Олон сувагтай кабелийн телевизээр гардаг, Монголоос бусад орны хүүхэлдэйн киног болж өгвөл битгий үзүүлээрэй хэмээн Хүүхдийг ивээх сангаас зөвлөж байна. Та ингэж чадах уу?
Хүүхэлдэйн киноны гол баатар нь санаанд ормооргүй (гэхдээ л хэн нэгний санаанд орсон) хийсвэр, муухай дүртэй байх бөгөөд зэрлэг балмад ааш гаргаж, бусдыг эрэмдэглэж, зовоож, тарчлааж байдаг. Үүнийг хошин шогийн хэлбэрээр үзүүлсэн ч цаад агуулга нь нуугдана гэж байдаггүй.
Дүрүүд муу зүйл хийсэн нь шийтгэгдэлгүй үлддэг. Бүр ч амьдрал үйлс нь бүтэж эхлэх, алдар нэр зүүн нэрд гарч баялаг хүртдэг ба хүн, байгаль орчинд ямар ч хүндэтгэлгүй хандаж байгаа үйлдэл нэн олон. Та сайн хараарай. Иймэрхүү төрлийн үзүүлбэр хөгшин, дорой, сул, хүчгүй, ядуу, бие махбодын доройтолтой нэгэндээ анхаарал хандлага сулруулах, тоохгүй орхиж болох юм гэсэн сөрөг бодол, үзлийг бий болгодог нь тодорхой шүү дээ.
Гол дүр маш муухай царайтай байх нь хүүхдийг “юм бүхэн өв тэгш сайхан байх ёстой” гэсэн бодлоос хагацааж, ойлгомжгүй байдал үүсгэх хандлагыг бий болгодог байна.
Хүүхэлдэйн киноны ерөнхий ойлголт нь “үргэлж мөнхийн баяр цэнгээн” наадам наргиаг харуулсан, хүнд хөдөлмөр, биеэ дайчлах зүйлээс холуур байж, залхуурч, биеэ нөөж хэвтсэн ч үл бүтэх байдлаар, хөнгөн аргаар, зорилгогүйгээр сайхан байж болж байгаа дүр төрхийг харуулдаг.
Хамгийн аймаар нь юу гэвэл, гэр бүлийн ёс бус, буруу байдлыг тодотгон харуулсан, тэр нь байж болох л зүйл мэтээр хэт товойлгон харуулах нь элбэг. Гол дүрийн баатар эцэг эхээ доромжилж, үл тоож, хэрэлдэж, тэрсэлдэж, харааж, будлиантуулж байгаа “хөгжилтэй” дүрээр хийгдсэн байдаг.
Гэр бүлгүй, ганцаар амьдрах нь сайхан, амиа бодож байгаа нь зөв бөгөөд эхийн хайр, хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх, хүүхэд төрүүлэх зэрэг асуудлыг дур гутаамаар гэх ойлголт өгсөн түүхэн хэллэг, үйлдлүүд гардаг.
Орчин үеийн хүүхэлдэйн киноны үйл явдал нь үзсэний дараа дүрслэн өгүүлэх ямар ч боломжгүй сэрэл мэдрэмжийн цуглуулга, үйл явдлын зохиолгүй бөөгнөрөл байдаг байна.
Хүүхдийн тархийг иймэрхүү худал хуурмаг, логикгүй, эвдэрсэн, далд санаа агуулсан, айлгасан, хэт сэтгэлийн хөөрөлд оруулах олон утга санаатай, хэм хэмжээнээс хэтэрсэн мэдээллүүд гэмтээдэг.
Швейцарийн эрдэмтэн Гьобель, Гльокгер нар сургуулийн өмнөх насанд үргэлж электрон байдлаар мэдээлэл авдаг хүүхдүүдэд дараах шинж тэмдэг илэрдгийг тогтоожээ.
Үүнд:
- Тэд маш хурдан, бэлэн харьцуулалт хийдэг,
- Маш өнгөц асуулт тавьж, хариултын талаар анхаардаггүй,
- Том хүний асуултад маш өнгөц, товч, давтсан хариулт хэлдэг,
- Ямар нэг зүйлд анхаарал тавьж хандах нь маш сул,
- Сэтгэл, мэдрэмжээ илэрхийлэхдээ маш хойрго, бүдүүн бараг байдаг ажээ.
“Миша, Маша хоёр”-ыг үзсэн хүүхэд маш сахилгагүй болдог хэмээн сонсож байсан уу? Украйнд энэ хүүхэлдэйн киног үзүүлэхийг хориглон хааж байсан нь учиртай. Өсвөр үеийнхнийхээ оюун санааг зарим улс орон ингэж хамгаалдаг байх нь. Манайд харин ийм хамгаалалт одоогоор алга. Тэгэхээр бид өөрсдийн чадах арга хэмжээ буюу гэртээ тэр хоригийг тавьж, хүүхдийнхээ хөгжиж буй оюун санааг элдэв муу зүйл, хүчирхийллээс хамгаалах нь зөв.
Зөвлөх: Хүүхдийг ивээх сан /Аав, ээжийн ном/