fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан хамтран агаарын бохирдлоос үүдэж хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд гарах үр дагаврын талаар судалгаа хийснээ өнөөдөр танилцууллаа.

"Аюулын харанга: Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд" сэдэвт судалгааны тайланд Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээг эрчимтэй бууруулахгүй бол агаарын бохирдолтой холбоотой хүүхдийн өвчлөлийг эмчлэх зардал 2025 он гэхэд 33 хувиар нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагууд жил бүр 4.8 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гаргах төлөвтэй байна гэсэн хэмээн дурджээ.

Улаанбаатар агаарын бохирдол хамгийн ихтэй дэлхийн хотуудын нэгээр тооцогддог. 2018 оны нэгдүгээр сарын 30-ны 05.00 цагт Улаанбаатар хотын төв Баруун 4 замын орчимд нарийн ширхэглэгт тоосонцор буюу РМ 2.5-ын хэмжээ 3320 мк/м3 хүрсэн нь ДЭМБ-ын зөвшөөрөгдөх стандартаас 133 дахин их байгаа юм.

Ийм хэмжээний бохирдолтой байхад ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг. Амьгүй төрөлт, дутуу төрөлт, хүүхэд жин багатай төрөх, хатгалгаа, бронхит, гуурсан хоолойн багтраа болон хүүхдийн нас баралт агаарын бохирдлоос үүдэлтэйгээр нэмэгдсээр байна. Агаарын бохирдлыг дорвитой шийдвэрлэх хүртэл ойрын жилүүдэд мянга мянган хүүхдүүд өвдсөөр байх болно. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах урт хугацааны цорын ганц шийдэл юм.

Тиймээс бид эрчим хүчний цэвэр шийдэлд хөрөнгө оруулаад зогсохгүй хүүхдийг агаарын бохирдолд өртөхөөс сэргийлэх, өвдсөн тохиолдолд эрүүл мэндийн чанартай тусламж үзүүлэхэд онцгой анхаарал тавих шаардлагатай байна гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс онцлов.

Сүүлийн 10 жилд 10 мянган хүн амд ногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж 2.7 дахин өссөн. Өнөөдрийн байдлаар уушгины үрэвсэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан болоод байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй дүүргүүдэд оршин суудаг хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутгийн хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгааг судлаачид тогтоожээ.

Агаарын бохирдлыг бууруулах талаар Засгийн газраас тодорхой арга хэмжээг авахаар төлөвлөсөн ч хэрэгжүүлэх хүртэл хугацаа хэрэгтэй байна. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах хүртэл дараах арга хэмжээг нэн даруй авч ажиллахыг дээрх байгууллагуудаас зөвлөмж болгож байна. Тухайлбал:

-Улаанбаатарт шинээр төрсөн хүүхдүүдэд пневмококкийн вакцин хийх. Уушгины хатгалгаанаас сэргийлэх уг вакциныг товлолт вакцинд оруулах.

-Гадуур явахад агаарын бохирдлын хор нөлөөг бууруулах үүднээс өөрт таарсан сайн чанарын амны хаалт хэрэглэж занших зөвлөмжийг иргэдэд хүргэх.

-Агаарын бохирдол хамгийн өндөртэй хорооллуудын эмзэг бүлгийн иргэдэд амны хаалтыг үнэ төлбөргүй тараахыг зөвлөв.

Сэтгүүлч: Э.Оргил

X
Нэвтрэх