fbpx

Хүмүүжил

image

ХҮҮХДИЙН СОНИРХЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД:

  • Янз бүрийн өнгө, хэлбэр, дүрстэй зүйл үзүүлэх,
  • Уран дүрслэлтэйгээр өгүүлэл, шүлэг, ялангуяа үлгэр сонсгох,
  • Танин мэдэх гэсэн сонирхлын хүрээ, агуулгыг эцэг эх, том хүмүүсийн зүгээс анхаарч өргөтгөж байх,
  • Зураг, хөгжим сонирхуулах,
  • Орчны идэвхтэй нөлөөллийг байнга анхаарах.

СОНИРХОЛ ХЭРХЭН ҮҮСЧ ХӨГЖДӨГ БОЛ?

Та дараах схемийг анхаарна уу. Сонирхол хүүхдийн хүртэхүй анхаарлын төвлөрөлтэй нягт холбоотой. Иймээс ч үүнд эх эцгийн зүгээс байнгын анхаарал шаарддаг.

Эдгээр нь бага насны хүүхдэд орчин тойрноосоо юмс үзэгдлийг таньж мэдэхэд чухал нөхцөл болдог. Цаад утгаараа хүүхдийн оюун ухааны хөгжилтийн эх суурь болж өгдөг онцлогтой. Хүүхдийн сониуч зан сонирхол анхаарлын төвлөрөлтийг тун сайн ажиглаж бай. Юуг ихэд сониучирхан сонирхож тогтонги байна вэ? Түүнд анхаарлыг нь төвлөрүүлэх нөхцөлийг аль болох даруй хангах. Өдөр өдөрт хүүхэд өөр зүйлийг сонирхох авч, та нараас орчноосоо шалтгаалаад ч юмуу нэгэн (машинаар тоглох, зураг зурах, телевизийн үлгэр, хүүхэлдэйн кино үзэх зэрэг) зүйл дээр илүүтэй тогтонги болдог шүү дээ. Энэ нь чухам эцэг, эх болон ах, эгч та нараас голлон хамаарна шүү дээ.

Хүү (охин) чинь нэгэн зүйлийг илүүтэй сониучирхаад байгаа нь ажиглагдвал түүнийг дэмжиж сонирхлыг нь хөгжүүл. Тэр нь хүү (охин)-ийн чинь ирээдүйн мэргэжил болох ч юм билүү. Хүүхдэдээ юмыг сонирхох орчин, нөхцөлийг аль болохоор бий болохыг хичээж бай. Хүүхдийнхээ чухам ямар юмыг хэр зэрэг сонирхдог болохыг эмээ, өвөө болон ээж, аавын зүгээс ажиглан мэдэрч байх шаардлагатай.

Хүүхдийг албадалгүй сонирхлыг нь төрүүлж чадвал нялх балчир үеэс ямар ч юмыг сайн мэдүүлж сургах боломжтойг байнга анхаарч байгаарай. Хүүхдэд сонирхол төрөх нөхцөлийг бүрдүүлээгүй мөртлөө та бид хүүхдээ бага насны үеэс нь юманд албаддаг. Хэрэв ийм байдал үргэлжилбэл хүүхэд том болохын цагтаа таны тэр албадан мэдүүлэх гэж байсан зүйлд дурлахгүй болгоход хүрдэг.

Хүүхэд олон юмыг хүртдэг учраас анхаарлын тогтворжилт сул байдаг. Хүүхдийн сонирхол нэг зүйлээс нөгөө рүү хурдан шилждэг. Өөрөөр хэлбэл сонирхол нь амархан буурч өөрчлөгдөж байдаг. Бага насны онцлогоос хамаарч анхаарлын төвлөрөлт сул байдаг. Хүүхэд ганцаараа сонирхсон зүйл дээрээ анхаарлаа тогтоон тоглох дуртай.

Ер нь хүүхэд 3 хүртэлх насанд нь сонирхож байгаа зүйлийг нь сургахад хэцүү биш байдаг.

Үр хүүхдийн хувьд бол төрөөд бус, хэвлийдээ эхтэйгээ хүйгээрээ холбогдсон үеэс нийгэмтэйгээ харилцах эхлэл тавигддаг. Учир нь хүүхэд хэвлийд бойжих явцад эх нь нийгмийн харилцаанд байнга оролцсоор байдагтай холбоотой. Төрөөд хүүхэд нийгмийн харилцаанд орохоор хүн гэдэг утгаа олж эхэлнэ.

Та хүүхэдтэйгээ хэдий чинээ ярилцана вэ? Хүүхэдтэйгээ төдий чинээгээр хүүхдэдээ оюун ухаанаа хөгжүүлэх боломжийг олгосоор байдаг.

Тухайлбал:

  • Тогтмол, тодорхой хугацаанд хүүхэдтэйгээ тоглож бай. Ингэснээр хүүхдэдээ юм мэдүүлж оюун ухааныг нь хөгжүүлэхийн зэрэгцээ хүүхдийнхээ байдлыг мэдэх боломжтой.
  • Хүүхэдтэйгээ байнга (аль болох ихээр) ярилцахыг хичээ.
  • Хүүхдээ ганцааранг нь чимээгүй өрөөнд (удаанаар) бүү байлга.
  • Хүүхэд (Ач, жич)-тэйгээ том хүнтэй ярилцаж байгаа юм шиг ярилцахыг хичээ.Тэд таны яриаг сайн ойлгоно. Та ажигладаг биз дээ. Хүүхдүүд гарч буй кино, ер нь ярьж буй бүх зүйлийг ойлгодог. Тэр ч байтугай бүжгийн хөдөлгөөн хийх, гүйцэд тогтоогоогүй ч дуу аялан, шүлэг уншихыг оролдох, киноны үйл явдлаас ярих гэдэг шүү дээ.
  • Хүүхдээ шулганаж байна гээд тоохгүй битгий байгаарай. Хүүхэд шулганах нь түүний оюун ухаан идэвхтэй хөгжиж байгаагийн илрэл болдог.
  • Хүүхдээ хэлд гүйцэд ороогүй байна гэж бодоод хүүхдүүдтэйгээ хүүхэд шиг битгий ярилцаарай.

Эх сурвалж: Эцэг, эх - Хүүхэд - Харилцаа II

X
Нэвтрэх