fbpx

Харшил

image

Тухайн хүний бие махбодод харшил төрүүлэгч ямар нэгэн гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр бие организм хэт эмзэг, хүчтэй хариу урвал үзүүлж, байх ёстойгоосоо өөр эмгэг байдалд орсон байхыг харшил хэмээн томьёолдог билээ. Аллерги гэдэг нь аллос–өөр, эрогос-үйлчлэх гэсэн хоёр үгнээс бүтэж байгаагаас харахад дархлааны тогтолцоо харшил төрүүлэгч хүчин зүйлийг "буруу таньж" ердийн бус гажуудсан байдлаар хэт идэвхжин ажиллаж эхлэх гэсэн утга илэрхийлж байна.

Харшлын аль ч хэлбэрийн үед гистамин цусанд ялгардаг тул илрэх гадаад шинж тэмдэг ч юуны харшил вэ гэдгээс үл хамааран адилхан байдаг. Та харшилтай болсон эсэх, чухам ямар харшилтай эсэхээ харшлын сорил тавиулж мэдэх шаардлагатай.

ПОЛЛИНОЗ (ТООСНЫ ХАРШИЛ)

Хамгийн тод шинж тэмдэгтэй, түгээмэл тохиолддог харшилт үрэвсэл юм. Эхэн үедээ нулимс гоожих, нүдэнд элс орсон мэт мэдрэмж төрөх, хорсох, гялбах, зовхи хавагнах зэрэг шинж илэрнэ. Өөрөөр хэлбэл нүдний салст бүрхүүлийн үрэвсэл буюу "Коньюнктивит" хэлбэр давамгайлна.

Дараа нь хамрын салст бүрхэвчийн харшилт үрэвслийн ("нусгайтах харшил", "Ринит") шинж залгадаг. Үүнд: нус, нулимс гоожих, хамар загатнах, ханиах толгой өвдөх гэх мэт.

ХҮНСНИЙ ХАРШИЛ

Ихэвчлэн аливаа лаазалж савласан бэлэн хоол хүнсний найрлага дахь байгалийн бус буюу химийн гаралтай элдэв өнгө, үнэр, амт оруулагч орлуулагч болон удаан хугацаагаар хадгалахад зориулсан /консервант/ нөөшлөгч бодисоос үүсэлтэй байдаг. Мөн хоол хүнсний зүйлийн ердийн найрлага дахь бодисуудаас харшилдаг хүн ч байдаг. Шинж тэмдэг нь арьсны янз бүрийн тууралт хэлбэрээр ихэвчлэн илэрдэг.

ЭМИЙН ХАРШИЛ

Мөн ховор биш харшил. Тухайн хувь хүний онцлогоос шалтгаалан тухайн эмийн бодисын найрлага дахь аль нэгэн бодист харшилсан байдаг. Бага насны хүүхдэд хамгийн түгээмэл тохиолддог нь сиропон хэлбэрийн эмийн харшил. Ихэвчлэн арьсны тууралт хэлбэрээр илэрдэг.

ДЕРМАТИТ БУЮУ АРЬСНЫ ХАРШИЛ

Химийн бүтээгдэхүүн, зарим металл \никель\, үнэртэй ус, резинэн материал зэрэг маш олон шалтгаантай. Илрэх шинж тэмдэг: арьс загатнах, улайх, гүвдрүүтэх \чонон хөрвөс\, квинкийн хаван гэх мэт.

Бага насны хүүхдэд хамгийн элбэг тохиолддог харшил нь "Шүүдэст эмзэгшил" юм. Мөн сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд Амьсгалын замын багтраа хэлбэрийн болон ханиалгат харшил нэлээд элбэгших хандлагатай байна.

Бүх төрлийн харшилд анагаах ухаанд дархлаа дарангуйлагч бэлдмэлүүд хэрэглэдэг учир эмчилгээний үр дүн тааруухан байдаг.

profile

Зөвлөх: Б.Бат-Өлзий

Клиникийн профессор, Хүүхдийн эмч 99736795, 80013575

X
Нэвтрэх