Хүн амын дунд бактерийн шалтгаант халдварт болон үрэвсэлт өвчнүүд нэмэгдсэнээр эмийн эмчилгээн дэх антибиотикийн замбараагүй хэрэглээ жил ирэх тусам өссөөр байв. Эмийн замбараагүй хэрэглээг дагалдах олон хүчин зүйлийн нөлөөгөөр антибиотикт тэсвэржилт, эмийн эмчилгээ үр дүнгүй болох, эмчилгээний явцад хүндрэл гарах эрсдэлүүд нэмэгдсэн. Нөгөө талаас манай улсад эмнэлгүүдийн Нян судлалын /бактериологи/ лабораторийн оношилгооны чадавх сул байгаагаас шалтгаалан эмч нар микробиологийн шинжилгээнд төдийлөн ач холбогдол өгдөггүй, антибиотик эмчилгээг таамгаар эхлүүлдэг, олон төрлийн антибиотик сольж хэрэглэдэг, олон нийт ч антибиотикийг жоргүйгээр дур мэдэн хэрэглэх нь түгээмэл байлаа.
Манай улсын эрүүл мэндийн салбарт тулгамдсан харилцан уялдаа холбоо бүхий дээрх хоёр асуудлыг шийдвэрлэх алхмыг Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 /ЭМСХХ-5/ төслөөс хийжээ. Уг төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох “Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналт” дэд төсөл 2013-2019 онд амжилттай хэрэгжлээ.
Үр дүнд нь улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг лавлагаа шатлалын болон төрөлжсөн нарийн мэргэжлийн зарим эмнэлэг, дүүргийн болон аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв зэрэг нийт 21 эмнэлэгт Нян судлалын лабораторийн чадавхийг сайжруулсан байна. Эмнэлгүүдийн Нян судлалын тасагт засвар хийж, Био аюулгүй ажиллагааны 2-р зэрэглэлийн лабораторид тавигдах шаардлагад нийцүүлэн орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, тэнд ажиллах эмч мэргэжилтнүүдийг олон удаагийн сургалтад хамруулж, чадавхжуулснаар манай улсын нян судлалын салбар шинэ шатанд хүрчээ.
ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭН ЭМНЭЛГҮҮД
Эмнэлгийн дотоод халдвар гарахаас сэргийлэх тандалт судалгаа хийдэг Нян судлалын тасгийн үүрэг оролцоог олон нийт төдийлэн мэдэхгүй. Энэ талаар АШУҮИС-ийн Эмнэлзүйн лабораторийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор Т.Хосбаяраас тодруулахад, “Нян судлалын лаборатори хоёр үндсэн үйл ажиллагаа явуулдаг.
Нэгдүгээрт, Өвчтөний оношийг тодруулахын тулд сорьцноос бактерийг өсгөвөрлөн ямар эмгэг үүсгэгчийн шалтгаант халдвар байгааг олж тодорхойлно. Мөн тухайн эмгэг үүсгэгчийг ямар антибиотикоор эмчлэх боломжтойг тодорхойлж мэднэ. Тухайн бактери нь ямар антибиотикт мэдрэг, ямарт нь тэсвэртэйг тодорхойлсноор өвчтөний оношийг зөв тогтоож, зөв эмчилгээ хийхэд их ач холбогдолтой.
Хоёрдугаарт, Төрөл бүрийн халдварын тархалтын тоо баримтыг нэгтгэн гаргах буюу тандалт хийх үүрэгтэй. Жишээлбэл, сэхээн амьдруулах тасагт хэвтэж буй өвчтөн, эсвэл мэс засалд орох өвчтөн эмэнд тэсвэртэй бактерийн халдвартай байж болно. Тухайн өвчтөн эмэнд тэсвэртэй бактерийн халдвартай бол эмийн эмчилгээ түүнд уялдах ёстой. Нян судлалын лабораторийн өдөр тутмын үйл ажиллагааны дүнд аль тасаг нэгжийн өвчтөнд ямар төрлийн халдвар зонхилон тохиолдож байна, ямар эм, антибиотикийн эмчилгээ үр дүнтэй байх тухай тоо баримт тодорхой болдог.
Зарим тохиолдолд эмнэлзүйд чухал ач холбогдолтой, олон эмэнд тэсвэртэй бактерийг идэвхтэйгээр хайж илрүүлэх шинжилгээ ч хийдэг. Ингэж идэвхтэй илрүүлэг, тандалтын шинжилгээ хийснээр өвчтөнд тохирсон эмийг сонгож, эмчилгээний үр дүн богино хугацаанд гарах, эмнэлэгт хэвтэх ор хоногийн тоо багасах давуу талтай. Хүн амын дунд бактерийн шалтгаант халдварт болон үрэвсэлт өвчнүүд нэмэгдсэнээр эмийн эмчилгээн дэх антибиотикийн замбараагүй хэрэглээ жил ирэх тусам өссөөр байв. Эмийн замбараагүй хэрэглээг дагалдах олон хүчин зүйлийн нөлөөгөөр антибиотикт тэсвэржилт нэмэгдэж, эмийн эмчилгээ үр дүнгүй болох, эмчилгээний явцад хүндрэл гарах эрсдэлүүд нэмэгдсэн.
Нян судлалын шинжилгээний хүчин чадал муугаас өмнө нь таамгаар эм бичих тохиолдол их байлаа. Ямар бактерийн шалтгаанаар өвчин нь хүндэрснийг бүрэн тогтоогоогүй учир эмчилгээг үр дүнтэй болгохын тулд эмч хүчтэй антибиотик сонгоно. Хүчтэй антибиотикийг оновчгүй сонгосноор өвчин үүсгэгч бактеруудыг онож устгаж чадахгүй байх, антибиотикт тэсвэртэй бактерийн тархалт улам ихсэх сөрөг талтай. Мөн түүнчлэн эмгэг үүсгэгч бактерууд антибиотикт тэсвэржих, цаашилбал биед ашиг тустай бактерууд, эрүүл биед байдаг хэвийн бичил биетийг устгаж эхэлнэ. Антибиотик нь өндөр үнэтэй учир эдийн засагт ч халгаатай.
Халдварын шалтгаантай эмгэгийн үед өвчтөнд оносон эмчилгээг сонгох үндэс нь бактериологийн шинжилгээ бөгөөд лабораторийн хүчин чадал сайжирснаар эмнэлэгт хэвтсэн бүх үйлчлүүлэгчид энэ шинжилгээг хийх, эм, эмчилгээний тунг тохируулдаг болсон төслийн хамгийн чухал үр дүнг АШУҮИС-ийн багш Т.Хосбаяр онцлов.
Хот, хөдөөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний цар хүрээ, нэр төрөл харилцан адилгүй. Төсөл хэрэгжүүлсэн эмнэлгүүд дотроос Улсын гуравдугаар төв эмнэлгийн Нян судлалын лаборатори тохижилт, тоног төхөөрөмжийн хангамжийн хувьд харьцангуй дээр нөхцөлтэй байжээ. Гэсэн хэдий ч төсөлд хамруулснаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Нян судлалын лабораторийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн байна. Тоног төхөөрөмжийн хүчин чадал хангалтгүйгээс хоногт зургаан цаг ажилладаг байсан бол төслийн үр дүнд 24 цагийн үйл ажиллагаатай болж, хоногт 120 хүнд шинжилгээ хийж байна.
УГТЭ-ийн Нян судлалын лабораторийн эмч Б.Долгоржав
Тус эмнэлгийн Нян судлалын лабораторийн эмч Б.Долгоржав, Манай лаборатори 2007 оноос бүрэн автомат VITEK аппарат ашиглаж эхэлсэн. ЭМСХХ-5 төслөөс Францад үйлдвэрлэсэн “VITEK-2” маркийн бүрэн автомат анализаторыг нийлүүлснээр хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ. VITEK бол 150-160 төрлийн нянг тогтоож, антибиотикт мэдрэг чанар, тэсвэржилтийг гаргаж өгдөг гол багаж юм. Нян судлалын лабораторид өдөрт 20-30 нэр төрлийн, нян судлалын 80-100 гаруй, жилд 18000 орчим шинжилгээ хийж байна.
Францад үйлдвэрлэсэн “VITEK-2” маркийн бүрэн автомат анализатор
Өвчтөн эмнэлэгт хэвтэх болон гарах үед нян судлалын шинжилгээ авна. Эхний шинжилгээгээр өвчтөнд ямар нэг халдвартай эсэхийг тогтооно. Гарахын өмнөх шинжилгээгээр хэрэв нянгийн халдвартай байсан бол эмчилгээний явцад эдгэрсэн үү? Эсвэл халдваргүй ирсэн хүн эмнэлгээс халдвар авсан уу? гэх мэтээр үнэлж, нягталж тандах шинжилгээг хийдэг. Хяналт, тандалтын энэ нарийн тогтолцоо бүрдсэнээр эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэлээс бүрэн хамгаалж, халдвар гарах нөхцөлийг таслан зогсоосон” гэлээ.
Нян судлалын лаборатори сар тутам антибиотикт мэдрэг чанарыг үзэж, дүн мэдээгээ авч байдаг. Ийнхүү эмнэлэгт халдвар гарсан шалтгаан болон үйлчлүүлэгчдийн дунд ямар үүсгэгч зонхилж буйг тодорхойлсноор эмнэлэг эмийн төсвөө гаргах зэргээр цаашдын эмчилгээний удирдамж зааврыг гаргахад чиглэл болдог давуу талтай. Мөн нян судлалын шинжилгээний үр дүнг ашиглан тухайн эмнэлэг, аймаг дүүрэг, улсын хэмжээнд халдварын тархалтын тоо баримтыг гаргаж авснаар түүндээ зохицуулан эмчилгээ, оношилгооныхоо удирдамж зааврыг шинэчлэх, илүү оновчтой болгох боломж бүрдүүлдэг эмнэлгийн тусламж үйлчилгээний чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй ЭМСХХ-5 төслийн хүрээнд манай улсын эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал ийн шийдэгдлээ.