fbpx

Ээж, аавуудад

image

Бид хүүхдэдээ буруу зүйл хийвэл бусдаас уучлалт гуйх ёстой гэж заадаг ч бид өөрсдөө буруу зүйл хийх үед хүүхдээсээ уучлалт гуйж чаддаг уу? Зарим эцэг эхчүүд хүүхдээсээ уучлалт гуйвал өөрийг нь үнэлэх үнэлэмж буурч, хүндлэхээ болино гэж эмээдэг.

Гэвч сэтгэл судлаач, харилцааны мэргэжилтнүүд буруу зүйл хийсэн бол түүнийгээ хүлээн зөвшөөрч, хүүхдээсээ уучлалт гуйж чаддаг байх нь тэднийг хувь хүн болж төлөвшихөд эерэгээр нөлөөлдөг гэжээ. Тэгвэл бид бяцхан үрсээсээ уучлалт гуйхдаа юуг анхаарах ёстой талаар зөвлөгөөг хүргэж байна.

1. ОЙР ОЙРХОН УУЧЛАЛТ ГУЙХ

Эцэг эх нь хийсэн буруу үйлдэлдээ гэмшин уучлалт гуйснаар хүүхэд хүн бүр алддаг, буруу үйлдэл хийсэн хүн уучлалт гуйснаар харилцагч талуудын аль алиных нь сэтгэлзүйн байдал дээрддэг, уучлалт гуйхад ичиж санаа зовох зүйл огтхон ч үгүй гэдгийг ойлгодог.

Харин хүүхдэдээ уучлалт гуйх нь тийм ч хэцүү зүйл биш гэдгийг ойлгуулахын тулд өдөр тутмын жижигхэн алдаан дээр ч уучлалт гуйж хэвшээрэй. Жишээлбэл, хичээлээ хийж байхад нь өрөөнд нь орж, анхаарлыг нь сарниулсан бол “өө, хичээл хийж байхад нь саад болсонд уучлаарай” гэх мэт.

2. УУЧЛАЛТ ГУЙЖ БУЙГ НЬ ХҮЛЭЭН АВАХ

Эсрэгээрээ хүүхэд тань буруу зүйл хийчхээд буруугаа тэр дор нь хүлээж уучлалт гуйж байхад та үүнийг нь үл тоон уурлаж, сөрөг сэтгэл хөдлөл гаргах нь буруу. Уучлалт гуйсан ч нөгөө хүн нь уурласаар байхыг харсан хүүхэд таныг уучлалт гуйхад уучлалтыг тань хүлээн авдаг болно гэж бодож байна уу? Үгүй л байх.

3. ОЙЛГОЖ БАЙГААГАА МЭДРҮҮЛЭХ

Та өөрийгөө буруу зүйл хийсэн гэж бодохгүй байгаа ч хүүхэд тань тэгж бодож байж болох юм. Тиймээс өөрийгөө хүүхдийнхээ оронд тавьж үзээрэй.

4. ЮУ БОЛСНЫГ ТОДОРХОЙ ТАЙЛБАРЛАХ

Болж өнгөрсөн үйл явдлыг тодорхой тайлбарлах нь хүүхэд нөхцөл байдлыг таны өнцгөөс хүлээн авч, ойлгоход тусална. Жишээлбэл, “Аав нь дэлгүүр гарахдаа чамд дэвтэр авч өгнө гэж хэлсэн ч маш олон зүйлд сатаараад мартчихсан байна. Ёстой баларлаа шүү. Аавыгаа уучлаарай. Намайг дэлгүүрээс ирэхдээ дэвтэр авч ирнэ гээд л хүлээгээд сууж байсан байх даа, миний хүү” гэх зэргээр уучлалт гуйж болно.

Мөн энэ нөхцөл байдлыг хэрхэн засаж чадахаа тайлбарлавал илүү үр дүнтэй. Жишээлбэл, “Гэхдээ өглөө хичээлд чинь хүргэж өгөх замдаа аваад өгөх учраас битгий санаа зовоорой” гэх мэт.

5. ЗӨВ ТАЙЛБАР ТАВИХ

Та уучлалт гуйх нэрийн дор өөрийгөө зөвтгөж байгаа юм биш биз? Ихэнх эцэг эхчүүд дараах байдлаар уучлалт гуйдаг бөгөөд мэргэжилтнүүд үүнийг тийм ч тохиромжтой арга гэж үздэггүй. Үүнд:

- “Би өнөөдөр үнэхээр их ажилтай байлаа. Бүтэж байгаа ажил нэг ч байсангүй. Тэгээд ядарч ядарч гэртээ ирж байхад чи ийм алдаа гаргачихсан байж байхаар нь тэсэхгүй чамайг загначихлаа. Орилж загнах нь буруу л даа. Гэхдээ чи ч бас том болоод өдөр бүр ажил хийгээд үзэхээрээ намайг ойлгоно доо. Аягүй бол чи ч бас хүүхдээ загначихсан л байж байна байх”.

Харин үүний оронд:

- “Өнөөдөр үнэхээр хүнд өдөр байлаа. Бүтэж байгаа нэг ч ажил байсангүй. Тэгээд гэртээ ирж байхад чи ийм алдаа гаргачихсан байж байхаар нь тэсэхгүй чамайг загначихлаа. Гэхдээ энэ бол өөрийгөө зөвтгөх шалтаг биш л дээ. Хүн ер нь хэчнээн уурласан ч бусдыг хашхичиж загнах ёсгүй. Тиймээс намайг уучлаарай” гэх нь тохиромжтой.

6. УУЧИЛСАН ЭСЭХИЙГ НЬ АСУУХ

Та буруугаа хүлээн уучлалт гуйсан л бол бүх зүйл хэвийн болох ёстой гэж бодож байвал үгүй ээ. Бид хэн нэгнийг хүчээр, цагт баригдан уучилж чаддаггүй шүү дээ. Тиймээс уучлалт гуйсныхаа дараа хүүхэд тань таныг уучлах хүртэл түүнд хугацаа өгөөрэй.

X
Нэвтрэх