3-5 нас

image
3-5 нас

Тэд ихийг мэднэ…

2017 он 12 сар 19
2,514

-3-5  настай хүүхдийн танин мэдэхүйн хөгжил-

ТАНЫ ХҮҮ, ОХИН:

  • 3 насандаа урт богино, өндөр нам, өргөн нарийн юмсыг хэмжээгээр нь харьцуулан, үгээр илэрхийлнэ.
  • Хүүхэд өөрийн байрлалаас бусад юмсын байрлалыг тодорхойлно. Жишээ нь, миний урд ширээ, ард самбар, баруун талд цонх, зүүн талд сандал байна гэх мэт. Байрлал заасан үгийг яриандаа хэрэглэнэ.
  • 4 настайгаасаа энгийн үйл явдлыг тоймлон ярихаас гадна цаг хугацааг илэрхийлсэн үг хэллэгийг хэрэглэнэ. Өглөө, өдөр, орой, шөнө гэсэн хоногийн хэсгүүдийг үйл явдалтай холбон дэс дараагаар нь нэрлэж ярина. Өглөө нар манддаг гэх мэт.
  • 5 хүртэлх насны хүүхэд эхний арвын дотор бодит юмсыг оноон тоолж, тоогоор нь ялгах, тоог нэрлэж чадна. Хоёр бүлэг юмсыг харьцуулж, дараагийн шинэ тоотой танилцана. Дөрвөн настайдаа чанга тоолдог байсан бол таван настайдаа дэс дараагаар нь "өөртөө" дотроо тоолно. Зөвхөн дүн тоог чангаар хэлнэ. Тухайн тооны өмнөх ба дараагийн тоог хэлнэ. Цифрийг танина.
  • Дөрвөлжин, дугуй, гурвалжин, бөмбөлөг, шоо, цилиндрийг зөв нэрлэн, ялгах ба хэлбэрийг нь хэлнэ. Мөн орчиндоо байгаа юмсыг геометрийн дүрстэй харьцуулан хэлж чадна.
  • Нэг юмны байрлалаар нөгөө юмсын байрлалыг тодорхойлно. Тухайлбал: орны урд талд ширээ байна гэх мэт.
  • Байсан, болно, одоо, дараа, хожим, эрт, өчигдөр, өнөөдөр, маргааш гэх мэт үгсийг яриандаа хэрэглэн, үйл явдлыг дараалалтай ярина. Жишээ нь, би зун хөдөө явна гэх мэт.
  • Гарагийн дараалал, нэрийг мэднэ. Жишээ нь, нэг дэх өдөр даваа гараг гэх мэт.
  • Жил, улирал, cap, гарагийн онцлог, ялгааг тодорхойлно. Жилийн дөрвөн улирлыг тодорхойлж ярина.
  • Тоолох нь 6 настай хүүхдийн хувьд их чухал. Тэд эхний 20-ийн дотор тоо ба цифрийг мэдэх, 20-ын дотор шууд ба урвуу тоолж 30-ийн дотор цээжээр тоолно. Тоог хоёр бага тоо болгон задалж энгийн бодлого бодно, зохионо. Жишээ нь, 5-ын тоо нь 2 ба 3-аас бүтнэ гэх мэт. Бодит юмсыг эхний 20-ийн дотор оноож тоолох ба эхний 10-ын дотор тооны бүтцийг танина.
  • 6 хүртэл насны хүүхэд бүхэл ба хэсгийн тухай мэднэ. Юмсыг тэнцүү хэсэгт хувааж, хэсгээс бүхэл үүсгэнэ
  • Хавтгай ба биет дүрсүүдийн хэлбэрийг тодорхойлон хооронд нь харьцуулж, төсөөтэй ба ялгаатай талыг нь олох, ангилах, бүлэглэх, төрөлжүүлэх үйлдэл хийнэ. Олон өнцөгт дүрсийг ялгаж бусад дүрстэй харьцуулна.
  • 10 хүртэл юмсыг өгсөх, буурах дарааллаар байрлуулна. Хэмжүүрийн нэгж ашиглан, шингэн ба бутармаг юмсыг хэмжиж тооцоолох дуртай.
  • 5 хүртэл насанд хүүхдүүд хуудас цаас, хавтгай гадаргуу дээр зүг чигийг тодорхойлох ба цэцэрлэг ба гэр орноо хаана байдаг, ямар гудамжинд байдгийг мэднэ. Хараагаараа болон схем зургаар юмсын байрлал, зүг чигийг тодорхойлно. Нүдний баримжаагаар юмсын хол, ойрыг тодорхойлно. Тэд баруун, зүүн, урд, хойно, цаана, наана, дээр, доор, хажууд гэх мэт үгсийг яриандаа хэрэглэнэ.
  • Хөдөлгөөний явцад зүг чигээ тодорхойлно. Жишээ нь, би баруун тийшээ яваад хүүхэлдэйгээ авлаа гэх мэт. Орчны юмсын байрлалыг тодорхойлж, үгээр илэрхийлнэ. Гэрийн ойролцоо юу, ямар барилга, уул, гол өвөлжөө байдгийг мэднэ.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх