fbpx

Боловсрол

Хүүхдийн зохиолч, сэтгэл судлаач А.Найгалмаатай хүүхдийн суралцах арга барил, эцэг эхчүүд даалгаврыг нь хэрхэн хийлгэвэл тохиромжтой зэрэг сэдвээр ярилцлаа.

 

"ГЭР БҮЛИЙН АМГАЛАН ТАЙВАН БАЙДАЛ, ЭЦЭГ ЭХИЙН ДЭМЖЛЭГ ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ 20 ХУВИАР НЭМЭГДҮҮЛДЭГ"

- Хүүхэд хичээлээ давтахад эцэг эхийн үүрэг оролцоо хэр чухал вэ?
- Хүүхдээ сургуулийн сурагч болсон анхны өдрөөс эхлэн хүүхдийг гэрийн даалгавраа хийхэд нь томчуудын туслалцаа гарцаагүй хэрэгтэй болдог. Хичээлээ хийх хэрэгтэйг нь сануулж, ихэнх тохиолдолд хажууд нь зэрэгцэн сууж чиглүүлэх, туслах ёстой юм. Энэ нь хүүхдийг ямар нэг зүйлд сатаарахгүй, өөрт ногдсон үүрэгт ажлаа зөв, нямбай, эмх цэгцтэй, хурдан хийж гүйцэтгэх анхны алхам болдог.

- Хичээлийг нь хийхэд тусалж, дэмжсэн хүүхдийн сурлагын чанар ялгаатай байгааг судалсан судалгаа гэж бий юу? 
Сурлагын хоцрогдолтой хүүхдүүдэд аав, ээж нь дунджаар 6 долоо хоногийн турш өдөр бүр тогтмол цагт богино хугацаагаар ном уншиж өгснөөр сурлагын хоцрогдол нь арилж, өөртөө итгэлтэй болж, хичээлдээ идэвхтэй оролцох болсон тухай судалгаа байдаг. Яам, боловсролын хүрээлэн, энэ чиглэлийн бусад байгууллагын судалгаа байдаг байх.

- Бага ангийн хүүхдүүдийн хичээлийг нь хийлгэхэд эцэг эхчүүд багагүй бухимддаг. Бүхнийг шинээр сурч байгаа “хүүхэд” гэдгийг нь мартаад хатуурхах нь бий. Хүүхдийнхээ хичээлийг давтуулахдаа хэрхэн тайван хандах талаарх зөвлөгөөг эцэг эхчүүдэд өгвөл? 
- Дөнгөж л бичиж, уншиж сурч байгаа хүүхдийнхээ анхны зураас, бичсэн тооны өө сэвийг түрүүлж харахаасаа өмнө томчууд өөрийнхөө бага насыг дурсан санах хэрэгтэй. Та ч гэсэн жаахан хүүхэд байсан гэдгээ сана гэсэн үг. Дараа нь хүлээцтэй, тэвчээртэй хандах нь чухал. Хүүхдийн гарын жижиг булчингийн хөгжил 10 нас хүрч байж гүйцэд хөгждөг. Тиймээс хүүхдээ хурдан бич гэж яаруулж, өөрөө адгах шаардлагагүй мөн таны хүүхэд гоё сайхан бичиж чадахгүй бол битгий яаран загнаарай, цэвэр бич гэж үглэхээсээ өмнө жигд том бичих, дэвтрийн зах, догол мөрийг баримталдаг болгож сургах нь илүү чухал. Та хүүхдийнхээ даалгаврыг хийлгэж байхдаа дуу хоолойн өнгөө өндөрсгөж, загнах, уурлах, чичлэх, цохих зэргээр харилцвал таны хүүхэд айдас, түгшүүрт автана. Айж, түгшсэн учраас хүүхэд хийж байгаа даалгавартаа анхаарлаа хандуулж чадахгүй болдог.

- Олон дүү нартай, эсвэл давчуу өрөөнд (гэрт) амьдардаг гээд зарим нөхцөлөөс шалтгаалж хүүхэд хичээлдээ бүрэн төвлөрч хийхэд бэрхшээлтэй байх тохиолдол бий. Үүнд эцэг эх, багшийн зүгээс хэрхэн анхаарал хандуулах хэрэгтэй вэ?
- Сургуульд сурч байгаа хүүхдийнхээ суралцах нөхцөл боломжийг эцэг эхчүүд боломжоороо дэмжин хангаж өгөх хэрэгтэй л дээ. Ахуй нөхцөлийн хувьд хэцүү, бэрхшээлтэй зүйл байгаа ч хэцүүгээ түрүүлж бодоод хичээлээ хийхгүй ирдэг хүүхэд ховор. Хүүхэд бол хамгийн хариуцлагатай байдаг. Ямар сайндаа л тооныхоо гэрийн даалгаврыг хийгээд зургийг нь оруулаарай гэсэн чинь 3-р ангийн хүүхэд “Аав пиво уугаад би даалгавраа хийж чадсангүй, уучлаарай багш аа” гээд биччихсэн тохиолдол байсан.

Хүүхдийн даалгавар хийх тохиромжтой хугацаа гэж бий. Тухайлбал, 1-р ангийн сурагч гэрийн даалгавар хийхэд өдөрт дунджаар 1-1,5 цаг зарцуулна. Ингэхдээ унших даалгавар 20-25 минут, бичих 20-25 минут, бусад чадвар 10 минутаас доошгүй байвал зохино. Гэхдээ 20-25 минутын турш нэг дор хийхгүй байх нь хэвийн. Мөн 2-4-р ангийн сурагч өдөрт 1.5-2 цаг хийх хичээл бүрд 20 минут байхаар тооцно. Харин 5-6-р ангийн сурагч хичээлээ өдөрт 2 цаг 30 минут гэх мэтээр хийлгэх нь тохиромжтой.

Нэг гэрийн олон хүүхэд бие биедээ саад болохгүй байх хамгийн оновчтой арга бол нэгэн зэрэг даалгавраа хийж эхлэх байдаг. Мөн хүүхэд өөрийн гэсэн өрөөгүй бол хичээл хийх булан, ядаж л ном дэвтрээ тавих хэсэг гаргаж өгөхөд эцэг эхчүүд маань анхаарах хэрэгтэй.

- Ерөнхий боловсролын сурагчид хичээлээ теле хэлбэрээр үзээд нэлээд хугацаа өнгөрлөө. Үүний сул болон давуу талыг та юу гэж бодож байна вэ? 
Теле хичээл бид бүгдийн хувьд шинэ зүйл байлаа. Гэхдээ одоо бол багш нар ч тэр, хүүхэд, эцэг эхчүүд ч гэсэн өмнөхөө бодоход харьцангуй дассан. Урт хугацаандаа мэдээж сайжраад явах нь гарцаагүй. Техник, технологийн талаасаа теле хичээлийн давталт, ухрааж, зогсоож, нөхөж үзэх гэх зэрэг нь харилцан адилгүй байгаа. Бас телевизгүй зарим газар цахилгаангүй айл ч бий. Тэр айлын хүүхдүүд хичээлээсээ хэр хоцорч буйг тааж хэлэхийн аргагүй. Тэгэхээр амьдралын боломж нь өөрөө сурч, боловсрох эрхтэй шууд хамааралтай болчхоод байна шүү дээ. 

Теле хичээлийн давуу тал гэвэл хүүхдийн бие даан суралцах чадварт сайн нөлөөлнө. Хүүхэд танхимын сургалтын үеэр өөр юм хийх, найз нөхөдтэйгөө ярих гэх мэт анхаарал нь сарнидаг. Теле хичээлийн үед бол орчин нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл хүүхэд маш сайн сонсоно, харна. Хүүхэд хараад сонссон зүйлийнхээ 50 хувийг тогтоодог. Хамгийн гол нь хичээлийн явцад бичиж тэмдэглэж авах хурд хүүхэд бүрд янз бүр. Тэгэхээр зогсолт хийх, нөхөж үзэх, ухраах гэх мэт боломжийг заавал бодолцох хэрэгтэй. Хэрвээ хүүхэд хараад, сонсоод, бичиж, тэмдэглээд өөрөө бие дааж хийвэл аливаа зүйлийн агуулгыг 90 хүртэлх хувийг санаж, тогтоох боломжтой байдаг. 

Дунд, ахлах ангийн хүүхдүүдийн хувьд сурах арга барилаа тодорхой хэмжээнд эзэмшээд бие даагаад сурчихсан байдаг. Тийм хүүхдүүдэд бол теле хичээлээс сурах ерөнхий мэдлэгээ сурна. Харин бага ангийн хүүхдүүдийн хувьд теле хичээлээр суралцах нь тийм ч сайн үр дүнтэй биш гэж бодож байна.

"ХҮҮХЭД СУРГУУЛЬД ЭРДЭМ МЭДЛЭГЭЭС ГАДНА БУСАДТАЙ ХЭРХЭН ХАРИЛЦАХ, БИЕЭ ХЭРХЭН АВЧ ЯВАХ СОЁЛД СУРАЛЦДАГ"

- Хүүхдүүд бараг хоёр жилийн хугацаанд танхимаар хичээллэсэнгүй. Энэ нь хичээлийн хоцрогдол үүсгэхээс гадна өөр ямар сөрөг үр дагавартай вэ? 
- Хүүхэд сургуульд явна гэдэг нь зөвхөн эрдэм мэдлэг олж аваад байгаа юм биш л дээ. Хүүхэд гэр бүлийн нэг гишүүн байснаа сургуулийн сурагч болсноор нийгмийн нэг эд эс болдог. Хүүхэд сургуулийн орчноос нийгмийн харилцаанд орж эхэлдэг. Бусадтай хэрхэн харилцахад суралцаж, биеэ хэрхэн авч явах соёл, бусдыг хүлээн зөвшөөрөхүйц харилцааны хэм хэмжээнд алхам алхмаар суралцаж, дасан зохицож, дүрэм журамд захирагдаж, сонголт хийж, шийдвэр гаргах гэх мэт өөр олон чадварт суралцаж байдаг.

Тэгэхээр мэдлэг боловсролоос гадна дээрх чадваруудад суралцдаг. Нэгэнт дэлхий нийтээрээ өвчингүй эрүүл саруул байвал аяндаа болно доо. Бие хүний боловсрох үйл явц нь угаасаа л насан туршийн шинжтэй байдаг. Тийм болохоор суралцаад л, хөгжөөд л явна.

- Хүүхдийг ер нь ямар арга барилаар хичээлийг нь давтуулбал илүү үр дүнтэй байдаг вэ?
- Хүүхдийн хичээлийг давтуулах хамгийн үр дүнтэй арга бол яагаад хичээл давтах ёстой вэ гэдгийг л ойлгуулах явдал юм. “Яагаад хийх ёстой вэ” гэдгийг тайлбарлахаасаа өмнө хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг сонсоод хамт ярилцаарай. Хүсэл мөрөөдөл нь хичээлээ давтах, хийх шалтгаан болдог. Учир нь хүүхэд хүсэл, мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж л байгаа бол хичээлээ яаж хийхээ өөрөө мэддэг.

Зарим ээж, аав "Хичээл хийсэн хийгээгүй ялгаагүй, би даалгавар хийж байгаагүй. Тэглээ гээд муудсан юм алга, хүний дор орохгүй явж л байна" гэдэг. Ийм яриа сонссон хүүхдийн хэд нь хичээлдээ мэрийж, даалгавраа хийх бол. Бид зүгээр л "Хичээлээ хий, хичээлээ хий" гэж үглэдэг. Эцэг, эхийн багшид, сургуульд, даалгаварт хандах хандлага нь хүүхдийн суралцах үйлд эерэг болон сөргөөр нөлөөлж байдгийг томчууд анхаарах хэрэгтэй.

Мөн хүүхдийн даалгаврыг манаж хийлгэхгүй. Даалгавраа заавал хэн нэгний хараа, хяналттай хийх дадалд хүүхдээ бүү сургаарай. Нэгэнт манаж хийлгээд сургачихсан бол яг өнөөдрөөс аажим, аажмаар холд. Бие даалга. Гэр бүлийн амгалан тайван байдал, эцэг эхийн дэмжлэг туслалцаа нь хүүхдийн аливаа хийх ажлын гүйцэтгэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг. Тиймээс хүүхдийнхээ асуулт, хичээлтэй холбоотой сэдвүүдэд нь найрсгаар хариулж байгаарай. 

Түүнээс гадна тухайн өдөрт үзсэн хичээлийн даалгавар өгөөгүй ч гэсэн дахин нэг харуулж нэмэлт мэдээллээр дэлгэрүүлэхийг зөвлөөрэй. Учир нь сурсан зүйлийг 24 цагийн дотор дахин нэг бататгахгүй бол тархи ойролцоогоор 75 хувийг нь мартдаг.

Манай нийт эцэг эхчүүд маш яаруу. Даалгаврыг хийлгэхдээ, цээж бичиг хийсэн ч гэсэн л "За гялс хийчихье, хурдан дуусгачихъя" л гээд байдаг. Хүлээцтэй, тууштай зан дутмаг байгаа нь ажиглагддаг. Тэгэхээр хүүхэд ч гэсэн аливаад яаруу, сандруу хандана. Угтаа бол хүүхэд уншиж, бичиж сурна гэдэг нь яг л хөлд, хэлд орж байгаатай адил тэдний хувьд шинэ үйл явц. Тиймээс даалгаврыг нь хийлгэхдээ яаралгүй, адгалгүй, уурлаж орилохгүйгээр хүүхэдтэйгээ харилцаж байгаарай гэж хэлмээр байна.

- Эцэг эхчүүд хүүхдийг ихэнхдээ бага ангид нь хичээлийг нь давтуулж байгаад томрохоор нь зөнд нь орхичихдог. Энэ хэр зөв бэ? Дунд, ахлах ангид орсон ч хүүхдийг хичээлийг нь шалгаж, хамт давтаж байх хэрэгтэй юу?
- Нэгэнт уншаад, бичээд сурчихвал хүүхэд хичээлийг цаг хугацаандаа багтаж хийх дараагийн шаардлагадаа дасан зохицоод өөрсдөө хичээгээд эхэлнэ.

Түүнээс гадна хүүхдээ өөрийнхөө бага настай болон бусадтай бүү харьцуулаарай. Урамшуулан дэмжиж, урамшуулан чиглүүлэх нь хамгийн чухал. Зөвхөн хичээл дээр ч биш бүх зүйл дээр л урамшуулан дэмжээд байвал хүүхэд өөртөө итгэлтэй болж, аливааг сэтгэл хангалуунаар хийх дотоод зоригтой болдог юм шүү.

Орчных нь хүмүүсийн үнэлгээ ялангуяа бага насны хүүхдийн өөрийн үнэлгээнд чухал нөлөө үзүүлдэг. Хүүхдийн "би чадна" гэсэн үзэл нь аливааг сурах идэвх чармайлтыг өдөөж өгдөг нэг үгээр хэлбэл сэдэл, санаачилга болдог. Тийм болохоор чадваргүй, юм сурдаггүй, удаан, тэнэг, мангар гэх зэрэг үгс нь хүүхдийн ухамсарт нөлөөлдөг гэсэн үг.

- Ярилцсанд баярлалаа.

X
Нэвтрэх