардлагатай. Мөн ариутгалын тасгуудад цэвэршүүлсэн, шүүсэн ус л хэрэглэнэ. Иймд ус цэвэршүүлэх байгууламж, цахилгаан тасрахад хэрэглэх 1-4 тоннын багтаамжтай, усны нөөцийн савнуудыг орон нутгийн эмнэлгүүдэд суурилуулсан. Ингэж цогц байдлаар нь шийдсэн. Одоо эмнэлгүүд идэвхтэй тандалтын тогтолцоог сайн мөрдөх нь чухал.

Өвчтөн бүрд нэг удаагийн багажаар үйлчлэх боломж хаана ч байхгүй. Иймд эмнэлгүүд багажаа ариутгахаас аргагүй. Жишээ нь амьсгалын аппаратаар халдвар дамжих эрсдэлтэй. Мэс засалд орсон зарим хүн шарх нь эдгэхгүй байна гэж ярьдаг. Тэнд нэг төрлийн халдвар байна гэсэн үг. Багажаас гадна эмнэлгүүдийн агааржуулалт чухал үүрэгтэй. ЭМСХХ-4 төслөөр Сонгино хайрхан дүүрэгт олон тусламж үйлчилгээг нэг дор үзүүлэх, орчин үеийн эмнэлэг байгуулсан. Сонгино хайрхан дүүргийн шинэ эмнэлэг олон талаараа загвар эмнэлэг болсон. Тэнд агааржуулалтын тусдаа тогтолцоо бий. Манай ихэнх эмнэлгийн барилга хуучирсан.

Өнөө үед байшин бариад л эмнэлэг гэж нэрлэж болохгүй. Дотоод зохион байгуулалт, агааржуулалтын систем, цахилгааны эх үүсвэр, хог, бохирын усны хаягдлыг анхнаас нь зөв төлөвлөх шаардлагатай. Эдгээрийг СХД-ийн эмнэлэгт иж бүрнээр нь хийсэн. Одоо манай дүүргийн зарим эмнэлэг огт өөр зориулалтаар барьсан байшинд ажиллаж байгаа тул орчин үеийн шаардлагыг хангахгүй. Иймд хэчнээн сайн тоног төхөөрөмж тавьсан ч агааржуулалтаар дамжин халдвар дамжих нөхцөл бий. Жишээ нь таазыг ч цэвэрлэх боломжтойгоор хийх ёстой. Манай эмнэлгүүдийн таазыг гипсээр хийсэн тул цэвэрлэх боломжгүй. Бид эмнэлгийн барилгын олон улсын стандартыг Монголд, нэн ялангуяа улсын салбарт нэвтрүүлж байна. Хувийн хэвшлийн хэдэн сайхан эмнэлэг бий, харин улсын эмнэлгүүд ер нь барилга байгууламжийн хувьд их хоцрогдсон байгаа.

ЭМСХХ-5 төслөөр бид ариутгалын тасаг, цусны салбар төв, нян судлалын лабораториудыг шинэчилснээр эмнэлгээс шалтгаалах халдварыг бүрэн зогсоож чадахгүй. Харин эмнэлгийн багаж хэрэгслээр мөн цус цусан бүтээгдэхүүнээр дамжих халдварыг зогсоосон гэж болно.

-ЭМСХХ-5 төсөл тавьсан бүх зорилтоо бүрэн хэрэгжүүлсэн үү?
-Энэ төслийн нэг чиглэл нь эмнэлгийн хог хаягдалтай холбоотой байсан. Бид төслийг эхлэхээс өмнө их том зорилт тавьсан байв. Нийслэлд хог хаягдлын менежментийн төвлөрсөн байгууламж барих зорилго дэвшүүлсэн байсан. Олон улсын стандартын дагуу эмнэлгийн болон аюултай хог хаягдлыг маш өндөр хэмээр шатаах төвлөрсөн байгууламж барих зорилт дэвшүүлсэн ч төслийг хэрэгжүүлэх хугацаанд энэ зорилтдоо хүрч чадаагүй. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн.

Ер нь манай улсын хог хаягдлын хууль, дүрэм журмууд маш ойлгомжгүй, хоорондоо зөрчилдөөнтэй бас хэрэгжилтийг хариуцах манлайлах эзэнгүй гэж болно. Бид хогоо яах вэ гэж боддог ард түмэн биш юм байна. Хогоо гэрээсээ л гаргаад хаявал болно гэсэн хандлагатай. Тухайн үеийн Засгийн газрын, нийслэлийн хүмүүстэй ярьж, төвлөрсөн байгууламжийг байршлыг олон удаа хэлэлцсэн ч шийдэлд хүрч чадаагүй. Эмнэлгийн хог хаягдал аюултай хог хаягдал тул Засгийн газрын заасан байршилд хогийг устгана гэсэн заалт хуульд бий. Гэвч эмнэлгийн хог хаягдлыг хаана яаж хаяхаа одоо ч шийдэж чадаагүй байна. Одоогийн хэрэглэж байгаа халдваргүйжүүлээд булах арга бол хүн ам нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа Улаанбаатар хотод хоцрогдсон бөгөөд явуургүй, байгаль орчиндоо сөрөг нөлөөтэй юм. Нийслэлд аюултай хог хаягдлыг булах нь зөв үү гэдэгт нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байна. Мөн одоогийн байршил нь Нарангийн энгэр нийслэлийн хойд зүгт, салхины дээр байгаа тул тохиромжгүй гэж үзсэн. Одоогоор нийслэлд улс болон хувийн эмнэлгүүдийн хогийг цуглуулан, халдваргүйжүүлэн булах ажлыг нэг хувийн хэвшлийн байгууллага гүйцэтгэдэг. Гэвч энэ байгууллага цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх, энэ байгууллагыг цаашид төр нь дэмжих эсэх нь ч тодорхойгүй байна. Иймд хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих ажлыг зогсоосон.

Аймгийн түвшинд одоо хэрэглэж буй хогийг булах технологи тохирч байгаа. Аймагт олон эмнэлэг байхгүй. Аймгийн нэгдсэн эмнэлэг, хувийн болон өрхийн эмнэлэг л бий. Аймгийн эмнэлэгт эдгээрийн бүх хогийг цуглуулан, ангилаад, халдваргүйжүүлээд булдаг. Бид эмнэлэг дотроо хогоо хэрхэн ангилах дүрэм журмыг боловсруулан, үүнд шаардлагатайг тоног хэрэгслээр хангасан. Мөн аймгийн эмнэлгүүдэд хог хаягдлыг түр хадгалах байр барьсан юм. Үүндээ хогоо ангилан, түр хадгалж байгаад халдваргүйжүүлэн бутлаад хогийн заасан цэгт булж байгаа.

-ЭМСХХ-5 төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж бий. Та төслийн нэгжийг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажилладаг уу?
-Тийм. Бид төслийн саналыг ЭМЯ-тай хамтран боловсруулдаг. Төсөл батлагдсаны дараа төсөл хэрэгжүүлэх нэгжийг ЭМЯ байгуулдаг. Төслийн нэгж яамны нэг хэсэг болж ажилладаг. Бид хэрэгжилтэд хяналт тавихдаа тухайн төсөл дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хүрч байна уу гэдгийг голлон хардаг. Хоёрдугаарт, төслийн хөрөнгийг буруу зарцуулах, төслийн хамааралгүй үйл ажиллагаанд зарцуулсан уу зэргийг хянана. Төслийн хүрээнд хийсэн худалдан авалт, тендерийг ЭМЯ зарлан явуулдаг. Бид хяналт тавихдаа дүрмийн дагуу явуулсан уу, нээлттэй байна уу, үнэлгээгээ зөв хийсэн үү гэдэгт үечилсэн хяналт тавьдаг. Жилд 1-2 удаа төслийн хэрэгжилтэнд хяналт хийж тулгамдсан асуудалд дэмжлэг үзүүлэх байдлаар ажилладаг юм.

-Энэ төслийг хэрэгжүүлсэн долоон жилийн хугацаанд та бүхэнд ямар саад тулгарсан бэ?
-Хог хаягдлын төвлөрсөн байгууламж барьж чадаагүйг би дурдсан.

-Өөр нэг асуудал бол улс төрийн тогтворгүй байдал. Ер нь манай эрүүл мэндийн сайд нар дунджаар 1.4 жилийн хугацаатай ажилладаг. ЭМСХХ-4 болон 5 төслүүд Засгийн газар тогтворгүй байсан үетэй давхацсан юм. Сайд өөрчлөгдөх бүрд яамны хэлтэс, газрын дарга нар солигддог. Энэ нь төслийн ажил удаашрахад хүргэдэг. Энгийн жишээ татвал, тоног төхөөрөмж авахаар үнэлгээний хороо байгуулсан байтал Засаг солигдонгуут өмнөх Үнэлгээний хороог татан буулгачихдаг, дахин байгуулах хүртэл цаг алдана. Шинээр ирсэн дарга нарт бид төслийн үйл явцаа тайлбарлахад мөн цаг зарцуулдаг. Хэдийгээр үе үеийн Засгийн газрууд тогтвортой байдлыг хангана гэдэг ч эхлүүлсэн ажлыг өөрчилчих гээд байдаг.

-Төслийн хүрээнд олон мянган ам.долларын үнэтэй тоног төхөөрөмжүүд худалдан авдаг. АХБ худалдан авалтын ямар бодлого баримталдаг вэ?
-Бид аль болох нээлттэй байх зарчим баримталдаг. Тухайн төслийн хүрээнд ямар хэмжээний худалдан авалт хийх вэ гэсэн төлөвлөгөө бий. Төсөл боловсруулахдаа л үүнийг хамт гаргана. Энэ төлөвлөгөө төслийн мэдээлэлтэй хамт, олон нийтэд ил байдаг. Тендер, худалдан авалтыг тухайн төслийг хэрэгжүүлж буй яам хариуцан зохион байгуулдаг юм. Яам өөрсдөө үнэлгээний хороо байгуулж, тендерийн бичиг баримтаа боловсруулна. Тендерт аль болох олон компани оролцуулахыг, аль нэг компани, үйлдвэрлэгчид давуу байдал олгохгүй байхыг мөн үнэлгээг АХБ-ны худалдан авалтын дүрмийн дагуу хийсэн эсэхэд бид хяналт тавьдаг.

-Төслийн үр дүнг илүү удаан хугацаанд хадгалж авч явахын тулд цаашид Засгийн газар, ЭМЯ юунд анхаарах нь зөв бэ?
-Энэ их чухал. Бид үүнд санаа зовдог юм. Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг байнга, найдвартай хийх шаардлагатай. Иймд ЦССҮТ-д цусны салбаруудын тоног төхөөрөмжийг засварлах нэгж байгуулсан. Мэдээллийн технологийн програм хангамжийг нь ч шийдсэн. ЦССҮТ-ийн инженерүүд хэзээ, аль аймгийн ямар тоног төхөөрөмжид урсгал засвар үйлчилгээ хийх, эд анги солих шаардлагатайг алсаас буюу оффисоосоо хянадаг. Бүх аймагт нэг төрлийн тоног төхөөрөмж нийлүүлсэн тул засварын нэг нэгж бүгдийг нь хариуцах боломжтой. Энэ загварыг манай эрүүл мэндийн бусад чиглэлд нэвтрүүлэх саналыг бид тавьдаг. Эмнэлгийн маш олон төрлийн тоног төхөөрөмж бий. Эдгээрийг бүгдийг нэг засварын нэгжид хариуцуулж болохгүй. Иймд засвар үйлчилгээнийхэн аль нэг төрлөөр нь дагнах хэрэгтэй. Лабораторийн инженер компьютер томографын аппартыг засахгүй. Тоног төхөөрөмжүүдийг төрөл, агуулгаар нь багцлан, засварын хэд хэдэн нэгж байгуулах шаардлагатай.

ЦССҮТ-д байгуулсан засварын нэгжийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн, төслийн хүрээнд олгосон тоног төхөөрөмжүүдийн найдвартай байдлыг хангах нь чухал байна. Энэ загварыг цааш үргэлжлүүлэх нь Засгийн газрын үүрэг. Бид үүнд дэмжлэг үзүүлэхэд бэлэн. Учир нь эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ тулгамдсан асуудал болоод байгаа.

Мөн тоног төхөөрөмжийн засварын төлбөрийг тухайн эмнэлгийн жил жилийн төсөвт суулгадаг байх хэрэгтэй. Зарим аймагт сайхан тоног төхөөрөмжүүд байдаг. Гэвч эвдэрсэн гээд бүтээгээд тавьчихсан байдаг нь харамсалтай. Юу нь эвдэрснийг мэддэггүй. Тэдгээрийг зээл, тусламжаар өндөр үнээр худалдан авдаг. Иргэд төслүүдийн үр дүн хаана байна гэж асуудаг шүү дээ. Бид тоног төхөөрөмж нийлүүлсэн компанитайгаа 2-3 жилийн баталгаат хугацааны гэрээ байгуулдаг юм. Гэрээ дуусахаар хэн хариуцах вэ гэхээр тухайн эмнэлэг өнөө компанитай үргэлжлүүлэн гэрээ байгуулах хэрэгтэй болно.

Хоёр дахь чухал зүйл бол төслийн хүрээнд шинээр нэвтрүүлсэн зүйлүүдийг төсөл дууссаны дараа тогтвортой үргэлжлүүлэх нь чухал байна. Жишээ нь бид эмнэлгүүдийн халдвар хамгааллыг сайжруулсан талаар ярисан. Барилга тоног төхөөрөмжөөс гадна бид өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгох гарын авлагууд, стандарт удирдамж, журмыг боловсруулж батлуулсан. Гэсэн ч мөрдүүлэх тал дээр ажиллаж сургалтыг байнга хийх шаардлагатай. Сургалтаа завсарлахад л хүмүүс өнөө дүрмээ мөрдөхөө зогсоочихдог. Нэгэнт бий болгосон тогтолцоог цааш нь аваад явах тал дээр эмнэлгүүд санаачилгатай байх хэрэгтэй байна. Мөн үүнд зориулсан төсвийг гаргаж өгснөөр энэ ажил үр дүнд хүрнэ.

-Азийн хөжлийн банк Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн баримт бичгээ боловсруулж байгаа юм билээ. Үүнд эрүүл мэндтэй холбоотой ямар заалтууд багтсан бэ?
-Бид дараагийн дөрвөн жилийн стратегиэ боловсруулж байна. ЭМЯ-тай холбогдон, тэдний саналыг сонсож байна. Анхан шатны эмнэлгүүдэд үзүүлж болох тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэхээр зорьсон. Мөн өрх-дүүргийн эмнэлэг хоорондын, сум-аймгийн эмнэлэг хоорондын уялдааг сайжруулах шаардлага бий. Иргэдийг эмнэлэг хооронд явуулаад баймааргүй байгаа юм. Анхан шатны эмнэлгүүд аль болох хамтран өвчтөнийхөө асуудлыг шийдэх нь зөв. Манай олон иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авахаар гадагшаа явдаг. Тэд нутагтаа эмчилгээ хийлгэх, Монголд хийдэггүй эмчилгээ, хагалгааг Монголд нутагшуулах нь зөв.

Нийслэлийн эмнэлгүүд маш их ачаалалтай ажиллаж байгаа тул дахин хуваарилалт хийх, оновчтой зохицуулах шаардлага байна. ХСҮТ гэх мэт гурав дахь шатлалын эмнэлгүүд нарийн мэргэшлийн үйлчилгээгээ үзүүлээд, дүүргийн эмнэлгүүд үндсэн тусламж эмчилгээг хийх чадвартай болох нь чухал. Манайд бүх хүн гэмтэл, хавдрын эмнэлэгт очиж байна. Иймд бидний Сонгино хайрхан дүүрэгт барьсан эмнэлэгт эх барих, гэмтлийн, мэс заслын гэх мэт бүх үйлчилгээг үзүүлнэ. Энэ хэрээр гурав дахь шатлалын эмнэлгүүдийн ачаалал буурч, илүү нарийн ур чадвар шаарсан эмчилгээ үйлчилгээнд анхаарах улмаар гадагшаа явдаг иргэдийн урсгал буурна. Энэ зорилтод хүрэхэд хүний нөөцийн асуудал чухал. Сонгино хайрхан дүүрэгт барьсан эмнэлгийн загвараар бид дахин хоёр дүүрэгт нэгдсэн эмнэлэг барихаар төлөвлөж байна.

Манай улсад халдварт бус өвчин маш их байна. Зүрх судасны өвчин, хавдрууд, элэг бөөрний өвчин үүнд багтана. Үүнийг бодлогын түвшинд бууруулахад иргэдийн эрүүл мэндийн боловсрол чухал. Яаж өвчнөөс сэргийлэх вэ гэдэг мэдээллийг түгээхийн зэрэгцээ төрийн бодлогоор дэмжин зохицуулах шаардлагатай. Эмч нар сахарын хэрэглээгээ багасга гэж зөвлөөд байхад сахарын импортын татварыг бууруулж их хэмжээтэй сахар агуулсан бүтээгдэхүүнийг хямд худалдсаар байна. Иймд халдварт бус өвчний эсрэг авах арга хэмжээний ач холбогдлыг бодлого шийдвэр гаргагчдын түвшинд илүү оновчтой болгоход анхаарна.

Халдварт өвчний тухайд бид цаашид КОВИД-той дасан зохицож амьдрахаас өөр аргагүй.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

X
Нэвтрэх