-Хүүхдэд нян хэрэгтэй, антибиотик биш-
Тийм ээ, гараа байнга угааж байх нь чухал. Ялангуяа ханиад шуухинаа дэгддэг хүйтний улиралд болон эмнэлэгт хэвтэх нэгнээ эргэх үед амин чухал.
Барууны орнуудад эцэг эхчүүд цэвэр цэмцгэр байдалд хэтэрхий их анхаарлаа хандуулдаг. Микробиологич Мэри-Клэйр Арриэтагийн хэлж байгаагаар гарт наалдсан бичил биетүүд болох нянгуудыг гар ариутгагч бодис, нянгийн эсрэг савангаар угааж, антибиотик уулгуулж устгаснаараа та бид хүүхдийнхээ дархлааны тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлж байгаа болохыг шинээр хийсэн судалгаагаар нотолсон байна.
Тэрбээр Калгаригийн их сургуулийн туслах профессор, хүндэт микробиологич Бретт Финлигийн хамтаар “Тэдэнд дураар нь шороо идүүл: Хүүхдүүдээ хэт цэвэр орчноос хамгаалах нь” нэртэй ном гаргасан аж.
Бретт Финлигийн хэлж байгаагаар бид хүүхдүүдээ өмнөхөөсөө илүү цэвэр орчинд өсгөх болсон гэнэ. Ингэснээр хүүхдэдээ харшил, таргалалт зэрэг архаг эмгэгтэй болох суурийг нь тавьж өгч байгаа аж.
Ингээд та бүхэнд Мэри-Клэйр Арриэтагийн ярилцлагыг хүргэж байна.
- Профессор Бретт та хоёр яагаад энэ номыг бичих болов?
- Бид хоёр микробиологич мэргэжилтэй. Бид гэдсэнд байгаа нян буюу микробиомыг судалдаг. Сүүлийн жилүүдэд бидний болон бусад лабораториудын хийсэн судалгаануудаар хүний микробиом бага насанд ямар байх нь цаашдын эрүүл мэндэд чухал ач холбогдолтой болохыг олж тогтоосон. Эрдэмтэд гэхээсээ илүү бид хоёулаа эцэг эхчүүд. Олсон мэдээллээ олон нийттэй хуваалцах нь эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт тустай байх болов уу гэж бодсон.
- Антибиотикийг зохисгүй хэрэглэх нь антибиотикт тэсвэртэй халдварт өвчин үүсгэдэг талаар нэг хэсэг их яригдсан. Гэтэл антибиотикийн зохисгүй хэрэглээний хор уршиг тэр дороо илэрдэг гэж ойлголоо. Нян болон хүүхдийн дархлааны тогтоолцооны хөгжил хоёр хэрхэн холбогддог юм бэ?
- Дөнгөж төрсөн хүүхдийн биед ямар ч нян байдаггүй. Тэдний дархлааны тогтолцоо бүрэлдээгүй байдаг. Ингээд нянгууд ар араасаа бидний биед орсноор бидний дархлааны тогтолцоо бүрэлдэж, ажиллаж эхэлдэг. Нян байхгүй бол бидний дархлааны тогтолцоо халдвартай сайн тэмцэж чадахгүй.
Яг нянгаасаа биш нянгийн ялгаруулж байгаа зүйлсээс шалтгаалдаг л даа. Нянгууд бидний бүдүүн гэдэсний туузан шугаман дахь эд эстэй болон дархлааны эсүүдтэй харилцан шууд нөлөөлөх молекулууд болон бодисуудыг ялгаруулдаг. Гаднаас орж ирсэн нянгаас ялгарч буй молекулууд болон бодисууд нь бидний дархлааны эсүүдийг нэг ёсондоо сургадаг. Ингэж байж л дархлааны эсүүд юу хийх ёстой талаараа, ямар үүрэгтэй талаараа мэдээлэлтэй болж авдаг.
- Биднийг бага байхад янз бүрийн харшилтай хүн цөөхөн байжээ. Номдоо та “ариун цэврийн” онолын талаар дурдсан байсан. Үүнийгээ тайлбарлаж өгч болох уу?
- “Ариун цэврийн” онол маань харшил, таргалалт, гэдэсний үрэвсэлт өвчин, аутизм зэрэг эмгэг орчин цагт яагаад ийм ихээр нэмэгдсэн болохыг тайлбарлаж байгаа юм. Эдгээр эмгэгүүд үүсэх болсон шалтгаан нь ганцхан гентэй холбоотой биш. Бидний ген тийм хурдан ч өөрчлөгдөөд байдаг зүйл биш.
Эдгээр эмгэг нэмэгдэх болсон шалтгаан нь хүүхэд байхдаа хүн нянтай хэр ойр харьцаж байсантай холбоотой болох нь судалгаагаар тогтоогдсон. Бага байхдаа нянтай ойр байх нь бидний дархлааны тогтолцоо зөв ажиллахад чухал ач холбогдолтой ба цаашлаад дээр дурдагдсан эмгэгүүдээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй.
- Хүүхдээ дархлаа сайтай болгохын тулд эцэг эхчүүдийн хийж чадах эсвэл хийх ёсгүй зүйлс гэж бий юу? Харшил, астма зэрэг эмгэгтэй болох эрсдлийг бууруулах ч юм уу?
- Эпидемиологийн судалгаагаар хөдөө ферм дээр өссөн хүүхдүүд астматай болох магадлал бага гэж гарсан. Мэдээж та хүүхдээ аваад, бүхнээ орхиод л шууд фермийн аж ахуйч болохгүй нь тодорхой. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хэт их цэвэр биш орчинд амьдрах нь хүүхдийн эрүүл мэндэд хамаагүй тустай. Түүнчлэн хүүхдэдээ гэрийн тэжээмэл амьтан авч өгч, гэртээ тэжээж болно.
Хүүхдийн аманд орж буй бүх зүйлийг цэвэр байлгах нь астматай болох эрсдлийг нь нэмэгдүүлдгийг судалгаагаар нотолсон. Бид хэтэрхий цэвэрхэн амьдарч байгаа нь бидэнд болон үр хүүхдүүдэд маань муугаар нөлөөлж байна. Мэдээж ариун цэвэр сахих нь эрүүл мэндэд чухал.
Бид шаардлагатай үед, халдварт өвчин тархахаас сэргийлж хоол идэхийнхээ өмнө болон бие зассаныхаа дараа гараа байнга угааж байх хэрэгтэй. Бусад үед үнэхээр шаардлагагүй. Таны хүүхэд гадаа шороогоор тоглож байгаа бол та тэр шороог угаах гэж яарах хэрэггүй. Халдвараас урьдчилан сэргийлэх болон эрүүл тэнцвэртэй микробиом бүрдүүлэх зэрэг нь хоорондоо тэнцвэртэй байх хэрэгтэй.
Эх сурвалж: www.thestar.com
Зөвлөх: С.Заяа /Сэтгүүлч, орчуулагч/