fbpx

Эрүүл мэнд

image

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн уушги 20 жил тамхи татсан хүнийхтэй ижил байжээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлж буйг эмч нар дахин анхаарууллаа. Сүүлийн жилүүдэд 1-5 насны хүүхдийн уушги хамгийн их гэмтэж байгааг албаны хүмүүс хэлсэн юм. Бага насны хүүхдийн дархлаа гүйцэд тогтоогүй, уушгины системийн тогтолцоо бүрэн гүйцэт хөгжөөгүй байдаг тул бронхит, сүрьеэ зэрэг хүнд өвчлөлд амархан нэрвэгддэг аж.

Өндөр хөгжилтэй орнуудад сүрьеэ, уушгины өвчлөл судлалын нэгдсэн эмнэлэг ажилладаг бол манайд байдаггүй. Харин дүүргийн эмнэлгүүдэд сүрьеэгийн эмч, тасаг л бий. Гавьяат эмч, клиникийн профессор Д.Мянгаа "Ийм утаатай орчинд яаж цоо эрүүл уушгитай хүн байх юм. Ямар нэг зовиур шаналгаагүй ч гэсэн уушгины өвчлөлтэй л байгаа. Дийлэнх нь гуурсан хоолойн бөглөрөх өвчин буюу бронхиттой. Гаднаас нь харахад хүүхэд эрүүл байлаа ч агаарын бохирдол, тамхины утаанд уушги нь аль хэдийнэ өвчилсөн байдаг. Одоо цоо эрүүл уушгитай хүүхэд байхгүй" гэлээ.

Нийслэлийн 220 мянган сурагчийн 9000 нь буюу таван хувь нь уушгины архаг бронхиттой, сүрьеэгийн далд халдвар тээгч болоод буйг нарийн мэргэжлийн эмч хэллээ. Энэ нь насанд хүрэгчдийн сүрьеэгийн өвчлөлөөс гурав дахин өндөр үзүүлэлт аж. Дэлхий нийтэд өнөөдрийн байдлаар хүүхдийн сүрьеэгийн өвчлөл ийм өндөр гардаг улс байхгүй гэнэ. Энэ бол аймшигтай, сэтгэл түгшээсэн тоо. Эдгээр өвчилсөн хүүхдүүдийн дийлэнх нь сүрьеэгээр өвдсөн хүмүүстэй хамт амьдардаг бөгөөд маш их хордлоготой, туранхай, өсөлт хөгжлийн хоцрогдолтой байдаг аж.

Сүрьеэгийн эсрэг төрийн бус байгууллагынхан МУГЖ, балетчин Д.Алтанхуяг, АНУ- ын Харвардын их сургууль, АШУҮИС, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран уушгины бронхит, сүрьеэгийн судалгаа хийж байгааг бид сонссон юм.

Тус байгууллагынхан нийслэлийн 15 сургуулийн 8-13 насны 9000 хүүхдэд сүрьеэгийн далд халдварыг илрүүлэх судалгаа хийж байгаа аж. Судалгааны эхний үр дүнгээр сурагчдын 10 хувь нь сүрьеэгийн далд халдвартай, гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн 30 хувь нь халдвар тээгч байжээ. Мөн тамхи татдаг эцэг эхтэй хүүхдүүдийн халдвар 20 хувиар илүү байна.
Түүнчлэн судалгаанд оролцуулсан хүүхдүүдийн заримынх нь уушгины уг өргөссөн, булчирхай нь тодорсон, хамгийн гол нь уушгины зураглал тодорч, бронхиттой болохыг оношилсон байна. Тэдгээр хүүхдүүдийн уушги 20 жил тамхи татсан хүнийхтэй ижил байсан нь эмч нарт түгшүүр төрүүлжээ. Агаарын бохирдол хүүхдийн уушгинд хэрхэн нөлөөлж байгааг үүнээс харж болно гэж эх сурвалж хэлсэн юм.

Гэтэл салбарын яам, холбогдох эрүүл мэндийн байгууллагууд болон дээд албан тушаалтнууд дээрх судалгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тэр ч байтугай тус байгууллагыг дарамталж, судалгааны дүнгээ олон нийтэд дэлгэхийг хориглосон гэнэ. Уг нь Улаанбаатар хотод амьдардаг нийт хүн амын эрүүл мэндэд төдийгүй шийдвэрлэж чадахгүй байгаа утааны эсрэг үйл ажиллагаатай холбогдож болохуйц чухал ач холбогдолтой баймаар юм. Өөрсдөө хийж чадахгүй байгаа судалгаа нь өндөр түвшинд, чанартай хийгээд өгсөнд нь талархаж, хамтран ажиллахын оронд хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа нөхдийг юу гэж ойлгох вэ.

ГАДНЫНХАН БРОНХИТЫГ ЦАГ АЛДАЛГҮЙ ЭМЧЛҮҮЛДЭГ
Бронхит гэдэг нь гуурсан хоолойн салст бүрхүүлийн үрэвсэл юм. Энэ нь биеэ даасан өвчин маягаар үүсэхийг анхдагч бронхит гэж үздэг аж. Гэхдээ манай улсын хувьд амьсгалын замын цочмог халдвар, ханиадны хүндрэлээс үүдсэн буюу гуурсан хоолойн хоёрдогч үрэвсэл хэлбэрээр хамгийн их тохиолддог байна. Энэ төрлийн үрэвсэл нь бактерийн халдвартай хавсарсан тохиолдолд хамгийн аюултай байдаг аж.

Тамхины утаа, тоос, тоосонцор нь гуурсан хоолойн үрэвсэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэгийг эмч нар анхаарууллаа. Уушгины архаг бронхит, сүрьеэг устгаж чадсан гадаадын олон орон бий. Тухайлбал, АНУ-ын Аляск дахь уугуул иргэдийн дунд тархсан сүрьеэг уушгины бронхит, далд сүрьеэтэй тэмцэж устгасан байдаг. Одоо ч АНУ-д очсон монголчууд бүгд сүрьеэгийн шинжилгээ өгч, уушгины бронхит, далд сүрьеэтэй бол урьдчилан сэргийлэх эмчилгээнд ордог ажээ. ДЭМБ-ын сүрьеэг устгах 2035 он хүртэлх төлөвлөгөөнд уушгины бронхит, далд сүрьеэгийн эмчилгээ оношилгоонд онцгой анхаарахыг зөвлөсөн байдаг юм билээ.

НЭГ ТОНН НҮҮРС 10 ХҮНИЙ ЖИЛИЙН ТУРШ АМЬСГАЛАХ ХҮЧИЛТӨРӨГЧИЙГ УСТГАДАГ 

Энэ мэтчилэн агаарын бохирдлоос болж олон мянган хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Хотын агаарыг бохирдуулж буй гол хүчин зүйлийн нэг нь дулааны цахилгаан станц аж. Дулааны станцууд жилдээ 3.6 сая тонн нүүрс шатаадаг. Энэ нь өвлийн улиралд цаг тутамд 4.5 сая шоо метр утаа, 4.14 тонн үнс, 6.762 кг хүхэрлэг хий агаарт хаядаг байна.

Мөн хотын 450 гаруй нам даралтын уурын зууханд жилд сая гаруй тонн нүүрс шатааж, гэр хорооллын 180 мянга гаруй айл өрх жилдээ 700 мянга гаруй тонн нүүрс, 200 гаруй мянган шоо метр мод түлшиндээ хэрэглэдэг гэсэн судалгааг холбогдох байгууллагаас гаргажээ. Гэтэл ганцхан тонн нүүрс шатаахад арван хүний бүтэн жилийн турш амьсгалах хүчилтөрөгчийг устгадаг аж. Улаанбаатар хотод жилдээ 5.2 сая тонн нүүрс шатааснаас хотын агаар дахь угаарын хий буюу нүүрсхүчлийн дутуу ислийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-4 дахин нэмэгддэг гэж бодохоор нийслэлчүүдийн маань уушги ямар болж буйг төсөөлөхөд бэрх.

X
Нэвтрэх