Цар тахал дэлхий нийтийг хамрахтай зэрэгцэн Засгийн газар төсвийн бодлогоо эргэн харж, 2020 оны улсын төсвийн дийлэнхийг ковидын эсрэг үйл ажиллагаанд зарцуулав. Гэвч төсвийн орлогоор эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах боломжгүй. Иймд Эрүүл мэндийн яам АХБ, Дэлхийн банк зэрэг олон талт түнш байгууллагуудад хандаж, хөнгөлөлттэй зээлийн гэрээг шуурхай байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд АХБ манай улсад 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Ковид-19-ийн халдварын эсрэг тэмцэлд зориулан өнгөрсөн оны тавдугаар сард олгов.
АХБ нь 1991 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн Засгийн газартай нягт хамтран ажиллаж, нийгмийн бүх салбарт техникийн болон арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна. Эрүүл мэндийн яам, Азийн Хөгжлийн банк хамтран өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт АХБ-ны техникийн туслалцаа, буцалтгүй тусламж, зээлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Дэлхий дахинд КОВИД-19-ийн халдварын цар тахал дэгдсэн үеэс эхлэн АХБ Засгийн газраас хэрэгжүүлж буй цар тахлын эсрэг арга хэмжээг идэвхтэй дэмжин ажиллаж байна.
Үүний нэг жишээ нь АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5, КОВИД-19-ийн онцгой байдлын тусламжийн нэмэлт санхүүжилт”-ийн төсөл юм. Энэ төсөл ирэх онд дуусна. Төслийн нийт санхүүжилт 34.4 сая ам.доллар. Үүнээс 30 сая ам.доллар нь АХБ-ны хөнгөлөлттэй зээл, 4,4 сая ам.долларыг Засгийн газраас мөнгөн бус татварын чөлөөлөлтийн хэлбэрээр гаргах юм.
Төслийн зээлийн гэрээ байгуулах үеэр АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран “Засгийн газар COVID-19-ийн халдварыг тархаахгүй байх үр дүнтэй арга хэмжээнүүд авч байгаа ч халдвар нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байна. Мөн ирээдүйд гарч болзошгүй халдварт өвчний тархалт, нийгмийн эрүүл мэндийн бусад онцгой нөхцөл үүсэхэд эрүүл мэндийн салбар эмзэг хэвээр байна” гэсэн юм.
Тус банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын эрүүл мэнд, нийгмийн салбар хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа “Бид энэ зээлээр эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжүүд, амьсгалын аппаратууд худалдан авлаа. Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн улсын нөөцийг бүрдүүлнэ. Манай эм хангамжийн салбар 100 хувь хувийн хэвшилд шилжсэн. Ковидтой тулгарахад бид улсын эмийн нөөц байхгүйг олж мэдлээ. Нөөц хадгалах агуулахыг орчин үеийн стандартын дагуу барина. Эмийн агуулахын менежментийг тодорхойлох шаардлагатай. Байгалийн гамшиг, том хэмжээний өвчин гарлаа гэхэд тэр агуулахаас эм, эмнэлгийн хэрэгслээ шуурхай хангана” гэсэн юм.
КОВИД-19-ИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙХ АЖЛУУД
- Аймаг, нийслэлийн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудыг КОВИД-19-ийн халдвар, амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдвартай өвчтөнийг оношилж, эмчлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах,
- КОВИД-19-ийн халдвар, амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдвартай өвчтөнийг оношилж, эмчлэх талаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах,
- Архангай, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Төв, Говьсүмбэр, Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн төвлөрсөн ариутгалын тасгуудын дэд бүтэц, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эмнэлгийн багаж хэрэгслийг өндөр түвшинд халдваргүйжүүлэх, ариутгах аргачлалд сургах,
- ЭМЯ-ны эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахын байгууламжийг олон улсын стандартад нийцүүлэн барьж, тоноглоно.
Одоогоор төслийн гүйцэтгэл 64, зээлийн ашиглалт 41 хувьтай байна. Дээр дурдсан ажлуудын талаар ЭМСХХ- 5+, Ковид-19-ийн онцгой байдлын тусламжийн төслийн дэд зохицуулагч АУ-ны доктор Р.Эрдэнэтунгалагтай ярилцав.