fbpx

Хүүхдийн хооллолт

image

Хүний биеийн ихэнх хэсэг нь ус юм. 50кг жинтэй хүний 31л нь ус, 10кг жинтэй хүүхдийн 8л нь ус байх ба хүний биеийн 80 орчим хувь нь ус байдаг.

Ус өөрөө амьдрал. Бидэнд амьдрал өгч бидний бие махбодыг бүтээж бие махбодод бодисын солилцоог явуулж, электролитуудыг тэнцвэртэй байлгаж дотоод орчин, эрхтэнг эрүүл чийгтэй байлгаж, бүх биеэр гүйж, эрхтэн, эд эсийг хооллож байдаг цусыг бүтээж, биеэс хэрэггүйг ялгаж байдаг шингэний хэрэгцээг хүн усаар хангана. Хүн хоолгүйгээр бүр 45 хоног ч амьдарч чадна. Гэвч усгүйгээр хэдхэн хоног ч амьдарч чадахгүй. Хүн өдөр бүр бөөр, арьс, уушги, өтгөнөөрөө 6-10 аяга ус гадагшлуулдаг. Алдсан усыг нөхөхийн тулд хүүхдүүдэд 10-11 аяга шингэн шаардлагатай. Үүнийг хоол унд, жимс, ногоо болон усаар хангана. Усыг 6-8 аягаас доошгүй ууна. Дулааны улирал, хөлс их ялгарсан, шингэн алдах болон халуурах үед илүү их ус хэрэгтэй болдог.

Халуун орчин, биеийн тамир хийсэн үед илүү ус өг. Ам нь цангаагүй ч ус өг. Ам цангах нь биед бүр шингэн дутчихсан шүү гэдгийн дохио шүү. Өглөө босонгуут өлөн элгэн дээр нь хүүхдүүддээ бүлээн ус уулга. Хүүхдүүдэд усны сав байнга өгч явуулж ус уулгаж сурга. Аялалд явахдаа, машинд явахдаа, компьютер дээр ажиллахад нь, дасгал биеийн тамир хийхэд нь заавал ус авч, ус тавьж ус уулга. Усыг ямар хэмтэй өгөхөө гадна орчны хэм, хүүхдийн биеийн болон дассан байдалд нь тохируулна. Орчин хүйтэн, бөөр өвддөг бол мэдээж хүйтэн мөстэй ус тохирохгүй. Хүүхэд усаа бүлээн ууж сурсан бол бүлээн өг. Тасалгааны хэмтэй ус илүү тохиромжтой.

Хүмүүс цай, кофе, дэлгүүрийн жимсний биш жимсний чихэртэй шүүс, хийжүүлсэн чихэртэй шүүс, хийжүүлсэн ундаагаар шингэний хэрэгцээгээ хангаж байна гэж боддог. Гэвч эдгээр нь хангалттай хангаж чаддаггүй. Хоолоо тохируулаад биеийн тамир хийгээд ус уухгүй бол өөх хангалттай шатаж чаддаггүй. Хүүхэд эрүүл мэндээ хамгаалж чихэртэй жүүс биш, хийжүүлсэн ундаа биш зөвхөн ус уух хэрэгтэй. Тэр бүү хэл ус ууснаар хоолны дуршлыг дарж болно. Хооллох цаг нь болоогүй байхад өлсвөл ус уулгаж сурга.

Хуурай уур амьсгалтай Монголд хүүхдийн арьсыг хуурайшуулахгүй зөөлөн, дотоод эрхтэнийг нь чийгтэй байлгая гэвэл, өтгөнийг нь хатаахгүй, уруулыг нь омголтуулахгүй, нүдийг нь хуурайшуулахгүй байя гэвэл, эрч хүчтэй байлгая гэвэл, бөөрний чулуутай болохоос, шулуун гэдэс, бөөрний хорт хавдраар өвчлуулэхгүй гэж бодвол усны илүү их хэрэгцээ шаардаж усаар гачигдаж байдаг тархийг нь усаар хангахын тулд илүү их ус өг.

Хүүхдүүддээ нэг аяга сүү уугаад, шинэ жимсний өөрсдөө бэлдсэн жүүс биш бол аливаа өнгөтэй жүүс, хийжүүлсэн ундаа бүү уулга, бүү авч өг. Эд бүгд шингэнийг нөхөхөөсөө илүү чихэр ихтэй, илчлэгтэй тул жин нэмэхээс цаашгүй. Хүүхдүүдийн жин нэмэгдэж байгаа нэг шалтгаан нь хийжүүлсэн ундаа, дэлгүүрийн жимсний биш жимсний чихэртэй шүүс, өнгөтэй шүүсийг байнга уудгаас болж байгааг эрдэмтэд анхааруулж байна. Гэртээ жүүс биш ус тогтмол байлга. Илчлэггүйгээр нь ус уулгаж сургаж бие махбодынх нь шингэний хэрэгцээг хангаж өг.

Эх сурвалж: 2-10 насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх