fbpx

Ээж, аавуудад

image

Үрээ олон сарын турш хэвлийдээ тээж, төрүүлэхдээ биеийнхээ хорин ясыг нэгэн зэрэг хугалсантай тэнцэх хэмжээний өвдөлтийг мэдрээд зогсохгүй төрүүлсний дараа ч олон төрлийн мөчлөгүүдийг туулдаг учир эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхэд бие махбод болон сэтгэлзүйн олон өөрчлөлтүүдийг мэдэрдгийг бид мэдэх билээ.

Гэвч хүүхэд төрөхөд аав нарт ч мөн тодорхой хэмжээний өөрчлөлт гардаг аж.

Аавуудаас "хүүхэдтэй болсноор танд ямар өөрчлөлт гарсан бэ" гэж асуувал ихэнх нь "эхнэрээ дагаад жин нэмсэн" хэмээн хошигнож магадгүй юм. Гэвч үүнээс гадна бидний нүдэнд харагдахгүй олон өөрчлөлт эрчүүдийн бие махбод болоод сэтгэлзүйд гардаг байна.

Хамгийн эхнийх нь дааврын өөрчлөлт. Тийм ээ, яг л эмэгтэйчүүдийн адилаар эрэгтэйчүүдийн дааврын хэмжээнд өөрчлөлт ордог. Эхнэр нь бие давхар болсноор эрчүүдийн биеийн онцлогоос шалтгаалан тестостерон буюу эр бэлгийн дааврын хэмжээ нэмэгдэх эсвэл буурдаг.

Тестостероны хэмжээ буурахад эрчүүд "эмзэг" болдог бөгөөд улмаар хүүхэдтэй найрсаг, зөөлөн харьцдаг. Хэрвээ хэсэг бүлэг залуусын дэргэд хүүхэд чангаар уйлж эхэлбэл эр бэлгийн дааврын хэмжээ багатай эрчүүд хүүхдийг аргадаж тайвшруулахыг оролдох бол тестостероны хэмжээ ихтэй эрчүүд үүнд түүртэх маягтай болно. Мөн цөөнгүй судалгааны үр дүнд тестостероны хэмжээ багатай эрчүүд хүүхдээ төрсний дараа баргийн зүйлд уурлаж, ундууцахаа больсон нь тогтоогджээ.

Тестостероны хэмжээ буурахын өөр нэгэн давуу тал бол аз жаргалын дааврын ялгаралт. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт байж, эрхлүүлж тоглоход окситоцин, допамин зэрэг аз жаргалын дааврууд ихээр ялгардаг. Харин тестостероны хэмжээ өндөр байснаар эсрэгээрээ эдгээр мэдрэмжийг мэдрэх нь бага байдаг гэнэ.

Гэхдээ тестостероны хэмжээ бага байх нь үргэлж сайн зүйлийг дагуулдаггүй. Эр бэлгийн даавар биднийг аливаа сөрөг мэдрэмжид мэдрэг байхаас сэргийлдэг учир хэмжээ нь буурвал амьдралаа нуруун дээрээ үүрэхэд тохиолдох бэрхшээлүүдэд /эхнэрийн ая талыг барих, ажил амьдралын тэнцвэрийг зохицуулах гэх мэт/ эмзэглэх хандлагатай болдог байна. Энгийнээр тайлбарлавал, эмэгтэйчүүд төрсний дараах сэтгэл гутралд өртдөг шиг эрэгтэйчүүд ч мөн төрөхийн дараах сэтгэл гутралд орох боломжтой байдаг.

ЭЦЭГ ҮРИЙН НАНДИН ХОЛБОО

Аав нь өөртэй нь тоглож, эрхлүүлж, цагийг хамт өнгөрөөхөд хүүхдийн биед ч мөн аз жаргалын дааврууд ялгардаг. Нэн ялангуяа бага байхаас нь эхлээд тэвэрч, бүүвэйлж, иллэг хийж өгөх зэргээр хүрэлцэх нь хүүхэдтэйгээ нарийн нандин холбоо тогтооход ихээхэн нөлөөлдөг байна.

Мэргэжилтнүүд аавууд хүүхэдтэйгээ дотно болоход туслах хамгийн үр дүнтэй арга бол тэдэнтэй хамт тоглох гэж зөвлөдөг. Аав нь хүүхэдтэйгээ тоглосноор тэдний аль алиных нь бие дэх аз жаргалын дааврууд ихээр ялгардаг аж. Зарим ээжүүд хүүхэд нь аавтайгаа тоглохдоо илүү аз жаргалтайгаар хөхөрч инээж буйг анзаарсан байдаг шүү.

Аав нар хүүхэдтэйгээ тоглож, цагийг хамт өнгөрөөх нь зөвхөн аз жаргалын дааврыг ялгаруулаад зогсохгүй хүүхдэд аливаа хүнд хэцүү бэрхшээлийг даван туулах талаар заах хичээл болдог байна. Ихэнх ээжүүд хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөхөд аливаа эрсдэлт хүчин зүйлээс аль болох холуур өнгөрөөхийг хичээдэг бол аав нар тэдгээр эрсдэлд өртөж, гарч ирсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг үлгэрлэн зааж өгдөг.

Хүмүүс ээжүүд хүүхдээ төрүүлэх, хөхүүлэх зэргээр хоорондоо бие махбодоороо холбогддог учраас хүүхдийг төрөлх инстинктээрээ өсгөдөг гэж үздэг боловч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Эмэгтэй хүн бие давхар болох цагаас эхлэн эрэгтэйчүүдийн сэтгэхүйд ч мөн “ирээдүйд аав болно” гэдэг ойлголт сууж, бэлтгэл хангагдаж эхэлдэг байна.

Тиймээс аавууд маань “ээж нь л хүүхэдтэйгээ онцгой холбоотой юм чинь” гээд эхнэртээ найдаад орхилгүйгээр өөрт тань ч бас хүүхэдтэйгээ холбогдох нарийн нандин холбоо байгаа гэдэгт итгэж, цагийг хамт өнгөрүүлээрэй.

Эх сурвалж: BBC

X
Нэвтрэх