fbpx

Мэдээ, мэдээлэл

image
 Улаанбаатар хотын Төмөр замын төв эмнэлгийн Нийгмийн эрүүл мэнд судлалч, Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр Г.Насантогтох “Улаанбаатар хотын 6-8 насны хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээг тодорхойлсон дүн” нэртэй судалгаа хийжээ. Судалгаагаар гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ орон сууцан дахь хүүхдүүдийнхээс өндөр гарсан байна. Энэ нь ямар эрсдэлтэй болоод хэрхэн сэргийлэх талаар эрдэмтэн Г.Насантогтохтой ярилцлаа.

БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХАР ТУГАЛГАНЫ ЭРСДЭЛД ИЛҮҮТЭЙ ӨРТДӨГ

-Та судалгаандаа 6-8 насны хүүхдүүдийг хамруулсан. Яагаад энэ насныхныг онцолсон юм бэ?
-Хүүхэд бага тусмаа хар тугалганы эрсдэлд илүүтэй өртдөг гэсэн олон улсын судалгаа бий. Миний хувьд Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнхныг сонгосон. Цэцэрлэгийн насныхныг хамруулах боломж байсан ч сургуулийн хүүхдүүдийн оюуны чадамжийг харьцуулах зорилгодоо нийцүүлсэн юм. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлаас IQ тест авч чадаагүй. Монгол улсад нэгдсэн хэмжээгээр авдаг тест, шалгуур байдаггүй. Олон улсынхыг хөрвүүлбэл Монгол хөрсөн дээр сайн буухгүй гэж үзээд багш нарынх нь үнэлгээгээр харьцуулалт хийсэн.

-Хар тугалгын хордлогод том хүнээс илүү хүүхэд өртдөг гэлээ. Учир шалтгаан нь юу юм бол?
-Хүүхэд том хүнээс биеэр жижиг учраас газрын хөрстэй ойр байдаг. Тиймээс орчны бохирдолд өртөмтгий байх магадлал их. Бага насны хүүхэд амаараа эргэн тойрноо мэдэрдэг учраас хоол боловсруулах замаар илүүтэй хордлогод ордог. Өөрөөр хэлбэл амьдралын зан үйлээс хамаарч том хүнээс илүү хүүхэд өртөөд байгаа юм.

-Ер нь энэ судалгааг яагаад хийх болсон бэ?
-Хүүхэд хар тугалгын хордлогод орох үзэгдэл нийгэмд тулгамдсан асуудал болсныг Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн төгсөх курсийн оюутан байхдаа удирдагч багштайгаа ярьж байлаа. Тиймээс багшийнхаа санал болгосноор энэхүү бодис нь хүүхдийн оюуны хөгжилд хэрхэн нөлөөлж буйг судалж үзэхээр шийдсэн. Мэдээж энэ нь Монгол улсын хэмжээнд анх удаагаа хийгдсэн судалгаа биш. Өмнө нь хийсэн хэд хэдэн судалгаа бий. Тэр үед хүүхдийн цусанд хар тугалга их хэмжээгээр илэрч байсан.

-Хүүхдийн цусан дахь хар тугалгыг тогтоох шинжилгээ өмнө хэд хэдэн удаа хийгдэж байсан гэлээ. Тэгвэл таны судалгаа юугаараа онцлог юм бэ?
-Өмнөх шинжилгээнүүд Монголд хийгдээгүй, ОХУ-руу зөөвөрлөж хариуг нь тогтоосон. Харин бид энд өөрсдийн багаж, тоног төхөөрөмжөөр түргэвчилсэн хугацаанд авсан. Нэг ёсондоо гурван минутын дотор хариу гардаг багаж ашиглаж, өндгөнд хатгалт хийсэн юм. Өөрөөр хэлбэл тэр дор нь хариуг гаргаж, хүүхдүүдийн эцэг эхэд зөвлөгөө өгсөн. Түргэвчилсэн байдлаар хар тугалгын шинжилгээ хийснээрээ давуу талтай. Тэгээд ч өмнө нь судалгаа хийгдсэнээс хойш 7-8 жил өнгөрсөн байна. Тиймээс харьцуулж үзэх нь чухал байлаа. Хамгийн их хүн амтай Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дөрвөн сургуулийн 160 орчим хүүхдээс шинжилгээ авсан. Хязгаарлагдмал тал аль ч судалгаанд байдаг. Тэгэхээр нутаг дэвсгэрийг бүрэн хангаж чадахгүй сул талтай. Судалгааны зөвлөмж дээрээ цаашид улсын түвшинд хар тугалгыг тодорхойлж, эх үүсвэрийг нь тогтоох шаардлагатай гэж бичсэн.

ХҮҮХДҮҮДИЙН 60.1 ХУВЬД НЬ ХАР ТУГАЛГЫН ХЭМЖЭЭ ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ИХ ГАРСАН

-Таны судалгаанд оролцсон ихэнх хүүхдийн цуснаас хар тугалга илэрсэн гэж байсан?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Өвчний хяналт сэргийлэлтийн олон улсын төвөөс 2012 онд цусан дахь хар тугалгын хэмжээ 5 мкг/дл-ээс дээшээс гарсан тохиолдолд хүний биед сөрөг нөлөө үзүүлнэ гэж заасан. Харин судалгаагаар шинжилгээ өгсөн 153 хүүхдийн 60.1 хувьд нь хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээр их байсан.

-Олон улсад энэ нь хэр үзүүлэлт юм бэ?
-Цусан дахь хар тугалгын хэмжээ 5 мкг/дл-ээс дээшээс байна гэдэг өндөр үзүүлэлт. Жишээ нь АНУ-д мянган хүүхэд шинжилгээ хийхэд энэ дүн дунджаар 2-2.5 мкг/дл байна. Тэгэхэд манайд ердөө 150 гаруй хүүхдийг шинжлэхэд дундаж нь 5.3 мкг/дл буюу хоёр дахин их байна. Миний судалгаанд цусанд агуулагдаж байгаа хар тугалгын хамгийн дээд хэмжээ 14.4 мкг/дл.

-Хар тугалгын хэмжээ хэр байж хүний биед шууд сөрөг нөлөө үзүүлэх вэ?
-Хар тугалга биед ормогц хамгийн эхэнд цусанд эргэлддэг. Цусанд байх хагас задралын хугацаа ойролцоогоор 30-40 хоног. Түүнээс хойш зарим хэсэг нь биеэс гадагшилж, үлдсэн нь яс, шүдэнд хуримтлагдана. Ихэвчлэн хоол тэжээлийн хомсдолтой, кальци, фосфор авч чадахгүй байгаа хүмүүс өртөмхий байна. Манайханд сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Дийлэнх нь кальцийн дутагдалтай. Ясанд суусан хар тугалга 23-25 жил ясанд оршдог. Кальци хүний бодисын солилцоонд байнга оролцдог. Шаардлагатай бол яснаасаа дайчлагдаад гарчихна. Хэрэгцээ багасвал ясандаа суучихна. Нэгэнтээ ясанд хуримтлагдвал хүний биеэс гадагшлах боломж нь багасна.

-Тэгэхээр цусан дахь хар тугалгыг тодорхойлохоос гадна ясанд байгааг мэдэх нь их чухал байх нь ээ?
-Тийм. Цусанд дахь хар тугалга бол зөвхөн цусанд хэр агууламжтай вэ гэдгийг тодорхойлохоос бус биед хэр хуримтлагдсаныг тогтоохгүй. Ясан дахь хар тугалгыг тодорхойлох шинжилгээний хувьд тухайн хүнд зовиуртай, ёс зүйн хувьд тийм ч тохиромжтой бус шинжилгээ. Олон улсын түвшинд маш бага судалгааг хийсэн байдаг. Миний судалгааны хувьд хавар, өвлийн заагт хийсэн нь өвлийн орчны бохирдол хүүхдэд хэрхэн нөлөөлж буйг судлах зорилготой байсан. Цусанд орсон хар тугалга биед орсноор тэнцвэрт байдал алдагдуулдаг. Эс үхнэ, завсрын бүтээгдэхүүнүүд үүснэ. Тэрнээс болж хордоно. Нэг ёсондоо хүн архаг хордлогод өртсөнөө ч мэдэхгүй явж байдаг. Харин биед 40 микро грамм дицлитерээс дээшээс хар тугалга агуулагдаж байвал өндөр түвшний хордлогод орсон гэсэн үг. Архаг цочмог хордлого нь зүрх судасны систем, мэдрэлийн системд шууд нөлөөлнө. Цусны эргэлтийн системд төмөр хүчилтөрөгчийг тээвэрлээд явж байдаг атал үүний оронд хар тугалга болчихоор цус багадалт, толгой тархи өвдөх, бодисын солилцооны тэнцвэрийг алдагдуулна.

ГЭРТ АМЬДАРДАГ ХҮҮХДИЙН ЦУСАН ДАХЬ ХАР ТУГАЛГА ОРОН СУУЦНЫ ХҮҮХДИЙНХЭЭС ХЭД ДАХИН ИХ БАЙСАН

-Цусан дахь хар тугалгын хэмжээ өндөртэй хүүхдүүд ихэвчлэн амьдралын ямар хэв маягтай байв?
-Байршил, амьдарч байгаа дүүргээр нь авч үзэхээр тийм ч хамааралтай биш байгаа юм. Өөрөөр хэлбэл үзүүлэлтэд байршилд тийм ч ялгаа гараагүй. Бас тухайн сургуульд өөр харьяаны хүүхдүүд суралцах магадлалтай учир судалгаа бодитой бус гарах магадлалтай. Тэгэхээр гэр, орон сууц, байранд амьдардаг эсэхээр нь харьцуулах нь зүйтэй гэж бодсон. Судалгаагаар гэрт амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалга орон сууцанд амьдардгаас хэд дахин илүү гарсан.

-Гэрт амьдардаг хүүхдүүдийн цусанд хар тугалга их байгаа нь юутай холбоотой вэ?
-Эх үүсвэрийг нь тодорхойлж чадаагүй болохоор таамаглал л дэвшүүлнэ. Гэрт амьдардаг хүмүүс нүүрс их түлнэ. Тэр орчинд нарийн ширхэглэгт тоосонцор үүсдэг. Тоосонцрын найрлагад хар тугалганы хэмжээ агуулагдаж байгаа гэсэн судалгааг олон улсад саяхан хийгдсэн. Манайд тийм судалгаа байхгүй ч тоосонцрын найрлага дахь хар тугалга нөлөөлж байгаа юм биш биз гэх сэжиг төрсөн. Нарийн ширхэглэгт тоосонцорт зөвхөн тоос бус янз бүрийн химийн нэгдлүүд, хүнд элементүүд агуулж байдаг. Тэгэхээр тэр ширхэглэгт хар тугалга байхыг үгүйсгэхгүй.

-Нас, хүйсний хувьд хэр ялгаа ажиглагдсан бэ?
-Судалгаагаар эрэгтэй хүүхдүүдийн цусанд хар тугалгын агууламж их гарсан. Шалтгааныг нь би бодисын солилцоотой холбож таамагласан. Бага насны эмэгтэй хүүхдийн бодисын солилцоо эрэгтэйгээс илүү эрчимтэй байдаг. Охидууд өсгөлүүн байдаг шүү дээ. Бодисын солилцоо сайн явагдаж байна гэдэг хар тугалгыг гадагшлуулах явц нь хурдан байх магадлалтай. Хоёрдугаарт эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдийг бодвол гадаа цаг их өнгөрөөдөг.

-Таны судалгааны үр дүн өмнөх судалгаануудтай харьцуулахад ямар зөрүүтэй байсан бэ?
-2005 онд хийгдсэн Бурмаажав нарын судалгаанд хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ маш их гарсан. Уг судалгаагаар хүүхдийн цусан дахь хар тугалгын дундаж хэмжээ 16.9 мкг/дл байсан бол миний судалгаанд буурсан үзүүлэлт харагдаж байна. Энийг маш олон янзаар тайлбарлаж болно. Нэгдүгээрт бидний шинжилгээний аргачлал өөр. Хоёрдугаар насны бүлэг ялгаатай байна. Тэд 7-14 насны хүүхдүүдийг судалсан бол би 6-8 насны хүүхдүүдийг хамруулсан. Бусад асуумж судалгааны үр дүн адил байсан.

ЦУСАН ДАХЬ ХАР ТУГАЛГЫН ХЭМЖЭЭ ИХТЭЙ ХҮҮХДҮҮД УУРТАЙ, МЭДРЭМТГИЙ БАЙДАГ

-Цусандаа хар тугалга агуулсан хүүхдийн оюуны чадамж хэр байсан бэ?
-Оюуны чадамжийг IQ тест авч байж л мэднэ. Харин би тест аваагүй, багш нарын үнэлгээгээр тооцсон. Тухайлбал, муу, дунд сурдаг хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ их байв. Харин онц сурдаг хүүхдүүдийнх мэдэгдэхүйц бага байгаа ажиглагдлаа. Өөрөөр хэлбэл хар тугалгын хордлогоос хамаарч хүүхдүүдийн хооронд ялгаа байгаа нь батлагдсан. Гэхдээ хамааралтай гэж шууд хэлж чадахгүй.

-Цусан дахь хар тугалгын хэмжээ ихтэй хүүхдүүдийн зан араншин энгийн хүүхдүүдтэй харьцуулахад ямар байдаг вэ?
-Ууртай, мэдрэмтгий, цочромтгой хүүхдийн цусанд хар тугалга их байдаг.

-Хар тугалгын хордлогод өртөхөөс эцэг эхчүүд хэрхэн сэргийлэх хэрэгтэй вэ?
-Аливаа зүйлийн эрсдэлийг бууруулахын тулд эх үүсвэрт нь чиглэсэн арга хэмжээ авах хэрэгтэй. Гэтэл эх үүсвэрийг нь мэдэхгүй байна. Тэр ч байтугай агаар, хөрснөөсөө аваад байгаа эсэхээ ч тогтоогоогүй байна. Тэгэхээр таслан зогсоох боломжгүй. Хэрэв агаараар авч байна гэж үзвэл өглөө, оройдоо заавал маск зүүх л болчихоод байгаа юм. Хоол боловсруулах замаар бол цагаан будаагаа сайтар угааж хэрэглэх шаардлагатай. Хар тугалга нь хөрсөнд агуулагдаж байдаг хүнд металл. Мэдээж өнгөн хөрсөнд агуулагдахгүй байх. Байгалийн тогтцоор хөрсөнд оршдог. Харин үйлдвэрлэлд хэрэглэхийн тулд хар тугалга хэлбэрээр олдворлоод сүүлийн 300 гаруй жилд маш их бохирдол үүсээд байгаа юм. Үүнийг түлш шаталт, гоо сайхны бүтээгдэхүүн, төрөл бүрийн будаг, усны хоолойн доторлогоо зэрэгт өргөн ашиглаж байна. Тэгэхээр ундны уснаас болж байгаа эсэхийг тодорхойлох шаардлагатай байна.

-Жишээ нь манайд хар тугалга агуулсан будаг, хүүхдийн тоглоом, хүнсний бүтээгдэхүүн зэрэгт хяналт хэр тавьдаг юм бол?
-Мэдээж стандарт мөрддөг л байх. Гэхдээ хилээр орж ирсэн болгонд шинжилгээ хийж, тэр болгонд хянаад явах боломж бага.

ХҮНСНИЙ НОГОО, НӨӨШИЛСӨН БҮТЭЭГДЭХҮҮН, ЭЛСЭН ЧИХЭР, БУДААНД ХАР ТУГАЛГЫН АГУУЛАМЖ ИХ

-Хоол хүнсээр дамжин хүүхдүүд биед хар тугалга орж байна гэдэг?
-Манайд хүнсэн дэх хар тугалгын хэмжээг судалсан судалгаа бий. Судалгааны үр дүнд хар тугалгын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан. Хүнсний ногоо, нөөшилсөн бүтээгдэхүүн, элсэн чихэр, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдэд зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү хар тугалга байгааг тогтоосон.

-Цагаан будаа, ногоонд яагаад хар тугалга агуулагддаг юм бэ?
-Ихэнхийг нь урдаас оруулж ирж байна. Тэгэхээр нэг хөрсөнд л тарьсан байж таарна. Тэр хөрс ямар бохирдолтой байсныг бид мэдэхгүй. Хилээр орж ирж байгаа бүхнийг бид нэг бүрчлэн шинжлэхгүй. Цагаан будааг сайтар угаахад агуулагдаж буй хар тугалга нь багассан гэх судалгаа бий. Тэгэхээр цагаан өнгийг нь арилтал угаах хэрэгтэй. Тийм л сэргийлэх аргууд байна. Бас хүүхдэдээ тоглоом худалдаж авахдаа чанартайгаас нь сонгоорой. Хямд гэхээр л хаана үйлдвэрлэж, юугаар хийсэн нь тодорхойгүй чанаргүй бүтээгдэхүүн байгаа. Тод өнгө, хурц үнэр бүхий тоглоом хар тугалгын агууламжтайг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тогтоосон. Тоглоомд өнгө будаг оруулж, тогтоцтой байлгахын тулд хар тугалгыг ашигладаг байна. Чихмэл тоглоом гэхэд л тоосжилт ихтэй. Хүүхэд сэгсрэх бүрт тоосжилт үүсэж амьсгалын замаар элдэв бохир дамжиж байдаг.

-Гадаадын орнуудад хүүхдийг хар тугалгаас сэргийлэх ямар арга хэмжээ авдаг юм бэ?
-Америкт шинээр мэндэлсэн хүүхэд болгонд хар тугалгын шинжилгээг хийж таван нас хүртэл хяналт тавьдаг. Үүний улмаас жил ирэх тусам үзүүлэлт нь буурч байгаа. Гэтэл манайд ийм үйлчилгээ, судалгаа байхгүй. Тэд юунаас шалтгаалж хүмүүс хордож буйг тодорхойлж арга хэмжээ авч эхэлсэн. Америкт гэхэд хар тугалгын орцтой будгуудаар байшин будахыг хориглосноор хордлогод орох тохиолдол багассан гэх мэдээ бий. ­

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч: Г.Одгарав

X
Нэвтрэх