fbpx

Зонхилон тохиолдох өвчин

image

Энэ өвчин хоёр сартайгаас хоёр ой хүртэлх насны хүүхдийг өвчлүүлдэг. Эрчимтэй өсөж буй нялх залуу бие махбодын өвчин юм. Хүүхдийн биед Д амин дэм дутагдсанаас үүсдэг. Эрүүл төрсөн хүүхдэд нарны гэрэл, агаар дутагдвал хоёр сартайгаасаа эхлэн рахитын шинж илэрч эхэлнэ. Учир нь эхийн хэвлийд байхдаа нөөцөлж авсан Д амин дэм энэ үед дуусаж, нарны гэрлээс нөхөх хэрэгтэй болдог. Рахит дангаараа хүүхдийн амь насанд аюулгүй боловч ер нь аюултай өвчин юм.

ЯАГААД ГЭВЭЛ

Рахитын улмаас хүүхдийн цээжний хэнхэрцгийн хэлбэр багтаамж өөрчлөгдөн хавирга хоорондын болон хэвлийн булчин суларснаас гэдэс дүүрч, өрцийг дээш шахан, амьсгалын хөдөлгөөн хязгаарлагддаг. Иймд рахиттай хүүхэд, ялангуяа амьсгалын замын цочмог халдвар ба уушигны хатгалгаагаар өвчлөмтгий, өвчилсөн тохиолдолд өвчний явц хүнд байдаг. Хүндэрсэн үед эндэгдэлд ч хүргэдэг.

Рахитаар хүнд өвчилбөл ясанд засаршгүй өөрчлөлт гарч насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох нь ч бий.

ӨВЧНИЙ ГОЛ ШАЛТГААН

Олон жилийн ажиглалтаас үзэхэд хүүхдийн хамгийн эрчимтэй өсөлтийн үе болох нярай, нялх, бага насанд нь өдөр бүр тохиромжтой цаг хугацаанд нар, агаарт тогтмол гаргахгүй буюу гэр оронд нь нарны гэрэл байнга тусдаггүй, цэвэр агаар орох боломж муутай айлын хүүхэд рахитаар өвчилж байна. Рахитын өвчлөл жил бүр 11-12 дугаар сараас ихэсч 1-4 дүгээр сард хамгийн их хэмжээнд хүрч буцан буурдаг байна.

Эцэг эхчүүд иймд өвчлөл их саруудад сэргийлэх ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй.

ШИНЖ ТЭМДЭГ

Нярай, нялх хүүхэдтэй хүмүүс рахитын шинж тэмдгийг ажиглаж байх нь өвчнийг эрт илрүүлэн төгс эмчлэхэд нэн чухал.

Анхны шинжүүд:

  • Хүүхэд цочимтгой, уйламхай, нойрондоо муу болох,
  • Хөхөх, хооллох үедээ хүүхэд их хөлрөн, заримдаа бүр хөлсний дусал бурзайж харагдана.
  • Толгой, дагз орчмоор илүү хөлрөх ба тэр хавийн арьс загатнан шөргөөсөөр үс нь халцардаг.
  • Хөлс нь зунгааралдсан, цуу шиг эхүүн үнэртэй, мөн шээс нь хурц үнэртэй байна.

Та эдгээр шинж тэмдгүүд илэрвэл хугацаа алдалгүй эмчид хандаарай. Энэ л үед эмчлэхгүй бол 2-3 долоо хоногийн дараа яс зөөлөрч эхэлдэг. Рахитын хурц үед яс зөөлрөх шинж давамгайлах ба үүнээс болж хүүхдийн толгой, цээжний хэлбэр өөрчлөгдөн, хүүхэд хожим үеийнхнээсээ элдэв нэр хоч авдаг.

Булчингийн хүчдэл болон үений холбоос суларснаас хүүхэд толгойгоо даах, суух, мөлхөх, хөлд орох хугацаа оройтож, шүдлэхгүй, эсвэл шүд буруу ургахад хүрнэ.

Рахиттай хүүхэд цус багадалттай, хоолны шингэц муутай байдаг.

РАХИТ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭ

Хөнгөн, дунд хэлбэрийн үед гэрээр эмчилгээ хийдэг учраас эмчилгээний үр дүн ямар байх нь эцэг эхээс хамаарна. Юуны өмнө хүүхдийг насанд нь тохирсон хоолоор зөв хооллох, цэвэр агаарт тогтмол гаргах, ус, агаар, нараар чийрэгжүүлэх, хүүхдийг зөв асарч сувилах нь маш чухал юм. Тусгай эмчилгээний хувьд эмчийн зөвлөмжийг алдалгүй мөрдөж Д амин дэмийг заасан тунгаар, хугацаанд нь уулгах хэрэгтэй. Д амин дэм нь усанд найруулсан, тосонд найруулсан байхаас гадна үрлэн болон шахмал хэлбэртэй ч байдаг.

Доорх шинж тэмдгүүд илэрвэл Д амин дэмийг өгөхөө даруй зогсоох шаардлагатай. Үүнд:

  • Хүүхэд хоолондоо муудах,
  • Эхлээд хааяа, сүүлдээ хоол бүрийн дараа бөөлжих,
  • Жин буурч, өсөлт зогсох,
  • Өтгөн хатах,
  • Шээхдээ уйлж, шээс нь булингартай болох,
  • Арьс нь цайвар, шарлангуй болох,
  • Хүүхэд тайван бус, хэт цочимтгой болох,
  • Хөлрөх нь ихсэх зэрэг юм.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Сэргийлэхдээ:

  • Жирэмсэн үед буюу ургийн үед
  • Төрсний дараах гэсэн хоёр шаттай арга хэмжээ авдаг.

Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх тул жирэмсэн эмэгтэй өөрөө эрүүл байж, хэвлий дэх үрийнхээ хэрэгцээт бүхнийг хангахын тулд төрөл бүрийн шимт бодисоор баялаг хоол хүнс хэрэглэн нь зүйтэй. Тэрчлэн жирэмсэн эмэгтэй сэтгэл санаа амар тайван, ажил амралтаа зав зохицуулах, архи тамхи зэрэг хорт зуршлаас зайлсхийж, цэвэр агаарт тогтмол гарах нь нэн чухал юм.

Төрсний дараа хүүхдийг зөв асран сувилж, хооллож, чийрэгжүүлэх нь рахитаас сэргийлэх энгийн бөгөөд чухал аргууд юм шүү. Үүнээс цэвэр агаар, хоол хоёр нэн чухал байдаг. Гурилан хоол голлож өгвөл кальци шимэгдэхгүйгээс рахитаар өвчлөх нь амархан болдгийг анхаараарай.

Рахитаас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийн 500 мянган нэгж капсулыг хүүхдийг хоёр сартайгаас хоёр нас хүртэл нь 6-9 дүгээр сараас бусад саруудад сард нэг удаа уулгахыг зөвлөж байна. Иймээс рахитаас урьдчилан сэргийлэх, эмчлэх эм нь Д амин дэм юм.

Эх сурвалж: НЛМ - Нидерландын тусламжийн байгууллагын гарын авлага

X
Нэвтрэх