fbpx

Мэдээ, мэдээлэл

image
Дүрд орж тоглох нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дуртай тоглоом төдийгүй олон талын хөгжлийг дэмжих ач холбогдолтой байдаг.
Хамгийн нийтлэг нь Айл гэр (гэр бүл) болж тоглох бөгөөд
  • Жолооч
  • Эмч
  • Гал хамгаалагч
  • Цагдаа
  • Аав нь, ээж нь
  • Багш
  • Хаан, хатан, гүнж
  • Онгоцны нисгэгч болж төсөөлөн тоглодог.
Хүүхдүүд дүрд орон тоглож байх явцдаа тухайн дүрийнхээ оронд өөрийгөө орлуулан төсөөлж эхэлдэг ба энэ нь хэл яриа сэтгэхүйн хөгжилд ч нөлөөлдөг. Mөн
  • Аливааг төлөвлөх
  • Асуудлыг шийдэх
  • Бие биетэйгээ ойлголцож сурах
  • Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх
  • Өөрийгөө оновчтой илэрхийлэхийг суралцдаг байна.
Жишээлбэл: Хаан, хатны дүрд орж тоглохдоо аль болох дээд зэрэглэлийн үг хэрэглэж бие биетэйгээ албархаг, соёлтой харилцаж мөн аль чадах чинээгээрээ хүлээцтэй, тогтуун, нухацтай байдаг бол эмч өвчтөн болж тоглохдоо, өвдөж буй шинж тэмдгээ илэрхийлэх биеийн хэсгүүдээ оновчтой нэрлэж яагаад өвдөх болсон зэргээ тайлбарладаг. Мөн хамтын тоглоомоор нөхөрлөлийн харилцаа үүсэж эхэлдэг бөгөөд энэ үед хүүхдүүд харилцаанд оролцож бие биенээ ойлгох, мэддэг болоход суралцдаг.
Магадгүй зарим хүүхэд өөрөөсөө бага хүүхдүүдийг эсвэл арай сул дорой гэж харсан хүүхдээ дээрэлхэх хандлага гаргаж ялгаварлаж мэднэ. Tийм үед хүүхдэдээ бусдыг хүндлэх, сайхан харилцах хэрэгтэйг сануулж өгөөрэй. Найзуудтайгаа эвтэй байсан үед нь “Найз чинь чамаас бөмбөгөө зээлэхийг хүсэхэд нь чи түүнтэй харилцаж байгаа чинь ээжид нь таалагдлаа". "Найзуудтайгаа эелдэг харилцаж байгаад ээж (aaв) нь баяртай байна” гэх зэргээр урамшуулж эелдэг байхыг нь дэмжих хэрэгтэй.
Tоглоом бүхэлдээ хүүхдийг хөгжүүлдэг хэдий ч тэдний хэрхэн тоглож байгааг анзаарч, хяналт тавих нь зүйтэй. Үүнд:
  1. Зохимжгүй дүр: Хүүхдүүд цус сорогч гэх зэрэг хор хөнөөлтэй зүйлээр алдаршсан дүрийг дуурайж тоглох гэж байвал илүү баатарлаг, бусдад сайн нөлөөлөл үзүүлдэг дүрийг санал болгох.
  2. Хор хөнөөлтэй дүрслэл: Зурагтаар үзсэн догь харагддаг боловч муу сэдэл өгөх, гал гаргаж буй хүн, нийтийг айлгаж эрхшээж, хараал хэлж байгаа хүн гэх мэт дүрслэлтэй тоглож байвал дүрийг эерэг дүрээр сольж оролцох.
  3. Гомдох: Хүүхэд тань өөрөөсөө том хүүхдүүдтэй тоглож байх үед түүнд хүсээгүй дүрийг нь тулгах эсвэл амьдрал дээр таалагддаггүй дүрд нь хүчээр тоглуулах үед хүүхэд тухайн үедээ дүрдээ орж тоглож магадгүй ч тухайн тоглоомын дундуур сэтгэл нь шархлах, гомдох, тоглоомд дургүй болох зэргээс сэргийлж СОНГОЛТ ӨГӨХ, ХАЙЧ ЧУЛУУ ДААВУУ болж дүрээ авах зэргээр тохиролцохыг санал болгох.
  4. Дүрдээ хэт орох: Супермэн, эсвэл дэлхий ертөнцийг авардаг хэн нэгэн болох дүр хүүхэд бүрийн дуртай дүрийн нэг бөгөөд магадгүй ийнхүү тоглох явцдаа дүрдээ хэт орж эрсдэлтэй үйлдэл хийхээс сэргийлж ДҮРД ОРЖ ТОГЛОЖ байгаа гэдгийг тайлбарлаж, тоглох хугацааг тодорхой болгон ДҮРДЭЭ ХЭТ ОРОХоос сэргийлээрэй.
🎯 Хүүхдүүд бие биенээ гэртээ урьж хамт тоглохыг их хүсдэг. Энэ үед хүүхдэдээ айл айлын соёл, аливааг үзэх ойлголт өөр байдгийг тайлбарлаж өгөөрэй.
Одоогийн энэ цар тахлын нөхцөл байдлын үед эцэг эх, асран хамгаалагч та түүний хамтрагч, хамтран тоглогч нь байх үүрэгтэй болж буйгаа бүү мартаарай.
X
Нэвтрэх