fbpx

Ээж, аавуудад

image

Бага насны хүүхэдтэй эцэг эх хүүхдийнхээ төлөө санаа зовох явдал бишгүйдээ олон тохиолддог. Заримдаа тэвчээр нь алдагдаж уурлаж бухимдах ч бий.

Хүүхэд маань ямар нэгэн хэргийг болохгүйг нь мэдсээр байж хийчихлээ гэж бодохоор улам их уур хүрдэг. Хэрэв хүүхэд өөрийн үйлдлийг хянах чадвартай, зүгээр л уур цухлыг маань хүргэх гэж албаар ингэдэг гэж бодвол байдал улам ч дордоно.

Гэтэл үнэн хэрэгтээ бага насны хүүхэд, бидний сэтгэл санаа, мэдрэмжийг ойлгодоггүй. Тэд яавал аав, ээж уурлах вэ, яавал тайван байх вэ гэдгийг мэддэггүй. Тэд бүхнийг сурч мэдэх л хүсэлтэй байдаг. Гэхдээ бидний уур хилэн хүүхдийг айлгадаг. Энэ нь тэдний хүсэн хүлээж байсан зүйл биш юм.

Хүүхэд 1-2 настай байх үед эцэг эхчүүд маш их тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй. Учир нь энэ үедээ тэд хэн нэгэн хүн дургүйг нь хүргэвэл уураа хэрхэн гаргах вэ гэдгээ бидний жишээн дээрээс суралцдаг. Иймээс эцэг эхчүүдийн хувьд уур хилэнгээ хянаж, хүүхдийнхээ гаргасан алдаанд тайван хандах шаардлага гардаг. Ингэхийн тулд гүнзгий амьсгаа авах, гадаа салхинд гарах, уураа гартал өөр өрөөнд орох зэрэг аргыг өөртөө хэрэглэж болно.

Хүүхэд аажим аажмаар суралцдаг. Бид түүнд чухамдаа яг юуг сургах гээд байгааг бүрэн гүйцэд ойлготол хүүхдэд их хугацаа шаардагддаг. Гэхдээ түүний юу ойлгож авах нь хамгийн чухал бөгөөд энэ нь бидний холын зорилго биелэх үндэс юм.

Эцэг, эхчүүдэд уур уцаараа дарахад тус болох арга зөвлөе:

  1. Хүүхэд тань хэрэг хийсэн тохиолдолд ямар нэгэн үг хэлэх, эсвэл үйлдэл хийхээсээ өмнө 10 хүртэл дотроо тоолох. Ингээд ч нэмэргүй уур тань шатсаар байвал холдож, өөртөө тайвшрах хугацаа өгөөрэй.
  2. Мөрөө султган унжуулж гүнзгий амьсгаа аваад "тайван байх хэрэгтэй", бүх зүйл сайхан болно" гэх мэтийн тайвшруулах үгийг хэд хэдэн удаа өөртөө давтан хэл.
  3. Гараа ар нуруундаа бариад өөрөө өөртөө "Жаахан хүлээ" гэж хэлнэ. Тэгээд өөрийгөө бүрэн тайвширтал нэг ч үг бүү дуугараарай.
  4. Гадаа гарч болсон үйл явдлын тухай сайтар эргэцүүлэн бод. Хүүхэд тань яагаад ингэсэн тухай бод. Үйл явдлыг түүний нүдээр олж харахыг хичээ. Тэгээд түүний үзэл бодлыг хүндэтгэх, өөрийгөө яагаад уурлаж байгааг ч тайлбарлан ойлгуулах аргыг олоорой.
  5. Өөр өрөө, эсвэл ямар нэгэн чимээгүй газар очиж, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаар эргэцүүлээрэй. Таны холын зорилгод нийцсэн, хүүхэд халуун дулаан харилцааг тань мэдрүүлсэн, хийсэн зүйлийг нь ойлгуулж ухааруулсан, түүний нас хөгжилд тохирсон хариу үйлдлийг бодож олоод ороорой.
  6. Тохиолдож буй үйл явдал бүр хүүхдийн хувьд бусадтай хэл амаа ололцож, хэлэлцэх замаар асуудлыг шийдвэрлэж сурах боломж гэдгийг санаж яваарай.

Уур уцаар бол хүүхэд, эцэг эхийн хооронд үзэл бодлын зөрчил, үл ойлголцол байгаагийн илрэл юм. Энэ нь танд хүүхэдтэйгээ харилцах аргаа өөрчлөх хэрэгтэй байгааг илтгэж буй дохио юм.

Уурандаа автсанаас болж хүүхдэдээ муу үг хэлж, түүнийг доромжилж, түүнд гар хүрч, түүн рүү хашхичин зандчиж болохгүй. Хүүхэдтэйгээ "барьцаж", "тэмцэх" гээд хэрэггүй шүү. Мөн түүнд хорсож үл болно.

Бидний сурч мэдэж авах ёстой хамгийн чухал зүйлс хамгийн хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарах үед маань л тохиодог гэдгийг санаж явах хэрэгтэй. Хүүхдээ ямар хүн болгохыг хүсч байгаа шигээ өөрөө байж, хүүхдэдээ үлгэр дуурайлал үзүүлж болох боломж бүрийг бүү алдаарай.

Эх сурвалж: "Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга", Жоан Е.Дюррант, Ph.D.,

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх