fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Эрүүл мэндийн байгууллагуудад халдвар хамгааллын аюулгүй байдал хамгийн чухал асуудлын нэг юм. Ажил үүргээ гүйцэтгэж буй эмч, мэргэжилтнүүд болон эмнэлгээр үйлчлүүлэгчид тусламж авах үедээ эмнэлгээс шалтгаалсан халдвар авах эрсдэл байсан. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдсан энэ асуудлыг шийдвэрлэхэд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн салбарын хөгжил-5 /ЭМСХХ-5/ төсөл бодит хувь нэмэр оруулжээ. Төслийн гурав дахь бүрэлдэхүүн хэсэгт Эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах бодлогын хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нарын чадварыг сайжруулах төсөл хэрэгжсэн юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх”, “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах”, “Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуйн халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах” гэсэн гурван төсөл амжилттай хэрэгжсэн байна. Энэ удаад халдварын хяналт сэргийлэлтийг сайжруулах чиглэлээр хийсэн ажил, хүрсэн үр дүнг онцлон товчхон хүргэх юм. Эмнэлгүүдийн халдвар хамгааллын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж ажилладаг мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуйн улсын байцаагчдыг чадавхжуулах чиглэлээр ЭМСХХ-5 төслөөс үе шаттай сургалтуудыг зохион байгуулжээ.

МХЕГ-т 2015 оноос 2019 оны сүүлч хүртэл хэрэгжсэн төслийн үр дүнд эмнэлгүүдийн ариутгал, халдваргүйтгэлийн эрүүл ахуй эрс сайжирсан.

Нэгдүгээрт, Анх 2015 онд халдварын сэргийлэлт, хяналтын хөндлөнгийн аудит сэдэвт сургалтуудыг явуулж, сургалтад аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 35 улсын байцаагч хамрагдсан байна.

Хоёрдугаарт, 2016 онд халдварын сэргийлэлт, хяналт, хог хаягдлын менежментийн сургалтыг Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг түшиглэн зохион байгуулав. Төсөл хэрэгжүүлэхээс өмнө эрүүл мэндийн байгууллагууд хог хаягдлаа эмнэлгийнхээ хашаанд шатаадаг байсан бол төслийн үр дүнд эмнэлгийн аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, халдваргүйжүүлэх ажлыг олон улсын стандартын дагуу гүйцэтгэх байгууламж, тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангав. Төслийн үр дүнд Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв хог хаягдлын менежментээрээ бусад аймгаас хэдэн алхмаар түрүүнд яваа юм. Орхон аймагт бүрдүүлсэн энэ бааз суурьт түшиглэн мэргэжлийн хяналтын улсын байцаагч болон зөвлөхүүдэд сургалтыг дадлагатай хослуулан явуулсан нь илүү үр өгөөжтэй болжээ.

“Энэ сургалт болон дадлага сургуулилтын үр дүнд мэргэжлийн хяналтын байгууллагаас эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад хяналт шалгалт хийдэг “хяналтын хуудсыг” боловсронгуй болгосон. Хяналтын хуудас нь эмнэлгүүд эрүүл ахуй, халдвар хамгааллын аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт хийх шалгуур үзүүлэлтүүдийг тусгасан байцаагч нарын ажлын удирдамж юм. Тэрхүү хяналтын хуудсыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэхэд энэ сургалтаар дамжуулан олгосон ЭМСХХ-5 төслийн зөвлөхүүдийн зөвлөмж, дадлага сургуулилтаас гарсан улсын байцаагч нарын санал үнэтэй хувь нэмэр оруулсан. Төслийн хүрээнд шинэчилсэн хяналтын хуудсаар бид эрүүл мэндийн байгууллагуудын халдварын хяналт, сэргийлэлт, хог  хаягдлын менежментийн асуудлаар өдгөө дөрөв дэх жилдээ хяналт шалгалт хийж байна” гэж МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд онцлов.

X
Нэвтрэх