fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхдийн мөнгийг нөхөж олгохоор болсон юм.

Эдийн засгийн хүндрэлийн улмаас нийт хүүхдийн 60 хувьд нь л сар бүр 20 мянган төгрөг олгох шийдвэр 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.  Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга  Б.Мандхайгаас иргэд хэзээ хүүхдийн мөнгөө авах талаар тодруулахад,

“Бид 2016 оны долдугаар сарын 1-нээс хойш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2013 онд улсын хэмжээнд хийсэн өрхийн амжиргааны түвшин тодорхойлох судалгаатай уялдуулсан. Судалгааны үр дүнгээр өрхийн амжиргааны түвшний  502.567-гоос доогуур оноотой өрхийн хүүхдүүдэд мөнгийг нь олгож, 502.567-гоос дээгүүр оноотой өрхийн хүүхдүүдэд 2019 онд нөхөж олгохоор шийдвэрлэсэн.

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр 502.567-гоос дээгүүр оноотой өрхийн хүүхдийн мөнгийг нөхөж олгохоор болсон тул цаашид өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй өрхийн бүх хүүхэд тэтгэмжээ авна.

Энэ мөнгийг арилжааны 13 банкаар дамжуулан олгодог. Нэг зүйлийг анхааруулахад Хүүхдийн мөнгийг олгохдоо тухайн өрхийн хүүхэд заавал өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байх ёстой гэж “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д заасан.

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд огт хамрагдаагүй өрхүүд бий. Эдгээр өрх хүүхдийн мөнгөө авахын тулд харьяа  сум, хорооныхоо Хөдөлмөр, халамжийн ажилтанд хандаж, өргөдөл гарган, судалгаанд хамрагдах ёстой" гэв.

2017 оны гуравдугаар сарын 10-наас хойш шинээр төрсөн хүүхдийн өргөдлийг харъяа аймаг, дүүргийн газар, хэлтсүүдэд хүлээн авч, судалгааны оноо бодогдсоны дараа тухайн өрх дээр бүртгэж, өргөдөл өгсөн сараас нь нөхөж олгох ажлыг зохион байгуулна.

Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанд хамрагдаагүйн улмаас хүүхдийн мөнгө огт аваагүй иргэдэд хүүхдийн мөнгийг нөхөж олгохгүй. Өргөдөл гаргасан хугацаанаас нь эхлэн олгох юм байна.

Хүүхдийн мөнгө анх удаа авах эдгээр иргэд өөрийн сонгосон арилжааны банканд мөн хүсэлт гаргах ёстой. Харин өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанд хамрагдсан өрхүүд хүүхдийн мөнгөө өмнөх банкаараа үргэлжлүүлэн авна.


Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

Эх сурвалж: Үндэсний статистикий хороо

X
Нэвтрэх