Таны хүү, охин саяхан л "улаан нялзрай", эмзэгхэн бяцхан үр байсан бол одоо "том" болжээ. Тэд удахгүй сургуулийн сурагч болно. Хүү, охин тань бие бялдрын төдийгүй оюун ухаан, харилцааны хувьд сургуульд бэлэн болсон шүү.
Таны 6 насанд дөхөж яваа хүү, охин:
- гарын жижиг булчин болон бие бялдрын хувьд нарийн үйлдлийг хийх чадвартай,
- таны туслалцаагүй бие даан аливаа үйлдлийг хийх чадвартай,
- олон найзтай, эсвэл бусадтай ойлголцох, харилцах чадвартай,
- бусдыг ойлгодог, бусдад өөрийгөө ойлгуулах арга барил, ур дүйтэй,
- танихгүй, шинэ орчинд дасан зохицох туршлагатай болсон байна.
Гэхдээ бүх хүүхэд нэг ижил насандаа буюу 6 настайдаа сургуульд элсэн суралцдаг гэлээ ч сургуульд бэлтгэгдсэн байдал нь янз бүр байж болно.
Мөн зан төлөвийн хувьд ч өөр өөр байж болох ба энэ нь тэдний сурах үйл явцад нөлөөлнө.
Энэ насны нэг хэсэг хүүхэд "багтаж ядсан" эрч хүчээр дүүрэн, үргэлжийн хөдөлгөөнд байх нь элбэг. Нөгөө хэсэг нь тайван хөдлөх дургүй байдаг. Ялангуяа орчин үеийн хүүхдүүд байнгын хөдөлгөөнөөс илүү нэг газараа тогтвортой сууж компьютер болон техник технологийн дэвшилд тулгуурласан хэрэглэгдэхүүн, тоглоомоор наадан суух хүсэлтэй болж байна. Энэ байдал хэтэрвэл бага насны хүүхдийн хөгжилд ялангуяа оюун ухаан, танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлөх болно. Хэт их компьютер тоглоомоор наадах нь хүүхдийн хийсвэр болон бүтээлч сэтгэлгээг "бусниулах" муу талтай болохыг судлаачид анхааруулан сануулж байна.
Мэргэжилтнүүд 6 хүртэл насны хүүхэд хоногтоо хамгийн ихдээ 30 минутаас 1 цаг зурагт үзэх эсвэл компьютер тоглоомоор тоглож болно гэж заасан байдаг.
Хүүхдийн компьютер, зурагттай "харилцах" хоногийн хязгаар нь 1 цагаас хэтэрвэл тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүй болон сэтгэлийн хөдөлгөөний хөгжилд аядуу удаанаар ч болов харанга дэлдэх аюулын угтал болно.
5-6 настай хүүхэд заавар журмыг ойлгож биелүүлэх, цагийн хуваарийн дагуу үйл "ажлаа" төлөвлөх чадвар, дадалтай болсон байна.
Энэ насанд хөдөлгөөний хурд, эрчимээс улбаатай анхаарал нь амархан сарниж байгаа мэтээр гаднаасаа харагдах боловч нэгж хугацаанд гүйцэтгэх оюуны үйл нь олон давтамжтай байдаг. Иймээс хүүхдээ сургуульд бэлтгэнэ, "сууж сургана" гэхээс илүүтэй миний хүү, охин юуг, хэзээ, хэрхэн таньж, сурч байна вэ гэдгийг сайтар ажиглаж, ойлгож мэдэх нь чухал. Та хүү, охиноо сургуульд ороход нь багшид нь миний хүүхэд шинэ зүйлд "ингэж суралцдаг" гэж хэлэх хэмжээнд хүртэл хүүхдээ таньж, ойлгосон байх хэрэгтэй.
Бас нэг зүйл бол хүү, охин тань оюун ухааны хөгжлийн хувьд сургуульд бэлтгэхдэхээс гадна зан төлөвийн хувьд сургуульд бэлэн байх нь нэн чухал. Энэ нь:
- Бусдыг сонсох
- Бусдыг хүндлэх
- Бусдад туслах
- Бусдыг ойлгон харилцах гэсэн зан байдлын шинж чанар таны 6 настай хүү, охинд заавал байх ёстой.
Иймээс ээж, аав та бүхэн өөрсдийнхөө зан төлөв, зан чанарт анхааралтай, бодолтой байгаарай. Хүү, охин тань таны, танай гэр бүлийн толь, та бүхний үргэлжлэл шүү дээ.
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш